Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДЭД ДАРГЫГ СОНГОХООС ӨМНӨ Д.СУМЪЯАБАЗАРЫГ ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ЁСТОЙ ГЭВ

 – УИХ-ын дэд даргыг сонгох асуудлаас МАН завсарлага авлаа –

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн ч МАН-ын бүлэг завсарлага хүслээ. Хуралдааны эхэнд МАН-ынхан УИХын 26 дугаар тойргоос дахин санал хураалтаар сонгогдсон Д.Сумъяабазарын тангаргийг өргүүлэх хэрэгтэй гэсэн юм. Гэвч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэх асуудлыг батлах үед энэ талаар хөндөөгүй учраас оруулах боломжгүй гэсэн тайлбар сонсов. 75 дахь гишүүний нэрийг СЕХ-ноос уржигдар УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна.

Гэвч АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Энэ асуудлаар нэр бүхий иргэд Цэцэд өргөдөл гаргасан юм байна. Тиймээс Цэц асуудлыг шийдсэний дараа ярих хэрэгтэй” гэлээ. Ингээд УИХ-ын дэд даргыг сонгох асуудалд оров. Төрийн байгуулалтын байнгын хороо Р.Гончигдоржийг “зовоолгүйгээр” дэмжсэн. Харин чуулган дээр сунжрав. УИХ-д зургаа дахь удаагаа сонгогдон ажиллаж буй, Монгол Улсын УБХ-ын дарга, Дэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга байсан энэ эрхмийг улстөрчийнх нь туршлага, мэдлэгийн хувьд өөлөх хүн гараагүй. Гагцхүү парламентат ёсыг төгөлдөржүүлэх, ардчиллыг бэхжүүлэхийн төлөө намаас хамаарахгүй ажиллахыг захисан юм. Д.Сумъяабазарын тангараг өргөх асуудлыг хойшлуулж байгаад ямар байр суурьтай байгааг нь Д.Лүндээжанцан гишүүн түүнээс асуугаад “Иргэдийн сонголтыг дээдлэх хэрэгтэй. Асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой” гэсэн хариулт авлаа.

МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Сая манайд олон улсын хурал боллоо. Сайн ч зохион байгуулсан. Оролцогчид төгс ардчилал гэж байдаггүйг хэлж байна лээ. МАН-ынхан уг хуралд идэвхтэй оролцож, илтгэл ч тавьсан. Монгол Улсад ч ардчилал төгс биш байгааг хэлсэн, хүмүүс анзаарч байх шиг байна лээ. Олонх дандаа хүч түрж асуудлыг шийдээд болоод байна гэж болох юм. Нэр дэвшигч сая асуудлыг газар дээр нь шийднэ гэлээ. Тиймээс Бүлэг энэ асуудлын хэлэлцүүлгээс завсарлага авч, асуудлыг газар дээр нь шийдье. Эхлээд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргүүлээд, дараа нь дэд даргаа ярих хэрэгтэй” гэлээ.

Хуулийн дагуу завсарлагын хугацаа тав хоног учраас дэд даргыг сонгох асуудал ирэх долоо хоног хүртэл хойшлов. Нэр дэвшигч Р.Гончигдоржоос энэ талаар асуухад “Бүлэг бүрэн эрхийнхээ хүрээнд завсарлага авч байхад надад хэлээд байх зүйл алга. Хүн саналаараа огцоръё гэж байхад завсарлага авч болдог юм чинь сонгох асуудлаар авахад гайхах юмгүй” гэлээ.

 

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.