Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Юуны чинь Азийн зуун бэ

Дэлхийн улс төр, эдийн засгийн хүчний харьцаа Өрнөдөөс Дорнод руу эргэлт буцалтгүй шилжиж буйн улмаас энэ зууныг “Азийнх” байх болно гэж өнөөдөр үзэж байна. Экспортоор дэлхийд тэргүүлэх орны хувьд Германыг Хятад орлох болж, Өмнөд Солонгосын Korean Electric компани Арабын Эмиратад атомын гурван реактор барих тендерт Францын Electricite de France-ийг яллаа. Хятадын экспортыг хангахад хэдий хэмжээний импорт хэрэгтэй байгааг Хятадын худалдааны статистикаас харахад түвэгтэй, Өмнөд Солонгосын барьж өгөх цөмийн реакторт Америкийн Westinghouse корпорацийн технологийг хэрэглэнэ. Гэхдээ л Азийн амжилтыг дутуу үнэлж болохгүй. Азийн орнуудын Засгийн газар сүүлчийн санхүүгийн хямралыг чөлөөт зах зээлийн механизмуудыг хүчирхэг болгох боломж болгон ухаалгаар ашиглаж чадсан юм. Америк болоод Еюропын холбоо ингэж чадаагүй. Тэгэхдээ Азийн зуун хэмээн тунхаглах нь арай л эртдэх бизээ. Өмнөд Солонгос, Япон, Вьетнамын эрэг хавийн бүс нутгууд хийгээд Хятадын зүүн эрэгт соёлын зарим нийтлэг байдал байх бөгөөд эдийн засгийн төстэй стратег хэрэгжиж байж болох юм.
Гэлээ ч төв болон зүүн Хятадын ихэнх хэсэгт нь хүмүүсийн амьдрал ядуу зүдүү байгаа. Соёлын болоод эдийн засгийн хувьд Индонез нь өөр ертөнцөд хамаарна. Энэтхэг ч ялгаагүй огт өөр Ази юм. Улс төрийн хувьд ч Ази тив нэгдмэл бус, нэлээд оронд ардчилсан дэглэмтэй байхад бусдад нь дарангуйлагч тогтолцоотой. Түүнээс гадна Азийн гэх эдийн засгийн ямар ч тогтолцоо байхгүй. Хятад дахь төрийн капитализм Япон, Өмнөд Солонгост байгаа хувийн өмчит тогтолцооноос өөр. Энэтхэг урьдын хэвээр үндсэндээ хөдөө аж ахуйн орон. Энд жижиг бизнесийн үйлдвэрлэлтэй, үйлчилгээний салбар нь харин эрчимтэй хөгжиж буй. Азид бас шийдвэр гаргах нэгдсэн төв байхгүй. НАТО юм уу Европын холбоо шиг уялдуулан зохицуулах байгууллага үгүй. Ийм байгууллага байх нь чухал. Өрнөд харьцангуй эвтэй байдаг нь чухамдаа үүний ач. Тэгвэл Ази тив одоо гараад байгаа хийгээд Өмнөд Хятадын тэнгис орчмын бүс нутагт үүсэж болзошгүй зөрчил тэмцэлд оволзож байна.
Тийм болохоор НАТО-гийн болон Америкийн зэвсэгт хүчин Азийг орхивол энд дайн дэгдэх аюул нэмэгдэнэ. Энэ нь худалдаанд хүчтэй нөлөөлж, Азийн эдийн засгийн өсөлт үүнийг тэсвэрлэж даахгүй. Аюулгүй байдал нь Азийн бус хүчнээс хамаарч байгаа тохиолдолд энэ зуун Азийнх байна гэдэгт итгэхэд бэрх. Хятадын эдийн засаг одоо хэр нь багахан хэмжээний нэмүү өртөг, гойд хямд ажиллах хүчин дээрээ л тогтож байна. Япон, Өмнөд Солонгост шинэ, оюунлаг бүтээлүүд их гарч буй ч тэдгээр нь Өрнөдөд бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулж, боловсронгуй болгосон төдийгөөс хэтрэхгүй байх нь элбэг. Азийн хоцрогдол, боловсрол нимгэнтэй нь холбоотой байж мэднэ. Боломж л олдвол Азийн залуус Умард Америк хийгээд Европын сургуулиудад суралцаж байна. Төгсөөд тэндээ үлдэнэ. Америкт суралцсан хятад хүмүүсийн 80 хувь нь буцаж ирэхгүй байгаа. Азийн хөгжил дэвшил Өрнөдийн үнэт зүйлсийг авч ашигласантай нь олон талаар холбоотой. Хөрөнгөтний нийгэм, ардчилал, эдийн засгийн хувийн хэвшил, хүйсийн тэгш байдал, иргэний төрийн тогтолцоо зэрэг нь Азийн орнуудад Өрнөдөөс нэвтэрсэн зүйл.
Азийнхан “Өрнөдчилөх” бодлого, үйл явцад тун таагүй хандана. Зарим нь Азийн үнэт зүйл гээчийг, тухайлбал “Нийцэн зохицох зарчим”-ыг хөгжүүлэн дэлгэрүүлэх гэж оролддог. Ийм үзэл нь сонгодог буддизм, Күнзийн номлолын гол баримтлал байдаг. Түүнийг коммунистууд хийгээд дарангуйлагчид ардчиллыг багалзуурдахад хэрэглэх ёсгүй. Үүнээс арай өөр хүмүүс, арай өөр чиглэлд хэрэглэх ёстой гэж үзэх нь бий. Түүнчлэн Дорно дахины сэтгэгчдээс XX зуунд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн нэг болох Махатма Гандигийн үзэл баримтлалыг дэмжих, хэрэгжүүлэх гэж Энэтхэгийн зарим нэг юм хийж буй. Азийн зуун эхэлж байна хэмээн урьдчилан таамаглахдаа тийм ч амгалан тайван бус, бас хөгжлийн эрч нь саарч яваа Тайланд, Япон шиг улсуудыг анзаарахгүй орхижээ.
Ийм таамаглалыг дэвшүүлэхдээ соёлстратегийн өргөн хүрээтэй уг үндэсгүй эндхийн эдийн засгийн зарим нэг ахиц дэвшил дээр тулгуурлаж болохгүй юм. Азийн энэ найдвартай бус байдал нь Өрнөдийн ноёрхлыг баталгаатай болгож буй гэж бодож үл болно. Өөрийн их сургуулиуд, соёлын үнэт зүйлс, хүчирхэг зэвсэгт хүчинтэй өрнөд өнөөдөр дэлхийд тэргүүлж буй нь эргэлзээгүй ч ийм байдал үүрдийнх биш байж болно. Өрнөд, Дорнодын харьцангуй хүч чадлыг жишиж үзэхдээ бид хуучирсан нэр томъёог хэрэглэж буй нь бас үнэн. Бидний шалгуур өнгөрсөн үед хамаарч байна. Эцэст нь хэлэхэд “үндэсний биеэ даасан эдийн засаг” гэж өнөөдөр хаана ч байхгүй. Үндсэндээ бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ даяаршиж байна.
Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ чанартай, нарийн чанд болох тусам тэдгээрийн үндэсний гэх шинж чанар нь үгүй болж байна. Азид эдийн засгийн өсөлт анзаарагдлаа гээд Өрнөд ядуурахгүй. Тийм болохоор Өрнөд, Дорнод гэлтгүй бид хөгжвөл хамтдаа хөгжинө, эсвэл ер урагш ахихгүй. Алан хядах ажиллагаа юм уу цөмийн зэвсэгтэй орон гэх мэт өргөн цар хүрээтэй аюул заналтай холбоотой зөрчил тэмцэл Өрнөд, Дорнодын хооронд алга байна. Аливаа соёл олонд танил болж буй нь ижилсэж буйн нэг тодорхой баримт юм. Өмнөд Солонгосын рок дуу хөгжмийн төлөөлөгчдийг Хятадад сайн мэдэж байна. Тэгэхлээр Өмнөд Солонгосын болон Америкийн соёлын төлөөлөгчид чинь дэлхий нийтийнх болж байна гэсэн үг. Тийм болохоор эхэлж буй зуун маань Азийн биш Дэлхийнх юм.

Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.