Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДААМЧИД УЛСЫН АВАРГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Их жанжны өлгий нутаг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум даамын УАШТ-ийг анх удаа хүлээн авч байна. Эрэгтэй даамчид 1966 оноос хойш 38 дахь жилдээ өрсөлдөж байгаа бол эмэгтэй даамчдын тэмцээн 1989 оноос 25 дахь жилдээ зохиогдож байгаа юм. Өнгөрсөн жилийн тэмцээнд эрэгтэйчүүдээс олон улсын мастер О.Түвшинболд, эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Б.Нандинцэцэг нар аваргалж байв.

Энэ удаагийн тэмцээнд эмэгтэй, эрэгтэй 12 шилдэг даамчин тойргоор өрсөлдөж буй бөгөөд тивийн дөрөв, улсын 10 удаагийн аварга, гавьяат тамирчин, их мастер Д.Эрдэнэбилэг, Ази тивийн аварга, улсын 5 удаагийн аварга, их мастер Г.Ганжаргал, энэ оны Ази тивийн аварга, их мастер Д.Баттулга, тивийн аваргын хүрэл медальт, өнгөрсөн оны улсын аварга, олон улсын мастер О.Түвшинболд, тивийн аваргын хүрэл медальт, Хятадын олон улсын тэмцээний аварга, 2007 оны улсын аварга, дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай, 2007 оны өсвөр үеийн дэлхийн аварга, дэлхийн даамын холбооны мастер Г.Гэрэлболд, эмэгтэйчүүдийн энэ оны тивийн аварга, 2009 оны улсын аварга, их мастер Э.Мандахнаран, улсын хошой аварга, спортын мастер Г.Энхтуяа нар оюун ухаанаа уралдуулахаар Сүхбаатарт хүрэлцэн иржээ.

УИХ-ын гишүүн М.Зоригтын санаачилгаар зохиогдож буй УАШТ эхний тавилаасаа хурц өрсөлдөөнтэй болж байна. Эхний хоёр өрөгт их мастер Д.Баттулга (Хасу Магеватт) өрсөлдөгчөө буулган авсан бол удаахь хоёр өрөгт ялагдал хүлээв. 3-р өрөгт их мастер Г.Ганжаргал (Алтай хүнс групп) дэлхийн даамын холбооны мастер Г.Гэрэлболдыг тун уран нүүдлээр буулган авлаа. Тэмцээний хамгийн залуу тамирчин13 настай дэд мастер Г.Хэрлэнмөрөн их мастер Э.Мандахнарангийн эсрэг амжилттай тоглож, уран нүүдэл хийснээр хайнцан өсөх ирээдүйтэй тамирчин гэдгээ нотолсон. Дөрвөн өргийн дараах байдлаар эмэгтэйчүүдээс их мастер Э.Мандахнаран (Сүхбаатар аймаг), улсын аварга, ахмад даамчин М.Хишигбаяр (Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс), 2004, 2011 оны улсын аварга, спортын мастер Г.Энхтуяа (“Алтан дорнод” ХХК) нар таван оноогоор тэргүүлж явна.

Харин эрэгтэйчүүдээс Д.Эрдэнэбилэг (“Эрдэнэс таван толгой” ХХК), Г.Ганжаргал (“Алтан хүнс” групп) нар зургаан оноотойгоор тэмцээнийг хошуучилж байна. Р.Манлай, С.Даваадорж, Ц.Отгонбилэг нар таван оноотой удаалж яваа юм. Тэмцээний үеэр манай сурвалжлагч зуун буудалт даамын Ази тивийн холбооны Ерөнхийлөгч, Монголын даамын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцсан байна.

-Энэ жилийн тэмцээний гол онцлог юу бол?

-Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ-ийг анх удаа орон нутагт зохион байгуулж байна. Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Зоригт тэмцээнд оролцогчдын бүх зардлыг дааж, Монголын даамын холбоо, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, аймгийн ЗДТГ, Ш.Энх-Амар даргатай аймгийн БТСГ-тай хамтран зохион байгуулж байна. Тэмцээний үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Зоригт, аймгийн удирдлага болон ССАЖЯ-ны Спортын бэлтгэлийн төвийн хэлтсийн дарга Ж.Тунгалаг нар оролцож, даамчдад спортын өндөр амжилт хүслээ. Тусгай шалтгааны улмаас манай холбооны ерөнхийлөгч Д.Сугар хүрэлцэн ирж амжсангүй. Манай даамчид дөрөвдүгээр сарын сүүлчээр Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон тивийн АШТ-д амжилттай оролцож, насанд хүрэгчдийн ангилалд Э.Мандахнаран, Д.Баттулга нар тивийн аваргын тэмцээндээ түрүүлж, их мастер цол хүртсэний дараа УАШТ зохиогдож буй нь гол онцлогийн нэг юм. Тэмцээнд оролцогчдын 80 орчим хувь нь олон улс, тивийн АШТ-ий медальт тамирчин буй нь өрсөлдөөнийг нэмэгдүүлж, сонирхолтой болгож байна.

-Манай даамчдыг энэ онд өөр ямар томхон тэмцээн хүлээж байна вэ?

-Манай улсын даамчдын амжилтыг дэлхий мэдэх болсон. Олон улс болон тивийн холбоо өндөр үнэлж байгаа. Ирэх зургадугаар сард ОХУ-ын Уфа хотноо эрэгтэйчүүдийн ДАШТ зохиогдоно. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал нар оролцоно. Энэ удаагийн тэмцээн хоёр их мастерын бэлтгэлийг эрчимжүүлэх нэгэн сорилт болох нь дамжиггүй. Д.Эрдэнэбилэгийн бүх зардлыг “Эрдэннэс таван толгой” ХХК, Г.Ганжаргалын зардлыг “Алтан хүнс” групп ивээн тэтгэж байгаад даамчдынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье. Мөн аравдугаар сард Улаанбаатар хотноо эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ анх удаагаа зохиогдоно. Засгийн газраас тэмцээний зохих зардлыг гаргах болно. Эх орондоо зохиогдох тус тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн медальтан төрүүлэх нь бидний зорилт байх нь ойлгомжтой. Даамын төрлөөр дэлхийн хэмжээний тэмцээнийг эх орондоо хүлээн авч, зохион байгуулах нь нэр төрийн асуудал тул бэлтгэлжилтийг эртнээс сайтар хангах ёстой.

-Тэмцээний зохион байгуулалт ямархуу болж байна вэ?

-Сүхбаатар аймаг даамчдын маань тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж буйд талархалтай байна. Аймгийн БТСГ бүх талаар тусалж, бидэнтэй ойр ажиллаж байна. Сүхбаатар аймгаас даамын анхны олон улсын эмэгтэй их мастер төрлөө. Э.Мандахнаран энэ аймгийн Түвшинширээ сумын уугуул даамчин. Тэр сарын өмнө тивийн аваргын алдрыг хүртэж, их мастер болсон өсөх ирээдүйтэй шилдэг даамчин бүсгүй. Сүхбаатар аймгаас олон шилдэг “Мандахнаран”-гууд төрөх болтугай.

Д.ГЭНЭЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.