Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТУСГАЙ САНГУУДЫГ ЦЭГЦЛЭХ ШИНЭЧЛЭЛ БАЙГАА ОНОХ УУ

 Манайд өнөөдрийн байдлаар 38 тусгай сан үйл ажиллагаа явуулж байна. Үүний 31 нь Засгийн газрын Тусгай сангийн хуулийн хүрээнд 16 сайдын багцад хамаарч байгаа бол долоо нь бусад хуулиар байгуулагджээ. Хүүхдийн төлөө сан, Замын сан, Орон сууц хөгжүүлэх сан, Сэргээгдэх эрчим хүчний сан, Бүх нийтийн үүргийн сан, Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Хүүхдийн төлөө сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Гэмт хэргийн хохирогчдод нөхөн төлбөр олгох сан гээд иргэдэд үйлчлэх нь байтугай нэрийг нь ч сонсоогүй, ямар ажил хийж, мөнгө нь юунд зарцуулагддаг нь тодорхойгүй олон сан байдаг юм байна. Эдгээрээс 20 нь улсын төсвийн хөрөнгөөр “амьдардаг” нь анхаарал татахгүй байхын аргагүй. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд зааснаар Эрсдэлийн болон Нөөц сангаас бусад нь буцалтгүй тусламж, хандив болон бусад орлогоор эх үүсвэрийнхээ зарим хэсгийг бүрдүүлэх учиртай. Гэтэл найм нь л энэ үүргээ биелүүлдгийг Сангийн яам, Үндэсний аудитын газрын шалгалтаар тогтоожээ. Энэ жил Засгийн газрын 30 тусгай санд 2.336.117.9 төгрөг төсөвлөжээ. Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал зардлын 35 хувьтай тэнцсэн байна.

Дээрх сангуудын 14 нь ажлын албатай бөгөөд урсгал зардалд нь 40.211.6 төгрөг зарцуулж байгаагийн 18.213.6 сая буюу 45.3 хувийг улсын төсвөөс, 3.603.2 сая төгрөг буюу есөн хувийг үйл ажиллагааны орлогоос, 18.376.8 сая төгрөг буюу 45.7 хувийг нийгмийн даатгалын орлогоос бүрдүүлжээ. Маш их хэмжээний мөнгө эргэлддэг ч үр дүнгүй, үйл ажиллагаа нь давхарддаг, нээлттэй бус долоо, байгууллагын чиг үүрэгтэй давхцсан дөрвөн сан байгаа нь шалгалтаар илэрсэн нь тусгай сангуудад шинэчлэл хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүргээд байна. Тиймээс Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн эрх зүйн орчинг сайжруулахын тулд шинэчлэх санал боловсруулж эхлээд байна. Сангуудыг ангилж, төрөлжүүлж, заримыг нэгтгэж, томсгосноор хөрөнгийн ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, эх үүсвэрийг тарамдуулахгүй оновчтой зарцуулах, төсвийн ачааллыг бууруулах боломж бүрдэнэ гэж Сангийн яам үзжээ. Гэхдээ шинэчлэлийг хэрхэн хийх, хийсэн нь оновчтой байж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Сангийн яамнаас боловсруулах хуулийн шинэ төслөөр зарим тусгай сангуудыг томруулж, нэг хэсгийг нь тусгай данс хэлбэрт шилжүүлэх гэж байгаа аж. Энэ хувилбараар, Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөрөнгө оруулалт хөгжлийн сан, ЖДҮ-ийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэргийг нэгтгэж Хөдөө аж ахуйг хөгжүүлэх сан болгох бол Сургалтын төрийн санг Дээд боловсролын сан нэртэй болгож, Биеийн тамирын санг шинээр байгуулах зэргээр шинэчлэх юм байна. Харин зарим сангуудыг тусгай данс хэлбэрээр ажиллуулах санал дэвшүүлжээ. Үүнд Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Дархлаажуулалтын сан, Цэвэр агаарын сан, Нийгмийн халамжийн сан, Хог хаягдлын сан, Аялал жуулчлалын сан, Замын сан зэргийг данс хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөж байна. Хэрэв Сангийн яамны дээрх төсөл дэмжигдвэл тусгай данс хэлбэрээр ажиллах сангууд нь тодорхой хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгийн эх үүсвэрийг тусгаарлах, зарцуулалтыг чиглүүлэх үүрэгтэй ажиллах юм. Гэхдээ үндсэн чиг үүргийнхээ дагуу үүргээ сайн гүйцэтгэж байгаа зарим сангуудын чиг үүргийг өөрчилснөөр байндаа оноогүй шинэчлэл болох вий гэсэн болгоомжлол байна.

Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрснийг ҮАБЗ хүлээн зөвшөөрч, Ерөнхийлөгчийн дэргэд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо байгуулж, Засгийн газраас Цэвэр агаарын гэх тусгай сангийн үйл ажиллагааг эхлүүлж байсан нь жилийн өмнө. Гэтэл өнөөдөр үйл ажиллагаа нь жигдрээд, үр дүн нь эхнээсээ гарч байгаа санг тусгай дансны хэлбэрт шилжүүлэхээр яригдаж буй нь Монголын экологийн гамшиг болоод байгаа агаарын бохирдол арилчихсан гэсэн үг үү. Улаанбаатар утаанаас салж, уушгитай хүн бүрийн эрүүл цэвэр орчинд амьдарч, амьсгалах эрх хангагдчихсан уу. Энэ санг анх байгаль орчныг хамгаалах чиглэлээр гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор байгуулсан. Нэн ялангуяа Улаанбаатар болон аймаг, орон нутгуудаар хүрээгээ тэлсэн агаарын бохирдлыг бий болгогч хүчин зүйлүүдийг эко бүтээгдэхүүн, эко хэрэглээгээр солих чиглэлээр үр дүнтэй олон ажлыг санхүүжүүлж ирсэн. Утаагүй зуух, эко халаалт, хог хаягдал боловсруулах үйлдвэрүүд энэ сангийн дэмжлэгтэйгээр эхнээсээ ашиглалтад орж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийл үүлж буй. Гэтэл Монголын хууль гурав хоног гэгчийн үлгэрээр ажил жигдэрч, үйл ажиллагаа нь үр дүнгээ өгч эхлэхтэй зэрэгцээд өөрчлөлт шинэчлэл нэрийн дор үйл ажиллагааг нь хумих гэж байгаа нь шинэчлэл биш сүйрэл дагуулах эхлэлийг тавьж магадгүй нь. Уг нь агаарын бохирдлын асуудал БОНХ-ийн сайдын анхаарал хандуулах гол асуудлын нэг байх учиртай. Тиймдээ ч Засгийн газрын тусгай сан Цэвэр агаарын сангийн төсвийн ерөнхий захирагч нь Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байдаг.

Үйл ажиллагаа явуулж байгаа гол Сангийнх нь эрхийг хязгаарлаж, үүрэг чиглэлийг нь өөрчлөх гэж байгаад эрхэм сайд анхаарал хандуулах биз ээ. Энэ бол ганц байгаль орчны салбарын биш, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарал татсан асуудал. Ерөнхийлөгчийн дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооныхон Цэвэр агаарын санг “тусгай данс” болгохыг дэмжихгүй байна. Тэдний үзэж буйгаар данс хэлбэрт шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалт буурах, хөрөнгө оруулалтын уян хатан үйл ажиллагаа хөших, салбар дундын бодлого алдагдах зэрэг сөрөг үр дагавартай хэмээн болгоомжилж байгаа. Цаашид Цэвэр агаарын сангийн үйл ажиллагааг хумих биш, улам далайцтай болгох шаардлагатай хэмээн үзэж байна. Тусгай сан нэрээр хөрөнгө хуримтлуулдаг, үр ашиггүй зарцуулдаг 40 орчим сан байдаг талаар дээр хэлсэн. Тэдний хэд нь өнөөдөр Цэвэр агаарын сан шиг иргэдэд хүрсэн, ил тод мэдээлэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Эрүүл мэндийг дэмжих сан, Хүүхдийн төлөө сан гээд сайхан нэртэй сангууд бий. Гэтэл тэд юу хийсэн билээ. Улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө мөнгөнөөс үр ашгийг нь хэн, яаж хүртсэн билээ. Үйл ажиллагаа нь ил тод нээлттэй бус, байдаг үгүй нь мэдэгддэггүй иймэрхүү сангуудыг журамлаж, шинэчлэх нь Сангийн яамны зөв. Гэхдээ шинэчлэл нэрийн дор шинээр эхэлж буй үйл ажиллагаануудаа жил ч бололгүй өөрчлөөд байвал төсвийн хөрөнгийг хэмнэх нь байтугай харамч хүн хоёр дахин илүү зардгийг үлгэрийг амьдралд хэрэгжүүлэх үүдийг нээж магадгүй нь байна.

 Д.ОЮУН-ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.