Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Сталин богинохон, бүдүүн хуруугаар номын хуудас эргүүлж байх нь тун онцгүй харагдсан…”

1953 оны гуравдугаар сарын 5-нд Сталин нас барсан. Түүний үхлийн талаарх таамаглал одоо хэр нь хүмүүсийн анхаарлыг татсаар байгаа. Ер нь аливаа улсын удирдагч, хаан, төр тэргүүлж байсан хүмүүс хачирхалтай нөхцөлд амиа алдсан байх нь цөөнгүй.

2012 оны арваннэгдүгээр сарын 27- нд Иордан голын баруун эргийн төв Рамалла хотноо ойрын төрөл садан, Палестиний цагдаа, аюулаас хамгаалах байгууллагынхан, эмч, шинжээчдийг байлцуулан домогт Ясир Арафатын шарилд задлан шинжилгээ хийжээ. Энэ хүний бүхий л амьдрал алагдахвий гэх аюул, аймшгаар бялхаж байсан юм. Гэтэл амьсгал хураасан хойно нь ч ядаж ясыг нь бас зүгээр байлгадаггүй. Арафат хүнд өвчтэй болох нь 2004 оны аравдугаар сарын 28- нд тодорхой болжээ. Маргааш нь түүнийг Парисийн цэргийн эмнэлэгт хүргэж, чанд харуул хамгаалалттай байлгах болов. Ямар ч шуурхай арга хэмжээ, эмч нарын хүчин чармайлт тус болсонгүй. Тэгээд түүний амийг торгоож байсан аппарат хэрэгслийг арваннэгдүгээр сарын 11-ний өглөө эрт салгаж орхилоо.Палестинчууд өөрийн удирдагчийн үхэлд Израилийг буруутгаж байв.

Арафатын бэлэвсэн гэргий Суха түүний эд зүйл, шүдний сойзыг нь Лозанна дахь радиофизикийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдэд өгс өн аж. Талийгаачийн цус, шээс, хөлсн өөс радио идэвхт бодис полоний-210 их тунгаар илэрсэн байна. Тэгээд л Палестиний эрх баригчид түүний цогцсыг шинжлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Шинжилгээнд Оросын мэргэжилтн үүдийг оролцуулахаар болсон байна.

Тэгвэл XX зууны зартай хүний нэг Иосиф Сталины шарил одоо хүртэл Улаан талбайд оршуулсан чигээрээ байж байна. Түүнийг бас хордуулж алсан гэж үздэг хүмүүс бий. Эрх мэдэл хаана байна, түүний төлөө тэмцэл заавал байсаар ирж. Алъя гэсэн удирдагчид руугаа “амьд бөмбөг” илгээх нь сүүлийн жилүүдэд газар авсан. Индира Ганди, түүний хүү Ражив Ганди, Афганистаны Ерөнхийлөгч агсан Раббани нарыг ийн устгасан. Чеченийн Ерөнхийлөгч Рамазан Кадыровыг ийм аргаар хөнөөх гэж нэг бус удаа оролдсон. Зарим тохиолдолд удирдагч нар амийг нь түргэхэн шиг хороож өгөхийг өөрсдөө гуйсан гэсэн яриа байдаг. Өвчиндөө шаналсан Ленин өөрт нь хор өгөхийг Улс төрийн товчооноосоо хүсэж байсан гэлцдэг. Улс төрийн товчоо зөвшөөрсөнгүй. Ленин өвчиндөө шаналсаар. Үүнээс хойш багахан хугацаа өнгөрөхөд намын энэ гол байгууллага Сталины удирдлагаар олон хүнд үхлийн ял оноосон билээ.

Кремлийн эмнэлгийн бодит байдал хүмүүст одоо хэр нь тодорхой болоогүй гэж үздэг. Энэ эмнэлгийг олон жил удирдсан, Леонид Брежнев, Юрий Андропов, Константин Черненко нарыг амьсгал хураахад дэргэд нь байсан академич Евгений Чазовын бичсэн нэг ном хариулт өгөхөөсөө илүү асуулт тавиад орхисон гэж хэлж болно. Битүү хатуу явдал, санаанд оромгүй үхэл, үл ойлгогдох байдлаар амиа хорлосон явдал зэрэг нууц хэвээр үлдсэн юм олон бий. Коммунист Орос улсад эмч нарын оролцоотойгоор амиа алдсан анхны хүмүүсийн нэг нь залуу жанжин Михаил Фрунзе юм. Тэрбээр өвчтэй байхдаа мэс заслын хутга биедээ хүргэхийг огт хүсэхгүй, муу юм болохыг сэтгэлээрээ ёрлоод байсан ч Улс төрийн товчоо нэгэнт шийдвэр гаргасан байлаа. Эцэст нь Фрунзе өөд болсон. Ийм учир нь олддоггүй мэс заслын хоёр дахь золиос нь нэрд гарсан авьяаслаг зохиолч Борис Пильняк юм. Тэрбээр “Шингэдэггүй сарны тууж” хэмээх зохиолдоо армийн командлагч Гавриловт мэс засал хийсэн тухай бичсэн байдаг юм. Гол баатар нь Фрунзе юм байна гэдгийг уг зохиолыг уншсан хэн ч мэдэхэд төвөгтэй биш байжээ. Түүнээс гадна зохиолын өөр нэг баатар нь “би юм байна” гэдгийг тухайн үед Лениний байр суурийг эзлээд байсан хүн бас мэдсэн гэдэг.

Ажилдаа сайн байхын зэрэгцээ амаа хамхиж явах ёстойг Кремлийн эмнэлгийн ажилтнуудад эхний өдрөөс нь л сайн ойлгуулдаг байжээ. Эрх мэдэл бүхий хүмүүсийн, тэр дундаа улсын нэгдүгээр хүний эрүүл мэндийн байдлын талаарх аливаа яриаг тас хориглодог байв. Оросын нэрд гарсан эмч нарын нэг академич Владимир Бехтеревийг 1927 онд Сталин зөвлөгөө авахаар урьжээ. Эмч өвчтөнийг үзэж, түүнтэй анхааралтай ярилцсаны дараа Сталинд “ухаан балайрах өвчтэй” гэсэн онош тавьсан аж. Дараахан нь Бехтерев их театрын тусгай суудалд нөхдийн хамт байхдаа ер бусын өвчтөний талаар ярьчихсан байна. Эрүүл чийрэг биетэй, Ягодагийн төрлийн залуу эмэгтэйтэй суугаад удаагүй байсан академич хэдхэн өдрийн дараа хордлогоор хорвоог орхисон байна.

1930-1950-иад онд болсон дуулиантай шүүн таслах ажиллагаа Кремлийн эмнэлгийн түүхийн нэгээхэн хэсэг юм. Их зохиолч Максим Горький болон түүний хүү, Улс төрийн товчооны гишүүн Андрей Жданов, Валериан Куйбышев нарын үхэлд буруутайгаа “цагаан халаадтай хордуулагчид” хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр эмч нар Сталинд гар хүрч арай л чадаагүй аж. Сталины хувийн эмч, академич Александров 1953 онд баривчлагдсан. Алдар нэртэй эмч нар, түүний дотор Лениний шарилыг занданшуулах технологийг боловсруулсан профессор Борис Збарскийг мөн шүүгдэгчийн сандал дээр суулгахаар бэлтгэж байсан гэдэг юм. Сталин үхсэнээр түүнийг шүүх явдал зогссон аж. Большевикууд Засгийн эрхэнд гарахад өвчин эмгэгт шаналсан хүн тэдний дотор олон байжээ. Нууц байдалд ажилласан, шоронд суусан, цөлл өгт байсан зэрэг нь нөлөөлөлгүй яах вэ. Иргэний дайнд сүйрсэн Орос оронд аятайхан эмнэлэг, сайн эмч байхгүй байгааг Лениний амь насанд халдах оролдлого хийсний дараа л мэдсэн аж. Эмч нартаа хэрхэн хандаж байсныг Булгаков “Нохойн зүрх”-дээ нүдэнд харагдтал бичсэн байна. Ленинийг эмчлэх гэж Швейцарь, Германаас эмч урьж байжээ. Держинскийг эмчлүүлэхээр гадаадад явуулж байв. Төмөр Феликсийг Швейцарь руу явуулсан юм. Бухари бас Европт эмчлүүлж байсан. Харин Сталин өөрөө гадагшаа явдаггүй, өөртөө үнэнч большевикуудыг гадагш нь байнга явуулдаг байв. Ийнхүү гадагш нь явуулахаар Сталины сонгосон хүмүүсийн тоонд өөртөө “Демьян Бедный” хэмээх сонсголонтой нэр өгсөн пролетарийн яруу найрагч Ефим Придворов байв. Тэрбээр гучаад оны эхээр халамцуудаа “Сталин богинохон, бүдүүн хуруугаар номын хуудас эргүүлж байх нь таагүй харагдсан” гээд хэлчихсэн нь “ард түмнүүдийн удирдагчийн” сонорт хүрчихэж. Сталин үүнийг яаж хүлцэх вэ дээ. Бедныйг Кремлээс хөөж, хэвлүүлэх эрхийг нь хориглов. 1928 онд түүнийг гадаадад эмчлүүлэхээр явуулжээ.

Сталин анагаах ухааны ололтод тун тоомжиргүй ханддаг нэгэн байв. Кремльд тэрбээр шөнө орой болтол ажиллана. Энэ дэглэмдээ бусад хүмүүсээ захируулав. Ойр байх зусландаа шөнө дунд шахам очоод сайн хооллож аваад унтахаар хэвтэхэд нь бараг үүр цайж байна. Эм маш ховор ууна. Түүнд зориулж булаг шандын усыг хаанаас ч юм бэ авчирна. Мод агаарын чанарыг сайжруулдаг гэж тэр үздэгээс түүний ажиллаж, амьдардаг бүх өрөө нь модоор доторлосон, будаггүй байдаг байжээ.

Сталины үхлийн талаар олонтаа бичсэн. Тэгэхдээ тархинд нь цус харвасны дараа эмнэлгийн тусламж авч чадалгүй олон цаг болсон байдаг. Эмч дуудна гэдэг Сталин өвдсөн талаар олны сонорт хүргэснээс ялгаагүй. Түүнээс гадна эрх мэдлийг хуваарилах, улс орныг удирдах явдлыг өөрчлөн зохион байгуулах талаар хэлэлцэж тохиролцоход намын удирдлагад хугацаа хэрэгтэй байсан нь мэдээж.

Анхны эмч нар маргааш өглөө нь өвчтөн дээр ирсэн гэдэг. Гэтэл түүний өвчний түүх гэж юм байсангүй. Тэгсэн чинь Сталины хувийн эмч Виноградовыг 1952 онд баривчилсны дараа жолоодогчийн өөрийнх нь шийдвэрээр эмнэлгийн бүх баримт бичгийг устгаж орхисон аж. Эрүүл мэндийнх нь тухай бодит мэдээлэл бусдын сонорт хүрэхийг тэрбээр хүсээгүй гэнэ. Сталины тэр зусланд хамгийн наад захын эм ч олдохгүй байжээ. Олон ажилчин, үйлчлэгчдийнх нь дотор сувилагчийн мэргэжилтэй хүн ер байсангүй. Сталин толгой нь өвдвөл машинаа зогсоогоод хамгаалагчаа эмийн сан руу явуулдаг байсан гэх яриа байдаг.

1953 он болоход “нөгөө Лаврентийн Берия итгэл хүлээхээ больсон” байв. Орос улсын хамгийн нууц объектийн нэг тусгай лаборатори хүчирхэг Бериягийн хяналтад ороод байсныг Сталин мэдэхгүй байх учиргүй. Энд хорон санаат “доктор Үхэл” хэмээгдэж асан профессор, Григорий Майрановский ямар ч ул мөр үлдээдэггүй үхлийн хор боловсруулж байв. Түүний гаргаж авсан хорыг цаазлуулах ялтай хоригдлууд дээр туршдаг байлаа. Сталинд хүч хэрэглэж үхүүлснийг гэрчлэх улс мөр цогцосноос нь олдсон эсэхийг нотлох юм байхгүй.

Бүх эрх мэдлийг өөрийн гарт төвлөрүүлсэн дарангуйлагч, аугаа их орны хүчирхэг удирдагч Сталин 1953 оны гуравдугаар сар болоход хөгширсөн, өвчин эмгэгтэй, ядарсан хүн болж орхисон байв. Зөвлөлтийн гадаад тагнуулын  байгууллагын удирдагчдын нэг нь 1953 оны хоёрдугаар сард Сталины өрөөнд орсон тухайгаа дурсахдаа “Би тамирдсан өвгөнийг олж харав. Сталин хачин их өөрчлөгджээ. Үс нь сийрэгжээд, тэр угийн үгээ зөөж ярьдаг ч энэ удаад их хүчилж байж түүний амнаас үг гарч, үгүүдийнх нь хоорондын зай урт болсон байлаа” гэсэн байдаг. Дайны дараагаас Сталин огцом өтөлснийг түүнтэй байсгээд уулздаг байсан маршал Георгий Жуков ч хэлсэн нь бий. …

Хабаровын хязгаарын Аюулаас хамгаалах газрыг удирдаж байсан дэслэгч генерал Генрих Люшков хэзээ баривчлах бол гэж эмээж байх үедээ 1938 оны зургадугаар сарын 13-нд Японы талд урвасан байна. Тэрбээр Японы тагнуулын байгуулагатай маш ойр хамтран ажиллаж. Квантуны армид зөвлөх болжээ. Люшковт Зөвл өлтийн шүүх эчнээ алах ял оноосон байсан ч 1945 оны зургадугаар сард Зөвлөлтийн цэрэг Дайренд хүрэхээс өмнө япончууд түүнийг буудан хороосон гэдэг. Японы судлаач Хиямагийн бичсэнээр бол япончууд Люшковын удирдлагаар Сталины амь насанд халдахаар маш шаргуу бэлтгэж байжээ. Люшков нэгэн цагт Сочи хотод их удирдагчийн аюулгүй байдлыг хариуцаж байсан болохоор бүхий л юмыг, тэр дотроо хамгаалалтын тогтолцоо, Сталины цагийн хуваарийг сайн мэддэг байв. Улмаар япончууд 1939 онд Зөвлөлт-Туркийн хил дээр “хаясан” орос цагаачдаас бүрдсэн алан хядах бүлгийг чекист явсан Люшков толгойлсон байна.

Гэвч уг бүлэгт Зөвлөлтийн тагнуул шургалсан байснаас уг ажиллагаа бүтэлгүй болжээ. Сталин шөнө орой болтол ажилладаг байсан нь өөрийнх нь төдийг үй тухайн үеийн нам, төрийн байгууллагын ажилтнуудын эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлөөгүй нь ойлгомжтой. Жолоодогч ажиллаж байгаа үед Москвагаас Владивосток хүртэлх нам, төр, аж ахуйн бүх тогтолцоо тэр чигээрээ Засгийн газартай холбодог утас дуугарахыг сэтгэл түгшин хүлээнэ. Дайны туршид мужийн намын хорооны дарга байсан нэг хүн тэр хугацаанд өглөө 05.00 цагт өрөөнөөсөө гараад 10.00 цагт буцаж ирдэг байснаа дурсан ярьсан байдаг. Энэ хугацаанд Сталины хүлээн алах өрөөнөөс ердөө арав орчим удаа утсаар ярихад Сталин ганц удаа л түүнтэй холбогдсон гэсэн. Шөнө дөл болтол ажилласны дараа оройн зоог барих гэж нүсэр ажил байв. Түүнд уригдахыг нэр төрийн явдал гэж үздэг байсан хүмүүс хожим нь тэр тухай ярихдаа үсээ өрвийлгөдөг байв. Очихгүй байж болохгүй. Очсон бол жолоодогч байн байн өөрөө аягалах хатуу ундааг уугаад байх хэцүү. Ийн бийлэгжүү дайлдаг нь хамтран ажиллагчдынхаа эрүүл мэндийг санаатай хорлож буй хэрэг.

Ажлынхаа дэглэмийг өөрчилж, нас, чадлаасаа давсан их хөдөлмөр хийхээс татгалзахыг Сталинд зөвлөнө гэдэг амь насанд ч халтай. Академич Виноградов ийм оролдлого хийгээд эцэст нь Сталиныг галзууртал нь уурлуулж, намайг эрх мэдлээс зайлуулах нь уу гэсэн хардлагад өрт үүлж балрах шахсан гэдэг. Тэгээд Виноградовыг ажлаас нь халаад зогсоогүй шоронд хийсэн аж. Оройн зоогийн үед Сталин өөрөө шинэхэн дарс устай холин шимж, нөхдөдөө болохоор хатуухан “юм” даруй даруй аягалаад байхыг шаардана. Ийм байдлаар хэдэн цаг суухад хүмүүсийн хэл яриа аяндаа хөгжөөд ирнэ. Хрущев, Микоян нар энэ маягийн зоогийн талаар дурсамждаа тун таагүй өнгөөр өгүүлсэн байдаг. Надежда Аллилуеваг амиа хорлосноос хойш Сталинд эмэгтэй хүн байсан болов уу? Түүхчид энэ асуултад янз бүрээр хариулдаг.

Харин 1933-1953 онд ЗХУКН-ын Төв хороонд ажиллаж байсан, Улсыг аюулаас хамгаалах байгууллагын түрүүч Валюша Истомина жолоодогчийн унтлагын өрөө рүү орох эрхтэй байсанд эргэлзэх юмгүй. Тэрбээр Сталины итгэлийг хүлээдэг цөөн хүний нэг байжээ. Хоол, эмийг нь Сталинд тэр л өгнө. Дуурийн дуучин, Оросын сайхан хүүхнүүдийн нэг, ардын жүжигчин, Сталины шагналт Валерия Барсова гэдэг эмэгтэй шөнийн цагаар Сталин дээр зочилж ирдэг байв. Мөн тухайн үедээ Их театрын балетчин байсан Ольга Лепешинская Сталины зуслан дээр байсгээд очдог байжээ. Олон хүний амьдралыг сүйтгэсэн, олон хүнд зовлон учруулсан энэ хүн хөнжил дотроо юм уу шалан дээр үхсэн хэвтэх ёстой биш, хувийн хамгаалагчийнхаа суманд, хувийн тогоочийнхоо өгсөн хоронд, эсвэл ойрын хамтран зүтгэгчдийнхээ бэлтгэсэн дүүжлүүрт амиа алдах ёстой, тэгсэн цагт л шударга ёс ялан мандана гэх хүн олон байдаг. Гэтэл Сталины шарил дээр л хүмүүс цэцэг их тавьдаг гэж сурвалжлагчийн асуултад хариулахдаа Кремлийн хамгаалалтын албаныхан хэлсэн байдаг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.