Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн тэргүүний балаг Ерөнхийлөгчийг эвгүй байдалд оруулав

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийн сурталчилгааны ажлын нээлт өнгөрсөн лхагва гаригт Дорнод аймгаас эхлэв. Наран ургах зүүн хязгаар нутгаас сонгуулийн гараагаа эхлэх гэсэн Төрийн тэргүүнийг харин жагсаж, бухимдаж, өлсгөлөн зарласан иргэд угтав. Орон нутгийн сонгуулийн тухай мартах шахаж буй энэ үед Засаг дарга ч үгүй долоон сарын нүүр үзэж буй дорнодчууд бухимдахгүй гээд ч яах билээ. Ерөнхийлөгч үнэндээ сонгуулийн сурталчилгаагаа Дорнод, Сүхбаатарын алинаас нь эхлүүлэхээ тодорхой зарлалгүй, ерөнхийдөө сэм очсон сураг байна. Ингэхдээ ард иргэдтэй бус, намын гишүүд дэмжигч, цэргийн ангийнхан, ойрын хүрээний хүмүүсээ цуглуулж, ярьсаар байгаад уулзалтаа дуусгажээ.

Харин Төрийн тэргүүндээ бодит байдлыг харуулж, учир зовлонгоо тоочихоор төв талбайдаа цуглаж, жагссан иргэдийг хүчний байгууллагынхан тарааж, Төрийн тэргүүнийх нь барааг ч харуулаагүй гэнэ. Бухимдаж цөхөрсөн дорнодчууд өнгөрсөн даваа гаригаас эхлээд таван өдөр өлсгөлөн зарлаж, сууж байгаа аж. Нөхцөл байдлыг иймд хүргэж, өөрийн намаас нэр дэвшигч, албан үүргээ гүйцэтгэж буй Ерөнхийлөгчийг эвгүй байдалд оруулсан эзэн нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг билээ. Дорнодчууд арай өөр зүйл хүсэж байгаагаа өнгөрсөн УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үеэр харуулсан. УИХ-д хоёр удаа өөрсдийгөө төлөөлүүлэн илгээсэн Д.Одбаярын оронд улс төрийн босгоор дөнгөж алхсан Н.Номтойбаяр, аймгийн АН-ын дарга П.Алтангэрэлийн оронд залуу бие даагч Х.Болорчулууныг сонгосон юм. Аймгийн Засаг даргын албан тушаалыг бараг өмчилчихөөд байсан Ц.Жанлавын оронд М.Бадамсүрэн хэмээх танихгүй шинэ залууг дэвшүүлсэн. Харамсалтай нь тэдний шинэ сонголт Н.Алтанхуягт таалагдсангүй.

Аймгийн ИТХ-ын анхны хуралдаанаас аймгийн Засаг даргад 100 хувийн саналаар дэвшсэн Х.Бадамсүрэнг томилохоос тэрбээр татгалзсан. Хуулийн хугацаандаа дахин хуралдсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид мөн л Х.Бадамсүрэнг дэвшүүлсэн ч эрхэм Ерөнхий сайд тодорхой шалтгаангүйгээр ердөө л “Татгалзаж байна” гэсэн албан бичиг өгсөн. Ийнхүү тэрбээр аймгийн төрийн эрх барих байгууллага ИТХ-аас гаргасан шийдвэрийг үл ойшоон, Засаг даргад дэвшүүлсэн хүнийг нь батламжлах үүргээ биелүүлээгүй гэдгээрээ хууль зөрчсөн төдийгүй тэр нь шүүхээр тогтоогдсон билээ. Гэсэн ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг давж заалдчихаад байгаа. Уг нь орон нутгийн сонгуулиар МАН ялсан. Ялсан нам Засаг даргад нэр дэвшүүлдэг нь хуулиар олгогдсон эрх. Гэтэл энэ эрхэд нь халдаж, ялагдсан намынхаа гишүүнийг дарга болгохоор улайм цайм зүтгэсээр өнөөг хүргэж буй Н.Алтанхуягийн тарьсан балаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны гараанд дэгээ болж орхив уу даа. Ц.Элбэгдорж сонгуульд нэр дэвшигч ч нөгөө талдаа бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Монгол Улсын Ерөнхийлөгч. Гэвч дураараа авирлаж, хууль зөрчиж ханадаггүй Ерөнхий сайдын балгаар дорнодчууд Төрийн тэргүүнээ ийнхүү хүндэтгэл муутайхан угтжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.