Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ЯН ЖЭЧИ МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жэчи 5 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жэчитэй хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд нар түүнтэй уулзав.  Хэлэлцээ, уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын харилцааны  өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт өргөжүүлэх асуудлаар санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрэв.  

Талууд хоёр улсын харилцааг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх эрмэлзэл төгс байгаагаа нотолж, Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр гаргахаар тохиров. Дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлцээний давтамжийг хадгалахын чухлыг тэмдэглэж, 2013 оны хоёрдугаар хагаст зарим айлчлал, уулзалтыг хэрэгжүүлэхээр санал нэгдэв. 2014 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэхээр тохиров. Талууд Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны гол чиглэл болох эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт тодорхой төслүүдийг хоёр тал болон олон талын шугамаар хэрэгжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааны агуулгыг баяжуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.  Удахгүй Бээжин хотноо хуралдах Монгол, Хятадын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны бэлтгэлийг сайтар хангахын чухлыг тэмдэглэв. 

Талууд хоёр улсын соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх, ялангуяа хүүхэд залуучууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын солилцоог гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.  Хэлэлцээ, уулзалтын үеэр талууд мөн бүс нутаг, олон улсын байдал, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.