Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОРОС, ЯПОНЫ ХАРИЛЦААНД СААД БОЛДОГ ГОЛ ЗҮЙЛ НЬ КУРИЛИЙН АРЛУУД

 Владимир Путин, Шинзо Абэ нар даваа гаригт уулзаж яриа, хэлэлцээ хийсэн байна. Тэд ярьж хэлэлцсэн асуудлаар байр суурийн зөрүү байгааг гэтэлж, энхийн хэлэлцээр байгуулах шийдвэр төгс байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн эрчим хүчний салбарт болон хөрөнгө оруулах чиглэлд хамтарч ажиллах, анагаах ухааны салбар, Оросын эмнэлгийн төвүүдийг барихад Японы технологийг нэвтрүүлэх тухай ярьсан аж. Эдийн засгийн хэлхээ холбоог хөгжүүлж, хүмүүнлэгийн салбарт хамтрах нь энхийн хэлэлцээрийн асуудлуудыг шийдвэрлэх шилдэг зэвсэг гэж Путин үзэж байв. Түүгээр ч барахгүй энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бодлоор бол “итгэлцлийг сайжруулах маш сайн нөхцөл бөгөөд Орос улсыг зорилгодоо хүрэхэд түлхэц болох аж”. Тус хоёр улсын хооронд энхийн хэлэлцээр байхгүй нь хэвийн явдал биш гэдэг тухайд Орос, Япон улс ижил ойлголттой байна гэж Шинзо Абэ хэлжээ. “67 жилийн өмнө Япон, Оросын хоорондох дайн дуусахад бид энхийн хэлэлцээр байгуулаагүй нь зохисгүй явдал байсныг бид энэ удаа нотоллоо” хэмээн Абэ онцолсон байна.

Японы Ерөнхий сайдын үгээр бол, харилцан хүлээн авахуйц шийдвэр гаргах яриа хэлэлцээрийг түргэтгэхийг Гадаад хэргийн яамддаа хоёр улсын тэргүүн үүрэг болгохоор тохирсон аж. Шинзо Абэгийн үзэж буйгаар, энхийн хэлэлцээр нь “хоёр улсын хооронд шийдэж чадаагүй байгаа хамгийн том асуудал” гэнэ. Орос-Японы харилцааг зохицуулах, энхийн гэрээнд гарын үсэг зурахад хамгийн гол саад болдог зүйл нь өмнөд Курилийн арлууд аль улсынх болох талаарх асуудал юм. Япон, Оросын хооронд нутаг дэвсгэрийн маргаан Дэлхийн II дайн дууссанаас хойш сунжирч буй бөгөөд тэр үед Курилийн арлуудыг ЗХУ-ын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд оруулчихсан юм. Энхийн гэрээний талаар яриа хөөрөөг сэргээнэ гэдэг нь “уг асуудлыг маргааш шийдчихнэ гэсэн үг биш” хэмээн ОХУ-ын удирдагч тодруулав.

Уг асуудлаарх Япон, Оросын байр суурь үлэмж зөрүүтэй байгааг Абэ ч хүлээн зөвшөөрөөд, түүнийг нэг тийш болгохын тулд “яриа хэлэлцээг ултай, суурьтай хийх хэрэгтэй” гэж онцолсныг “Интерфакс” эш татав. Өмнөд Курилийн арлуудыг гадаад орнуудын оролцоотойгоор эзэмшихийг Япон эсэргүүцдэг юм. Энхийн гэрээний талаар яриа хэлэлцээр сүүлийн жилүүдэд тасалдсаныг Путин ч хүлээн зөвшөөрсөн байна. Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа Оросын Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд нарын хөндсөн нэг чухал асуудал байлаа. “Нүүрс, устөрөгчийн Оросын нөөцийн хувьд уламжлалт түншүүд болон өөрийн орны хэрэглэгчдэд хохирол учруулалгүйгээр Японы өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадна” гэж Путин мэдэгджээ.

Эцэст нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн салбарт ч хамтарч ажиллах боломжтой гэж тэр үзэж байв. Япон улс байгалийн хийн хэрэгцээнийхээ 10 хувийг Оросоос авч байгаа аж. Энэ хоёр улс усан онгоц бүтээх салбарт бас хамтарч ажиллах бололцоотой юм байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд Японы олон улсын хамтын ажиллагааны банк, Оросын “Внешэкономбанк” харилцан меморандум байгуулж гарын үсэг зурсанд Путин, Абэ хоёул сэтгэл өндөр байлаа. Эм үйлдвэрлэлийн “Такеда” цогцолбор 100 сая долларын хөрөнгөөр Ярославльд босож, 2014 онд үйл ажиллагаагаа эхлэх аж.


 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.