Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТАЛЦАЛГҮЙ, УЛСТӨРЖИЛТГҮЙ, МУУ ҮГ БАГАТАЙ СОНГУУЛЬ БОЛООСОЙ

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай Ерөнхийлөгчийн сонгууль, түүнийг тойрсон асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны үйл ажиллагаа өчигдөр эхэллээ. Танай нам УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн нь содон сонголт болсон. Нэр дэвшигчдийн онцлогийг Та хэрхэн тодорхойлох вэ?

-Гурван нэр дэвшигч, гурвуулаа онцлогтой. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улсын сүүлийн 23 жилийн турш дахь улс төрийн халуун гал тогоонд дандаа байсан. Энэ хугацаан дахь улс төрийн алдаа, оноо бүхэн Ц.Элбэгдорж гэдэг хүн дээр хүссэн ч, эс хүссэн ч холбогдоно. Дахин улиран сонгогдвол ардчиллаас хойших Монголын улс төрийн 27 жилийн түүхийн гэрч болно. Ц.Элбэгдорж гэдэг хүнийг ямар хүн бэ, юу ярьж, юу хийж ирсэн бэ гэдгийг монгол хүн бүр мэдэж байгаа. Н.Удвал нэр дэвшигчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэн дэх анхны эмэгтэй нэр дэвшигч гэдгээрээ онцлог юм.

Бас л сүүлийн 10-аад жил Монголын улс төрд ямар нэгэн байдлаар оролцсон ч УИХ-д хоёр удаа нэр дэвшин өрсөлдөхдөө тойргоосоо гарч чадаагүй. Гэхдээ дэлхий нийтээрээ жендерийн асуудал ярьж, хэрэгжиж байгаа энэ үед түүнийг нэр дэвшүүлсэн нь УИХ, Засгийн газар болон улс төрийн хүрээнд явагдсан бодлогын илэрхийлэл гэж харж байгаа. Харин Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа анхны хуульч мэргэжилтэй нэр дэвшигч. Нэг тойргоос УИХ-д гурван удаа сонгогдсон улстөрч. Энэ бол улстөрчийн хувьд маш том үзүүлэлт, үнэлэлт. Мөн байгаль орчны төлөө тууштай тэмцэгч гэдгээрээ ард түмэндээ хайрлагдаж, үнэлэгддэг нь МАН-аас нэр дэвшигчийн маань онцлог юм.

ТӨРД МОНГОЛ УХААНТАЙ УЛСТӨРЧИЙН ОРОН ЗАЙ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

-Та Б.Бат-Эрдэнэ гишүүний ойр дотнын хүний нэг. Нэг үеийн улс төрчийн хувьд Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийг хувь хүнийх нь хувьд илүү сайн мэдэх байх. Олон нийтийн хувьд түүнийг дархан аварга, бөх гэдгээр нь сайн мэдэхээс биш улстөрчийн хувьд хэн бэ гэдэг тодорхойлолт дутмаг юм шиг санагддаг л даа.

-Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн хувьд Монголын ард түмэн, Монголын өв соёлыг тээгч гэж би тодорхойлмоор байна. Монголын бахархал гэдгээрээ ард түмэнд танигдсан. 1970-аад оноос дэлхий нийтэд тогтвортой хөгжил буюу экологийг хөгжлийн асуудалд оруулж ирсэн. Хөгжлийн асуудал гурван тулгууртай байх ёстой. Нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчин гэдэг гурван тулгуур. Үүнийг тогтвортой хөгж лийн бодлого гэдэг. Энэ тогтвортой хөгжлийн бодлогыг Парламентын түвшинд бодитойгоор гаргаж ирж, эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа. 21 дүгээр зууны хөгжлийн энэ чиг хандлагыг Монголд төлөөлж ярьдаг гол улстөрч бол Б.Бат-Эрдэнэ. Тийм ч учраас энэ чиглэлийн хууль тогтоомжийг санаачлах, хамтран өргөн барих чиглэлээр нэлээд идэвх тэй ажилладаг.

Монгол төрийн бодлогод монгол удирдагч, монгол төрийн уламжлал, ёс заншлыг дагасан ухаан гэж байдаг л даа. Тэгэхээр энэ талдаа Б.БатЭрдэнэ гишүүн бол Самбуу гуай, Бумцэнд гуай, Анандын Амар гуай. Л.Энэбиш гуай гээд Монголын түүхэнд том ул мөрөө үлдээсэн монгол өв соёл, уламжлалыг хадгалж хамгаалж ирсэн улс төрийн фигурүүдийн шинэ үеийн төлөөлөл гэж хэлж болно. Ер нь Монголын улстөрчдийг хоёр хувааж болмоор байгаа юм. Нэг нь Европ буюу баруун стилийн улстөрчид. Гадаад хэлтэй, амьдралын хэвшил, боловсрол эзэмшсэн байдал нь ерөнхийдөө гадаад. Харин хоёр дахь нь Монголдоо боловсрол эзэмшсэн, монгол амьдралын хэвшил, сэтгэлгээтэй, монгол цөлх ухаантай улстөрчид. Ийм улстөрчид Монголын үе үеийн улстөрд байж төрд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Одоо Мон голын төрд монгол ухаантай улстөрчийн орон зай дутагдаж, үгүйлэгдэж байгаа.

-Самбуу гуай бол таны сая хэлсэн монгол цөлх ухаантай төр нийгмийн зүтгэлтний нэг. Дэлхий нийтээрээ даяаршиж буй ийм үед Монголыг Монголоор нь үлдээхийн тулд манай улстөрчдөд монгол хэв шинж, монгол ухаан дутагддаг юм шиг ээ. Ялангуяа ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд монгол төрх, монгол холч ухааны шалгуурыг илүү дээдэлмээр болсон юм биш үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч. Аль нэг нам дагаж талцдаггүй, нутгархдаггүй, асуудалд голч байр сууринаас ханддаг байх ёстой. Ийм байж чадвал ард түмний дунд байдаг намчирхал, талцал үгүй болж үндэсний эв нэгдэл батжина. Манай намын нэр дэвшигч бол үүнийг бүрэн хангаж чаддаг. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байдаг. Тэр утгаараа Б.Бат-Эрдэнэ бол Цэргийн дээд сургууль төгссөн, мөрдэстэй хүн. Энэ салбарт 18 жилийн ажил, амьдралаа зориулсан гэдэг утгаараа зэвсэгт хүчин, хүчний байгууллагуудын доторх ажил, амьдралыг сайн мэддэг. Тиймээс Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Гуравдугаарт, Ерөнхийлөгчийн бас нэг чухал эрх үүрэг бол шүүх, хуулийн байгууллагын удирдлагуудыг томилоход өөрөө томилох буюу Парламентын түвшинд санал оруулах эрхтэй. Ерөнхийлөгчид анх удаа хуульч мэргэжилтэй хүн нэр дэвшиж байгаа нь хууль эрх зүй, шүүхийн шинэтгэлийн ажлыг шинэ шатанд гаргахад чухал оролцоотой байх нь ойлгомжтой юм. Тэртусмаа Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Энэ салбарт шинэчлэл хийхэд гар бие оролцож, эхлэлийг тавьсан хүн.

ЭРХ БАРИГЧДАД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ХУУЛЬ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

-Танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд өндөр ач холбогдол өгч байгаа байх. УИХ-аас батлагдсан төсвөөс нь харахад маш их хэмжээний зардалтай сонгууль болох шинж ажиглагдаж байна л даа. Тэгэхээр сонгуулийн сурталчилгаа эрх баригч намынхны хувьд мөнгөөр бярдсан өрсөлдөөн болох шинж бий. Сонгуулийг мөнгөний биш мөрийн хөтөлбөрийн сонгууль болгох тал дээр танай нам яаж анхаарч байна вэ?

-Улс төрийг мөнгөнөөс ангиж руулж, нөлөөлл өөс гаргах нь Мон голын төрийг цэвэршүүлэх хамгийн зөв арга гэж бодож явдаг. Үүний тулд Улс төрийн намуудын хуулийг өөрчлөх ёстой. Үндсэн хуульдаа ч гар хүрэхээс аргагүй болсон. Одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг нэгж нам дангаараа баталсан. Бусад намууд нь энэ хуульд санаа оноогоо хэлж, тусгаж чадаагүй. УИХ дахь МАН-ын бүлэг байгуулагдаагүй, гишүүд маань байнгын хороондоо орж чадаагүй байсан үед энэ хуулийг АН-ынхан хэлэлцэж баталсан. Өмнөх хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд иргэн нэг сая төгрөг, аж ахуйн нэг гурван сая төгрөг хүртэл хандив өгөх боломжтой байсан.

Харин одоогийн хуулиар хандивыг 50 сая болгоод нэмчихсэн. Сонгуульд зар цуулах мөнгөн дүнгийн хязгаар нь өмнөхөөсөө 3-4 дахин өссөн. Энэ нь илүү их мөнгө, эрх мэдэл үнэртсэн сонгууль явагдах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Товчоор хэлбэл одоогийн эрх баригч АН, одоогийн Ерөнхийлөгчид давуу байдал бий болгосон хууль одоо үйлчилж байна. МАН-д УИХ-ын сонгууль том сануулга өгсөн. Эцэг нь хүүдээ алганы амт үзүүлдэг шиг бидэнд ард түмэн сануулга өгсөн. Бид одоо ард түмнийхээ итгэлийг сэргээх, ний нуугүй хэлэхэд унасан нэр төр буюу уруудаж байсан онгоцныхоо хошууг дээш нь өргөх цаг болсон. МАН сөрөг хүчин болж, ард түмнийхээ дунд орсон болохоор энэ удаагийн сонгуульд бид амжилт гаргаж, ялж чадна. Ялангуяа манай нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ бол ард түмний захиалга, нийгмийн хүлээлтээс гарч ирсэн хүн. Ард түмэн талцал, хуваагдал, намчирхлаас залхсан.

Хоёрдугаарт, ард түмний үндэс ний ухамсар, мэдрэмж, эх оронч үзэл сэргэчихсэн байгаа. Энэ нь Мон голоо, эх орноо гэсэн сэтгэлтэй эх оронч хүнийг хүсэмжлэх шалтгаан болсон. Гуравдугаарт, ҮАБЗ-ийн гишүүн төрийн гурван өндөрлөг бүгд нэг намаас бүрдсэн нь нийгэмд хүч түрэмгийллийг бий болгож буй. Тиймээс ард түмэн өмнөх шигээ тэнцвэржүүлэх нь зөв юм байна гэдгийг ойлгож, мэдэрч эхэлсэн байна.

-Сонгуулийн дараа сонгогчдын сонголт хүчингүй болдог, жагсаал, цуглаан, шүүхийн маргаан дахиад бий болох вий гэдгээс ард түмэн айдаг, болгоомжилдог болчихлоо. Өвөрхангайн маргаан гэхэд л одоо жагсаал тэмцэлдээ хүрч хурцадсанд Та нутгийн хүүгийн хувьд эмзэглэж л явдаг байх.

-Өвөрхангайн ард түмний сон голтыг шороотой хутгаад хаячихсан шүү дээ. Манай шүүхийн шинэчлэл, шударга ёс хаана байна. “Олон түмний сонголт хаан сонголт байна” гэдэг уриа, лоозон хоосон үг байсан юм уу гэж асуухаар, бухимдахаар сонгууль болсон. Тухайн өдрийн чуулганыг Д.Лүндээжанцан гишүүн бид хоёр хаяад гарсан. Хууль шүүхийн байгууллага нь мөнгөтэй хүний, эрх мэдэлтэй хүний талд үйлчилдэг болчихсоны тод илрэл нь Өвөрхангай аймгийн сонгууль.

-Одоо Өвөрхангайд байдал намжсан уу. Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, дахиад саналаа өгөх итгэл үнэмшил байна уу?

-Ер нь Өвөрхангай аймагт сонгуульд оролцохгүй, саналаа өгөхгүй гэдэг уур амьсгал их байна. Төлөөлөл болгоё гээд саналаа өгсөн хоёр хүн нь хоёулаа төлөөлөл болж чадсангүй. Харин дахин сонгохгүй гээд хариуцлага тооцоод явуулсан хүмүүс нь тангараг өргөөд төрийн сэнтийд суучихаар өвөрхангайчууд хэнд, юунд итгэж сонгуульд дахин санал өгөх юм бэ. Өвөрхангайн сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хороо байгуу лагдсан. Бидэнтэй албан ёсоор уулзсан. Би Өвөрхангайчууддаа хэлж байгаа. Үнэхээр ардын хүүхэд түрүүлж болдог наадам юм уу, үгүй юм уу гэдэг шиг МАН-аа хоёр дахиа сонгоод үз. Тэгээд харъя гэж. Одоо сонгууль явуулж, сонгогч дын санал авлаад ч тэр нь шүүх хүчний байгууллагын шийдвэрээр өөрчлөгдөж байна. Энэ бол 1990-ээд оны сүүлчээр бага Азийн орнуудад гарсан ардчиллын завхралын биелэл. Тэдгээр улс орнуудад дарангуйлагчид нь ард түмний саналаар гарч ирснийхээ дараа шүүх, хүчний байгууллагын шийд вэрээр дарангуйлж, улс төрийн намуудын хүчийг сулруулах, өрсөлдөгчөө нам дарах ажиллагааг шат дараатай хийж байсан. Ингэснээр ард түмний сонголтыг шүүх хүчний байгууллагын оролцоотойгоор үгүй болгосон. Энэ бол ардчиллын суурь руу дайрсан дарангуйллын үйлдэл. Ан Сан Су Чи манай оронд сая ирэхдээ “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллын системээс долоон дор” гэж хэлээд явсан. Яг үүн шиг дүр эсгэсэн ардчилал манай оронд бий болох гээд байна. Хүн харахад ардчилсан сонголтоор ард түмэн төр, засгаа байгуулаад буй мэт боловч үнэн чанартаа ард түмний сонголтыг хууль хүчний байгууллага, нэг намын шахалтаар өөрчилчихдөг энэ боломж нь ардчиллыг хамгийн аюултай болгож байгаа юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ДАХИСАН ТОХИОЛДОЛД САНАЛЫГ ГАРААР ТООЛНО

-Сонгуулийн саналыг автомат машинаар тоолно. Маргаан, эргэлзээ гарахгүй гэсэн баталгааг хангасан уу. Танай нам ямар хяналт тавьж байгаа вэ?

-Монгол Улс сая гаруйхан сонгог чидтой, харьцангуй цөөхөн ард тү мэн шүү дээ. Ийм цөөн сонгогчийн саналыг заавал ийм өндөр зардлаар, машинаар тоолох шаардлага байсан уу, үгүй юү гэдэг асуудлыг улстөрчид авч үзэх ёстой. Энэ сонгуулийн зардал орон нутгийн, УИХ-ын, өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудаас үндсэндээ тав дахин их зардалтай явагдаж байгаа. Ихэнх мөнгө нь гадаад руу гарч байна. Бидний санал өгч байгаа цаасыг Канадад хийдэг. Тэндээс цаасаа захиалж авчирна. Тэр программ, автомат машин гээд бүгд Америкийн хувийн компанийнх. Эдгээр гадаадын компаниудын боломж, бололцоогоор Монголын төрийн сонгууль явагддаг болчихоод байна. Программ хангамжийн кодууд, алгоритмуудыг нь монгол хүн тайлж унших боломжгүй, хянаж шалгах ч эрхгүй. Бизнесийн нууц нь юм гэсэн.

-Тэгээд тэр автомат машинд монголчууд хяналт тавих боломжгүй гэсэн үг үү. Тэгвэл ард түмэн сонголтондоо яаж итгэх болж байна вэ?

-Америкууд бүх юмаа хийгээд, бид зөвхөн гарсан дүнг нь үзээд, хүлээн зөвшөөрөөд л суухаас аргагүй байдалтай болсон шүү дээ. Машин хэвийн ажиллаж байгаа эсэхийг улс төрийн намуудын төлөөлөлтэй ажлын хэсэг гарч шалгана гэдэг. Харамсалтай нь энэ бол дүр эсгэсэн, нүд хуурсан үзүүлбэр. Үүнийг шалгалт гэж ойлгож болохгүй. Энэ Ерөнхийлөгчийн сонгуулийг шу дарга, эргэлзээгүй, итгэлтэй явуулъя гэвэл гурван нэр дэвшигч ид өгсөн саналыг гараараа давхар тоольё, тэгээд автомат машины дүнтэй 100 хувь тулгаад үзье. Тулж байвал автомат машинд итгээд, энэ шинэ технологийг нь хүлээн зөвшөөрье гэдэг санал тавьж байгаа. АН-ынхан үгүй гэдэг юм. Ийм л зүйл байгаа.

-Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц бүрддэггүй ч юм уу ямар нэг байдлаар хоёр дахиа явагдахаар болбол тийм боломж байгаа юу.

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль дахих магадлал нь өндөр байгаа. Гурван нэр дэвшигчтэй, ширүүхэн өрсөлдөөн болно. Аль нэг нь 50-аас дээш хувийн санал авахгүй бол дахих хуулийн заалттай. Ерөнхийлөгчийн сонгууль дахисан тохиолдолд сонгууль 14 хоногийн дотор явагдах ёстой. Зургадугаар сарын 26-нд ард түмэн саналаа өгнө. Дахивал долдугаар сарын 10-ны дотор дараагийн санал хураалт болох ёстой. Тиймээс тухайн хугацаанд амжиж Канадаас тэр саналын цаас нь ирэх, программ хангамжийн хувьд гурван хүнээс нэгийг нь хасаж, хоёр болгох боломжгүй зэргээс шалтгаалаад дахин санал хураалтыг гараар л тоолох болов уу.

-Сонгуулийн сурталчилгаанд МАН ямар зарчим баримталж байна.

-МАН гурван зарчим баримталж байгаа. Нэгдүгээрт, хууль зөрчихгүй. Хоёрдугаарт, хар пиар хийж, хэн нэгийгээ муулж, гоочилж, хар ус цацаж, шавартай хутгахгүй. Яагаад гэвэл, энэ гурван хүний нэг нь л Ерөнхийлөгч болно. Бидний эцэг, Монгол Улсын аав болно. Гэтэл ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлэгчийгээ гаргаж ирэхээс өмнө ус цацаж, хамаг муу муухайгаар будаж, өндөр, нам, өргөн нарийн, хэл ус, гарал үүсэл, худалж, луйварчин энэ тэр гэж бичиж, ард түмнээ талцуулчихаад яаж эв нэгдлийг илэрхийлэгч гэж хүлээн зөвшөөрч, хүндэтгэж чадах вэ. Тиймээс манай нам талцалгүй, ард түмнээрээ хэтэрхий их улстөржилгүй, муу үг багатай сонгууль болоосой л гэж хүсэж байгаа. Ялангуяа эрх барьж байгаа АН болон одоо ажлаа хийж байгаа нэр дэвшигч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнд үлгэр жишээ болох ёстой. Ер нь энэ удаагийн сонгууль хүч тэнцвэргүй тулаан болно. Дүнг сонгогчид тавьдаг. Ардчиллын 23 жилд бидний олж авсан давуу зүйл бол ард түмэн дүнгээ яаж тавина, тийшээ эрх мэдэл тайван замаар шилжинэ.

 Д.ОЮУН-ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.