Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын түүхэнд байгаагүй цул алт олсон хүмүүс олзоо хувь хүнд заржээ

Монголын уул уурхайн түүхэнд илэрч байгаагүй цул алтыг энэ сарын дундуур Төв аймгийн Заамар сумын нутгаас санамсаргүй олсон тухай үнэн худал нь мэдэгдэхгүй яриа өнгөрсөн долоо хоногт зарим цахим хуудсаар тарсан. Энэ мэдээнд хүмүүс тэр бүр итгээгүй бололтой, тэгэсхийгээд чимээгүй болсон юмдаг. Дээрх мэдээллийг бид албаны эх сурвалжаас тодруулахад үнэн гэдгийг батлав. Энэ хавар цэргээс халагдсан залуу аав болон нутгийнхаа гурван хүний хамт хөдөө явжээ. Нутгаасаа хоёр мотоцикльтой гарсан тэднийг Заамар сумын нутгаар явж байтал дугуй нь хагарч, нөхөхөөр хээр зогссон аж. Түүнтэй ганзага нийлсэн хүмүүсийн нэг нь металл хайгчтай байв.

“Урьд нь газар ухаж, алт хайж байгаагүй” гэж ярьсан тэрбээр багажийг нь сонирхон ажиллуулж үзсэн гэнэ. Сууж байсан газраа металл хайгчаар шалгахад ихэд чанга дуугарчээ. Гэтэл аав нь “Наана чинь их чанга дуугарлаа, ямар нэг том юм байна даа” гээд ухаад үзтэл цул алт олсон байна. Алтыг жигнэхэд 5.6 кг болжээ. Энэ мэдээ тэр дороо Заамар даяар тарж, сонирхсон, алт олсон газрыг онгичих гэсэн нинжа, цул алтыг нь худалдаж авах гэсэн ченжүүд цуглаж, цагдаагийнхан тэднийг хамгаалалтад авахад хүрсэн байна. Ямар нэг эрсдэл гарахаас айсан уу, бусдын шахалтад орсон уу, ямар ч гэсэн Монголын алт олборлолтын түүхэнд олдож байгаагүй цул алтаа заржээ. Алтыг нь авсан хүн тэднээс энэ тухай хэнд ч ярихгүй байх ам өчиг авсан байна.

Аз нь гийсэн тэд алтаа тухайн үеийн ханшаар буюу нэг кг-ийг нь 70 гаруй сая төгрөгөөр борлуулж, мөнгөө тавуулаа хувааж авчээ. Дээрх алт олсон газар нь “Алтан дорнод Монгол” компанийн ашиглаад орхисон талбай байсан гэх мэдээлэл байна. Манай уул уурхайн түүхэнд 1-1.5 кг цул алт олдож байсан ч ийм том хэмжээтэй үнэт металл илэрч байгаагүй гэнэ. Энэ олдвор нь дэлхийд ч дээгүүр орох эд гэсэн. 1980-аад онд Сибирийн алтны нэгэн уурхайгаас баавгайн саврын чинээ цул алт олсон нь дэлхийд урьд өмнө гараагүй эрдэнэсээр бүртгэж байсан аж.


Д.ДАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.