Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Су.Батболд: Олигархуудыг лообийддогоо болих хэрэгтэй

 УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон тэдгээрийг дагалдаж гарсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов. Үүний дараа Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийж, холбогдох Байнгын хорооны саналын дагуу баталлаа. Гишүүдийн хамгийн их асуулт тавьж, шүүмжлэлтэй хандсан асуудал бол Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх байв. Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулах технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориу лалтын барилгын материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхтэй холбогдолтой уг төслийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан. Үүний дараа гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.

Х.Болорчулуун: -Яагаад заавал гаалийн татвараас чөлөөлөх гээд байгаа юм бэ. Хэрэв чөлөөлбөл гаднын хөрөнгө оруулагчид анхны хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмж, татвараас зайлсхийхэд хүрнэ.

Су.Батболд: -Төсвийн жилийн дундуур ингэж баахан хөнгөлөлт ярьж, хэн дуртай нь татвараас чөлөөлнө гэдэг боллоо. Эсвэл Монгол Улс төсвийн хөрөнгөгүй, татваргүй, зөвхөн бондын мөнгөөр амьдраад байх юм уу? Шатдаг занар, газрын тосны нэг ч үйлдвэр барьж эхлээгүй, тоног төхөөрөмж оруулж ирээгүй байна. “Жени Ойл Шейл Монголиа” компани малчдын бэлчээрийн талбайг ямар ч зөвшөөрөлгүй өрөмдчихөөд, татвараас чөлөөлөгдөх гээд байдаг. НӨАТ, гаалийн жаахан татвараа төлж чадахгүй юм бол том үйлдвэр байгуулна гэж юу байсан юм бэ. Олигархуудыг дандаа дэмжиж, лообийдохоо болих хэрэгтэй.

С.Бямбацогт: -Засгийн газар ямар эрхтэй болоод Төсвийн тухай хуулийн заалтыг зөрчиж, ийм төсөл оруулж ирж байгаа юм бэ. Гурван компанийн эрх ашгийн төлөө Засгийн газрын ийнхүү оруулж ирж буй хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Гэтэл Монголын 37 мянган аж ахуйн нэгжийн эрх ашгийн төлөө санаачилсан НӨАТ-ын тухай хуулийг өргөн бариад гурван сар болох гэж байна. Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэмээр байна. УИХ, Засгийн газраар нь алагчилмааргүй байна.

Н.Номтойбаяр: -Монголд занар, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах гэж буй хөрөнгө оруулагчдыг дэмжих нь зүйн хэрэг. Гэхдээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлээд, ашигласан технологи нь байгаль орчинд хоргүй гэдэг нь батлагдаж, бүтээгдэхүүн нь бидэнд ус, агаар мэт хэрэгтэй гэдэг нь мэдэгдсэний дараа тухайн компанийн төлсөн татварыг урамшуулал хэлбэрээр эргүүлэн олгодог болох нь хамгийн эрүүл зөв дэмжлэг гэж бодож байна. Шууд татвараас хөнгөлөх нь цаад утгаараа мөнгө угаах хэрэгсэл болж мэднэ. Эсвэл төр сайн технологийг нь худалдан аваад, үйлдвэрлэлээ явуулах нь дээр гэв.

Ийнхүү хэлэлцсэний эцэст газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар Импортоор оруулж байгаа бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн. Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг мөн гишүүд дэмжив.


 Р.ЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.