Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НПГ-аас эд мөрийн баримтууд алдагджээ

Нийслэлийн прокурорын газар (НПГ)-ын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд саяхан хулгайч орж, нэлээд хэмжээний эд зүйл авч оджээ. Тус газарт хулгайч орсон тохиолдол ганц энэ биш. 2005 оны нэгдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө мөн л хулгайч орж байсан. Гэмт хэрэгтэн 102 тоот буюу прокурорын нарийн бичгийн даргын өрөөнөөс 36 сая төгрөг, 1111 ам.доллар авч байсан. Тухайн үед хулгайч өрөөний хаалганд түлхүүр тааруулан ороод, төмөр шүүгээг нь эвдэж мөнгө авсан юм. Уг хэрэгт НПГ-ын манаач, слесарь, өрөө түрээсэлж байсан нэг эмэгтэйг шалгаж байв. Энэ хэрэг гарсны дараа, Нийслэлийн прокуророор ажиллаж байсан нэгэнд хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

Саяын хэргийг маш нарийн зохион байгуулж үйлдсэн бололтой. Энэ сарын эхээр гарсан уг хэргийг тус газрынхан нууцалж буй бөгөөд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм билээ. Тус хэлтсийнхнээс болсон асуудлыг тодруулахад “Нийслэлийн прокурорын газраас эд зүйл алдагдсан нь үнэн. Гэхдээ энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” хэмээв. Прокурорын байгууллагынхан ч болсон явдал үнэн гэдгийг батлаад, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс цааргаллаа.

Дээрх хоёр байгууллагын, нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “НПГ Төрийн тусгай хамгаалалтын албаны харуулууд манаж хонодог, онцгой бүс. Өрөө болон хонгил бүгд камерын хяналттай. Харин энэ сарын эхээр орсон хулгайч маш нарийн төлөвлөсөн бололтой. Цахилгааныг нь тасалж, камерт бичлэг хийх боломжгүй болгожээ. Энэ хэрэгт холбогдуулан бичиг хүргэгч болон нарийн бичгийн дарга ажилтай гурван хүнийг цагдан хорьж шалгахаар болсон. Гэтэл нарийн бичгийн дарга хоёр эмэгтэйг Цагдан хорих төвд нэг хонуулаад сулласан. Одоо бичиг хүргэгч залууг цагдан хорьж байна” гэлээ. Хулгайлсан эд зүйлийн дотор Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэргийн эд мөрийн баримтаар хүлээлгэн өгсөн 20 сая төгрөг байсан талаар эх сурвалж мэдээлэв.

Г.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.