Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төрийн намын тухай хууль ба мөрөөдлийн жагсаалт

 УИХ-аас улс төр, улс орны амьдралыг тодорхойлох гурван ч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулаад хэдэн сар улирч байна. Эдний нэг нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий, гишүүн С.Баярцогтын ахалсан Ажлын хэсэг.

1990 онд баталж, 2005 онд шинэчлэн найруулсан хууль өнгөрсөн найман жилд цаг үеэсээ хоцрогджээ. Тиймээс болж бүтэхгүй бүхнээ шинэчлэн, шинээр үүссэн харилцааг зохицуулан цэгцлэхээр шийдсэн нь энэ. Ажлын хэсэг хоёронтоо хуралдаад төслийн ерөнхий “араг яс”-ыг босгосон. Ингээд чуулганы завсарлагаанаар улс төрийн 10 орчим намын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг хийсэн юм. Үүнээс өөрөөр дэвшил гарсангүй.

ХӨх тэнгэрийн дээр Үндсэн хууль биш, эрх баригч нам бий

Өнөөдөр Монголд байдал ийм л байгаа. МАН эрх барьж байх үед АН-ынхан энэ өгүүлбэрийг хэлж, шүүмжилдэг байв. Харин өдгөө сөрөг хүчин болсон МАН-аас АН-ынханд уг шүүмжлэлийг буцаан барьж буй. Хэн олонх болсноос үл хамаараад хөх тэнгэрт ч биш, бүр огторгуйд гараад суучихдаг жишиг байгааг үгүйсгэх хүн үгүй биз. Хэнээс ч хараат бус байх учиртай шүүх, хуулийн байгууллагад эрх баригчдын сүүдэр тусаж, гарах шийдвэр тэдний талд хазайх нь бий. Төрийн дээр гарчихсан намуудыг буулгах, хууль эрх зүйн цоорхойгүй орчин бүрдүүлэх нь Ажлын хэсгийн зорилго. Гэхдээ тэд энэ зорилгоо хэрэгжүүлэх хэмжээний төсөл боловсруулж, тэрийг нь УИХ хэлэлцэн баталтал бас хол байна.

Юутай ч дээрх шинэчилсэн найруулгын төсөлд ямархуу өөрчлөлт оруулахаар ажиллаж буйг эргэн нэг сануулъя. Судалгаа хийж, ярилцсаны дүнд Ажлын хэсгээс зарчмын хэдэн санал гаргав. Улс төрийн нам бодлогын үйл ажиллагаа явуулах ёстой, хатуу гиш үүнчлэлийг халъя, намд өмч байх ёстой юу гэдгийг шийдье гэжээ. Намын хатуу гишүүнчлэлийг халах талаар сүүлийн хэдэн жилийн турш ярьж буй. 2009 оноос эхлээд Төрийн албаны тухай шинэ хуулийг мөрдөж, төрийн албан хаагчид намын гишүүнчлэлээс түдгэлзсэн ч сэтгэлгээг нь өөрчилж чадаагүй л байна. Намаар талцах, улстөржих, үүгээр нь далимдуулан бусдын эрхийг зөрчих байдал орон нутагт бүр гаарсан. Ажлаас халах, хэл амаар доромжлох байдлаар хязгаарлагдаж байсан улстөржилт сүүлдээ хүний амь биед халдах хэмжээнд хүртлээ гүнзгийрч байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ИТХ-ын дарга Н.Мөнхгэрэл “АН-ыг дэмжлээ” хэмээн нэгэн иргэнийг машинаар дайрч, хүнд гэмтээсэн хэрэг гарлаа. Байдал ийм хэмжээнд хүртлээ хүндэрч байгааг Ажлын хэсэг анхаарч, хуульдаа хатуухан зохицуулалт оруулах учиртай.

Өөр нэг тулгамдсан асуудал нь намуудын санхүүжилттэй холбогддог. УИХ-ын сонгуульд оролцоод сонгогдсон намуудад авсан суудлынх нь тоогоор төсвөөс санх үүжилт олгодог. Намуудад өрсөлдөх ижил гараа алга, баян, том намуудад давуу эрх олддог тухай гоморхол, шүүмжлэл одоо ч хөвөрч буй. Тиймээс Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийг тусад нь боловсруулахаар Ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Ингэхдээ санхүүжилтийг намын үндсэн үйл ажиллагааны, улс төрийн бодлогын сурталчилгааны, сонгуулийн гэсэн гурван чиглэлээр олгохоор ярьж байна.

Парламентад суудалгүй намынхан сонгуулийн гарааг ижил тэгш болгохын тулд бүгдэд нь яг адилхан санхүүжилт олгох, сонгуулийн сурталчилгаа цацах зай талбайг адил байлгах санал гаргасан.

“Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр энэ яриа бҮтэхгүй”

Гэхдээ энэ бүх яриа Үндсэн хуулийг мөргөөд гацав. “Эцэг” хууль нь өөрөө цаг үеэсээ хоцорсон, нэмж оруулах зохицуулалт, хүчингүй болгох, эсвэл сэргээх заалт олон байгаа учраас түүнийг эхэлж өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай хүн олон байна. Тухайлбал, Г.Уянга гишүүн “Төр нь намуудад, нам нь бүлэглэлд, бүлэглэл нь гишүүдэд, тэд нь сонгогчдодоо дарлуулсан тогтолцоо л байна. Намууд бодлогоороо өрсөлдөх ёстой. Гэхдээ эхлээд үнэт зүйлээ зөв тодорхойлох нь чухал. Үүний тулд Үндсэн хуульдаа нийтлэг үнэт зүйлээ тодорхойлоод, дараа нь ярих ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн. Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр хол явахгүй гэдгийг УИХ-ын олон гишүүн хэлж байгаа юм.

Тиймээс эхлээд Үндсэн хууль, дараа нь Улс төрийн намуудын тухай хууль гэсэн дараалал үүсгэв. Энэ нь ч зөв байж мэднэ. Гэвч Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гээд хоёр УИХ дамжин хэлэлцэж буй шүү дээ. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд бүх ард түмний санал асуулга явуулах ёстой. Харамсалтай нь УИХ-ын 76 гишүүний олонх нь үүнийг тэрүүхэн тэндээ шийдчих том амбийцтай учраас ийм санал асуулга явуулахад дургүй. Энэ мэт олон гацаанаас болоод одоогийн УИХ өөрчлөлт хийчихэж чадна гэсэн баталгаа бас үгүй. Ингээд асуудал мөрөөдлийн жагсаалт болон алсрав. Энэ бодол нь олон гишүүний итгэл үнэмшил болчихжээ. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл мөд бэлэн болохгүй, шаардлагатай өөрчлөлтөө наагуур нь оруулж байя хэмээн Р.Бурмаа, Б.Болор нарын гишүүд үзэв. НИТХ-ын гишүүн тухайн шатны намынхаа удирдах байгууллагад автоматаар орох, Хяналтын хороогоор оруулсан дотоод асуудлаа шүүхээр шийдүүлдэг байх хоёр заалт бүхий тэдний санаачилсан төслийг УИХ-ын өчигдрийн чуулганаар хэлэлцлээ.

Хэсэг хэсгээр нь заалт нэмж оруулж ирэхийн оронд том Ажлын хэсэгтээ чиглэл өгөөд нэгмөсөн яриач гэсэн гишүүд дээрх тайлбараар амаа таглуулж буй. Ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт ч бас Р.Бурмаа нартай ижил бодолтой байна лээ. Хэт том барилга барихаар эхлээд суурийг нь ухаж эхэлснээ одоо нэг ханыг нь хэсэгчлэн барьж буйтай адил болов. Эсвэл анхнаасаа мөрөөдлийн жагсаалт гаргаж, том том зүйл ярихын оронд цөөхөн, зарчмын гол заалттай нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн барих хэрэгтэй байсан бололтой. Сонгуулийн, Үндсэн хуулийн, Улс төрийн намын тухай гурван том хууль хоорондоо уялдаатай. Ажлын хэсгүүд нь хамтарч ажиллаад дарааллаа хэрэгжүүлэх гэсээр байтал энэ УИХ-ын бүрэн эрх дуусах вий дээ.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.