Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.Мандахнаран, Г.Ганжаргал нар түрүүллээ

Зуун буудалт даам манай оронд эрчимтэй хөгжиж байгаа спорт билээ. Хорин жилийн өмнө Орхон аймагт УАШТ болж байсан бол энэ жилийнх Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд болсон нь хөдөө орон нутагт хоёр дахиа зохиогдсон хэрэг. Эмэгтэй ес, эрэгтэй 12 даамчин тойргоор зургаан өдрийн турш оюун ухаанаа уралдуулжээ. Энэ удаагийн тэмцээнийг тус аймгийн уугуул, УИХ-ын гишүүн М.Зоригт ивээн тэтгэж, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Монголын даамын холбоотой хамтран зохион байгуулжээ. Түүхийн хуудас сөхвөл эмэгтэй даамчдаас улсын аваргын алдрыг хамгийн олон удаа хүртсэн даамчин дэлхийн даамын холбооны мастер Н.Мөнхтуяа. Тэрбээр зургаан удаа түрүүлсэн бол спортын мастер С.Саранцэцэг тав, М.Хишигбаяр гурван удаа тэргүүлжээ.

Олон улсын их мастер Э.Мандахнаран, спортын мастер Д.Энхтуул, Г.Энхтуяа, Ц.Энхзаяа, Б.Нандинцэцэг нар тус бүр хоёр удаа түрүүлсэн байна. Эрэгтэйчүүдийн хувьд Азийн дөрвөн удаагийн аварга, гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 10 түрүүлсэн нь дээд амжилт. Азийн аварга, олон улсын их мастер Г.Ганжаргал зургаа дахь алтан медалиа хүртжээ. Спортын мастер Л.Ганбаатар, Л.Гансүх нар гурав, спортын мастер Т.Пүрэвсүрэн, Л.Барбаатар, олон улсын мастер О.Түвшинболд нар тус бүр хоёр удаа түрүүлсэн. Баруун-Урт хотноо болсон зуун буудалт даамын эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ-д 12 оноогоор Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул, энэ оны Азийн аварга, олон улсын их мастер Эрдэнэцогтын Мандахнаран түрүүллээ. Энэ амжилтаараа тэр ирэх аравдугаар сард Улаанбаатар хотноо зохиогдох ДАШТ-д улсаа төлөөлөн өрсөлдөх эрх авчээ.

Мөнгөн медалийг хамгийн бяцхан оролцогч, Өвөрхангай аймгийн уугуул,13 настай, спортын дэд мастер Ганбаагийн Хэрлэнмөрөн 11, хүрэл медалийг СХД-ийн Цагдаагийн хэлтсийн тамирчин, спортын мастер Мижгээгийн Хишигбаяр есөн оноогоор тус тус хүртэв. Эрэгтэйчүүдийн 38 дахь удаагийн УАШТ ширүүн өрсөлдөөнөөр дүүрэн байж, гурван даамчин 15 оноогоор тэнцэн, коэффицентийн чанараар “Алтан хүнс” группийн тамирчин Ганбаатарын Ганжаргал 10 өргөөс дээрх оноог авч, алтан медаль, цом, өргөмжлөлийн эзэн болсон. Тэрбээр улсын аваргаас зургаан алт, зургаан мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байгаа юм. Мөнгөн медалийг БЗД-ийн даамчин, спортын мастер Санжаагийн Даваадорж хүртсэн бол “Эрдэнэс таван толгой” компанийн тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг гуравт оржээ. С.Даваадоржийн хувьд анх удаа мөнгөн медаль зүүсэн нь энэ. Их мастер Д.Эрдэнэбилэг, олон улсын мастер Г.Ганжаргал нар эх орноо төлөөлөн, ирэх сарын 1-нээс ОХУ-ын Уфа хотноо эхлэх ДАШТ-д оролцоно. Тоглолтын дүнг хүснэгтээс харна уу.

 

Д.ГЭНЭЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.