Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Р.БУРМАА: ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД ТЭГШ ГАРААНААС ӨРСӨЛДӨНӨ

УИХ-ын гишүүн Р.Бурмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ байгуулагдсанаасаа хойш жилийн дараа элэг бүтэн боллоо. Гэвч Өвөрхангай аймгаас сонгогдсон Д.Зоригт гишүүнийг тойрсон маргаан их байна. Ард түмнээс сонгогдоогүй хүнийг тангараг өргүүллээ гэж сөрөг хүчин шүүмжилж байна л даа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-2012 оны сонгуулийг шинэ хуулиар зохион байгуулсан. Шинэ хуульд нэр дэвшигчийг жагсаалтаас хасахаар зохицуулсан 35 заалт орсон. Өмнө нь хууль зөрчсөн нь сонгуулийн саналын зөрүүд нөлөөлөхөөр байвал хасдаг байсан. Хуулийн дагуу шүүх шийдвэрээ гаргаж, СЕХ тогтоолоо оруулж ирсэн. Нэгэнт СЕХ шийдвэр гаргачихсан байхад УИХ түүнийг батлахгүй гэх боломжгүй. Хэрэв гомдол байгаа бол Үндсэн хуулийн цэцэд хандах учиртай.

-Сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан бол жагсаалтаас хасах заалт хуульд байхгүй, торгуулийн ял л ногдуулах ёстой гэж МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар тайлбарласан байна лээ. Хуульд яг ийм заалт байна уу?

-35.18.18-д “Сонгуулийн сур талчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг болон насанд хүрээгүй иргэнийг оролцуулахыг хориглоно” гэсэн байгаа. 35.18 заалтад байгаа 35 зүйлийг зөрчсөн бол хасна.

-Сонгуулийн дөрвөн ч хуулийг нэгтгэх Ажлын хэсгийг Та ахалж байгаа. Манайхан УИХ, орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгууль гэсээр 2-3 жилийг авдаг. Тиймээс эдгээр сонгуулийг нэг жил хамтад нь зохион байгуулах хэрэгтэй гэсэн санал байдаг. Нэгтгэсэн төсөлд ийм санаа байгаа юу?

-УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамт зохион байгуулахаар хууль дээр ажиллаж байна. Сонгуулийн дөрвөн хууль бий. Техникийн ажлын хэсэг гараад ижил төстэй ямар заалт буйг нарийвчлан судалж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийг бол тусад нь яву лахаас аргагүй. Улс төрийн намын тухай болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар судалгаа хийж буй Ажлын хэсгүүдтэй уялдаатай ажиллана. Тиймээс эдгээр хуулийн явцыг харзнаж байна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль одоогийн Ерөнхийлөгчид давуу байдал олгосон гэсэн шүүмжлэл байна л даа. Санаачлагчийн хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Өмнө нь түрүүлж бүртгүүлсэн нь сурталчилгаагаа эхлүүлдэг байсан. Улс төрийн намаас нэр дэвшиж буй хүнд телевизийн сурталчилгааны цаг илүү олддог гэх мэт давуу тал олгодог байсан бол одоо тэгш гараа тавьсан. Сурталчилгаа орон даяар зэрэг эхэлнэ. Нэр дэвшигчид бүгд төрийн хамгаалалтад байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулах цаг, үнэ адил. Далд сурталчилгаа хийх болон төрийн эх үүсвэрийг үүндээ ашиглахыг хориглосон. УИХ-ын гишүүн, эсвэл сайд, Ерөнхийлөгч нэр дэвшлээ гэхэд ажлаа хийдгээрээ хийнэ. Үүнийг нь хориглож болохгүй.

-Далд сурталчилгааг яаж хянах вэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорчихлоо, олон нийтийн сүлжээгээр тэдний уриа бүхий зураг цацаг даад байна. Үүнийг далд сурталчилгаа гэж үзэх үү?

-Нэр дэвшигчийн үнэмлэхээ авсны дараа албан ёсны цахим хуудас нээгээд сурталчилгаагаа хийж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол тухайн нэр дэвшигчийн сонгуулийн штабын нэр, хаягтай сурталчилгаа л гарна. Тийм хаяггүй бол далд сурталчилгаа болно. Ийм сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн зөвшөөрлийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх асуудлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хариуцна. Хэвлэл мэдээллийн зөвлөлийг СЕХ-ны дэргэд байгуулж, хянана. Мөн олон нийтийн болон төрийн бус байгууллагууд мониторинг хийж, ажиглах, хянах эрхтэй. Өмнөх хуулиудад хөндлөнгийн байгууллагад хяналт тавих эрх байгаагүй. Дээрээс нь дотоод хяналт ч байна. Сонгуулийн штаб, эсвэл хэвлэл мэдээллийн ямар нэг байгууллагаар дамжаагүй, иргэд олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлж байгаа үйлдлийг хянахад бэрхшээлтэй.

-УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Та өргөн барьсан. Энэ төсөл юу болсон бэ?

-Өргөн барьчихаад л хэлэлцэхийг хүлээж байна. Би гурван ч төсөл өргөн барьсан л даа. Нэгдүгээрт, улс төрийн намыг хариуцлагатай болгох, нам буруу зүйл хийвэл шүүхээр хянуулах төсөл өргөн барьсан нь дэмжлэг аваагүй. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжих ёстой. Гэтэл өнөөдөр ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх эсэхийг түрүүлж тангараг өргөсөн хүмүүс шийдээд байна. Дургүй бол хурал хаядаг, чуулганы танхимыг буйдангаар хааж суудаг асуудал гарлаа. Хууль зөрчсөн гэвэл Үндсэн хуулийн Цэц болон шүү хээр хянуулах ёстой. Энэ асуудлыг зохицуулах хуулийн төсөл өргөн барьсныг хэлэлцээгүй байна. Мөн хэрэв тухайн гишүүнийг сонгогдсоны дараа нам, эвслийн бүлэг тарвал яах вэ гэдгийг зохицуулсан хууль байхгүй. Өмнө нь намын нэрээр сонгууль болж байгаагүй учраас үүнийг зохицуулсан төсөл өргөн барьсан. Үүнд мөн гишүүдийн хариуцлагын асуудлыг хөндсөн. Ирц бүрдүүлэхээс бусад үед ажилдаа ирдэггүй хүмүүс ч байсан. Тиймээс 10-аас олон удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ажлаа тасалбал хариуцлага тооцохоор заасан. Ер нь УИХ, гишүүд, намыг илүү хариуцлагатай болгох зорилготой. Гэвч УИХ-аар тийм амар хэлэлцэхгүй байна л даа.

-Өөр намаас сонгогдчихоод дараа нь гишүүнчлэлээ өөрчилсөн, эвслээс жагсаалтаар сонгогдчихоод намаа сольсон Д.Арвин, Ц.Цолмон гишүүнийг эгүүлэн татах ёстой гэх мэт яриа тухайн үед гарч байсан. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар зохицуулалт оруулж болоогүй юу?

-Тойргоос сонгогдсон гишүүний тухайд өөр. Харин нам, эвслийн нэрээр сонгогдсоных нь дараа татан буугдвал яах вэ гэдгийг л зохицуулсан юм. Нам, эвсэл ямар ч шалтгаанаар татан буугдаж болно, ийм байдал үүсвэл яах вэ гэдгийг зохицуулсан. Ард түмний сонголт нэгдүгээрт байх ёстой, түүнээс биш УИХ-д байгаа бусад гишүүн шийдэх ёсгүй гэсэн үндэслэлээр төсөл боловсруулсан. Харин нам, эвсэл нь хэвээр байгаа үед намаа сольсон асуудлыг дотроо л шийдэх байх.

-Ерөнхийлөгчийн сонгуульд түүхэнд анх удаа эмэгтэй улстөрч өрсөлдөхөөр боллоо. УИХ-д эмэгтэй гишүүдийн Бүлэг ажиллаж буй. Шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн үүрэг, оролцоо илүү нэмэгдэж байна…

-Анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ. МАН-аас эмэгтэй хүн өрсөлдөж, гуравт жагссан байна лээ. УИХ-д 11 эмэгтэй гишүүн ажиллаж байна. Энэ бол ардчилсан улс орны л жишиг. Манай улс олон улсын хэмжээнд очсоныг харууллаа гэж бодож байна.

 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.