Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОРХОН МАНЛАЙЛЖ, ДУНДГОВЬ БАЯН ХОДООД БОЛЖЭЭ

Монголчууд аймгуудаа зүг чигээр баруун зүүн, байгалийн тогтолцоогоор нь хангай, говийн гэх зэргээр ангилдаг. Төр засаг янз бүрийн шалтгаанаар аймгуудыг нэгтгэнэ, задална. Бүтэц өөрчлөх бүрт сумууд нэрвэгдэж томорно, эсвэл алга болно. Монголын хөдөөд суурин амьдрал хэвшүүлэх талаар урт хугацааны бодлого байдаггүй. Сүүлийн үед хориод аймгуудыг нэгтгэн тав болгон цомхтгох тухай яриа гарч байгаа. Монголын улстөрчид гэж зохион байгуулалтын өөрчлөлт хийхээс илүү гарахгүй чадваргүй нөхдүүд. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрт өөрчлөлт ордоггүйг ч мэдэхгүй.

Иргэд аймгийнхаа хурдан морь, хүчит бөхөөрөө гайхуулна. Бөхөө түрүүлүүлэх, цол нэмүүлэхийн төлөө бол улс төрийн үзэл бодол, намын харьяалал, бизнесийн өрсөлдөөн ямар ч хамаагүй болж мөнгөө нийлүүлэн “найрна”. Цолыг худалдаж авчихаад ичих зовох ч үгүй, хамтаараа л хийсэн бол гэмт хэрэг ч зөв. Нутгийнхаа нэрийг мандуулсан гээд нижгэр найр хийж өөрсдийгөө магтан хөөрнө. Уг нь бол үр хүүхдүүдээсээ ч ичмээр.

Монгол хүн төрсөн нутгаараа бахархан, нутаг усаа хөгжүүлэх өөр олон арга зам бий. Аймгууд хийсэн бүтээснээрээ, өөрийн сор бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон дэлхийн зах зээлд гарснаараа өрсөлддөг болчихвол хөдөөгийн амьдралд агуулгын өөрчлөлт гарах юм.

Яг энэ үйлсийг орон даяар өрнүүлэх зорилготой анхан шатны мэдлэг, мэдээлэл өгөх, аймаг, орон нутгийн иргэдийг татан оролцуулах зорилготой судалгааны ажлыг хийж тайлан болгосноо Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс саяхан гаргажээ.

Энэ тайланд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу эдийн засаг, нийтийн засаглал, хувийн хэвшил, дэд бүтцийн байдлыг 180 үзүүлэлтээр аймаг тус бүрээр хэмжин харьцуулж, эрэмбэлэн өрс өлдөх чадварын индексийг тогтоосон байна. Энэ тайлан жил бүр гарах учир аймгуудын холбогдох бүх тал өөрсдийн одоогийн байдлаа харьцуулж харах, юуг өөрчлөн сайжруулахаа олж төвлөрөхөд үнэтэй хувь нэмэр болно. Хэмжиж болохгүй зүйлийг удирдаж болдоггүй учир ядаж бусадтай харьцуулахад хаана байгаагаа ойлгох юм. (Тайлан www.ercr.mn сайтад бий).

Энэ тайланг гаргагчид хөдөөнийхөн хөгжлөөс гээгдээд байгааг зогсоохын тулд нэгдүгээрт, авто зам, дэд бүтцийг хөгжүүлэх, хоёрдугаарт, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, гуравдугаарт, авлига, хүнд суртлыг арилгах, дөрөвдүгээрт, эрүүл мэнд, боловсролын тогтолцоог сайжруулах, тавдугаарт, уул уурхайн орлогыг зохистой ашиглах зэрэг таван төрлийн асуудлыг шийдэх ёстойг онцолжээ.

Энэ тайланд өрсөлдөх чадвараар нь аймгуудыг эрэмбэлэхэд Орхон аймаг манлайлж, Өмнөговь удаалж, Дархан-Уул гурвалсан бол Дундговь аймаг баян ходоод болсон байна. Шалтгааныг тайлангаас та бүхэн нарийвчлан харж болно.

Мөн өнгөрсөн жил Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны захиалгаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын гаргасан “Орон нутагт бизнесийн орчны шалгуур үзүүлэлтийг боловсруулах, 2011 оны индексийг гаргах судалгаа”-гаар төсөөтэй дүр төрх гарч байна.

Үнэт зүйлийг бүтээгч хувийн хэвшлийнхэн аливаа бизнес эхлүүлэх (Дархан-Уул нэгдүгээр, Дундговь 22 дугаар байр), зөвшөөрөл авах (Дорноговь эхнийх, Дундговь эцсийнх) өмчийн бүртгэл (Сүхбаатар нэгдүгээр, Төв 22 дугаар байр), зээл санхүүжилт олох (Дархан-Уул нэгдүгээр, Ховд 22 дугаар), татварын орчин (Өвөрхангай нэгдүгээр, Төв 22 дугаар) гадаад худалдаа эрхлэх (Говьсүмбэр нэгдүгээр, ГовьАлтай 22 дугаар) гэрээ хэрэгжүүлэх (Сүхбаатар нэгдүгээр, Төв 22 дугаар) зэрэг үзүүлэлтээр хэмжсэн тайлангийн хамт олон чухал мэдээлэл өгч байна.

Ер нь аймгууд өөрийн онцлогоороо ялгагдаж, хоорондоо өрсөлдөж байж улс орон хөгжинө, нийслэл хотын дэд бүтцийн ачаалал ч буурах юм. Гэхдээ аймгууд шууд өрсөлддөггүй, хувийн компаниудын түвшинд өрсөлдөөн явагддаг.

Аймгууд одоо байгаа зах зээлийг булаацалдахаас гадна (улаан стратеги) цоо шинэ бүтээгдэхүүн бий болгож шинэ хэрэглэгчийг бий болгох (цэнхэр стратеги) боловсруулах хэрэгтэй. Жишээ нь, аялал жуулчлалын салбар гэхэд л Хөвсгөл аймаг өвөлдөө уулын цанаар гулгах, зундаа гольф тоглуулах нөхцөлийг олон улсын стандартад хүргэн хөгжүүлж, Зүүн өмнөд Азийн аймшигтай халуунаас зугтуулан шууд нислэгээр зохион байгуулж болохгүй юу байх билээ. Аймаг бүр өөр өөрийн онцлогтой гольфын талбай байгуулж бусад үзмэртэйгээ хослуулж болно.

Мөн байгалийн цэвэр бүтээгдэх үүнтэй хольсон цай, жимс, зөгийн бал, сүү болон махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир зэрэг орон нутгийн ялгааг онцолсон бүтээгдэхүүн гаргаж эхэлж байгаагаа үргэлжлүүлэн Улаанбаатарт, дараа нь хөршүүдийн ойрын хотуудад, яваандаа Азийн бүс нутагт гарах төлөвлөгөөтэй ажиллах ёстой.

Улс орон даяар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн аймгаас гадна бусад аймагт ч тодорхой харьцаагаар хүртээх бодлого баримталбал (Канад улс роялтиг тэгж хуваадаг) аймаг бүр газраа ухах дон шүглэхгүй байх нөхцөл бүрдэнэ.

Ер нь бид аймаг бүрээр хөгжлийн төлөвөө хорь, гучин жилээр тогтоож чадвал олон асуудлыг урьдчилан харж бэлтгэлээ хангаж болох юм. Жишээ нь, Орхон аймаг 30 жилийн дараа Эрдэнэтийн зэсийн ордын нөөц дуусахаар ямархуу хот байх, иргэд нь юу бүтээж амьдрах вэ гэдэг асуудлыг хэн бодож байна вэ? Олон улсад уул уурхайн дагнасан хотууд энэ тухай өмнө нь бодоогүй учир “сүнс хот” болоод хоцордог.

Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчөөс нийтийн өмч болгох, тодорхой хувийг нь орон нутгийнхан эзэмшдэг болох, ашгаасаа “Post 2040” сан байгуулан хуримтлуулах зэрэг арга хэмжээ яаралтай авах ёстой.

Уул уурхай дагасан бусад газар ч энэ талаар бодох, уурхайн нөөц нь дуусахаар ямар замаар амьдрахаа тодорхой болгох, үлдсэн хөрөнгөө яаж ашиглах, юунд өөрчлөн шилжүүлж тухай хүртэл бодох хэрэгтэй.

Энэ бүхнийгээ бодож судлаад, нэг төлөв тогтоочихвол ирээдүй нь тодорхой болж улс төрийн намаар талцдаг, аль нэг этгээдийг сонгох, эсвэл огцруулахын төлөө ухамсарт амьдралаа зориулдаг биш, улстөрчид ч юу хийхээрээ биш, яаж хийхээрээ өрсөлдөх болно, амлалтыг нь хэмжихэд ч амар болно.

Ер нь баруун аймгуудын нэг нь хязгаар нутгийн, эсвэл улс орны, яваандаа бүс нутгийн боловсролын, эсвэл эрүүл мэндийн, эсвэл аль нэг өөр чиглэлийн төв болон ялгахаар стратеги боловсруулж холбогдох дэд бүтцийг одооноос тавих нь ухаалаг алхам юм.

Аймгууд эдийн засгийн эрх мэдлээ зөвхөн төсвийг захиран зарцуулахад ч биш, мөн одоо байгаа татварыг нэмэхгүйгээр орон нутгийн татварыг шингээж, орон нутгийн гэж ялган ангилж тухайн орон нутгийн нийгмийн төслийг санхүүжүүлэх зорилгоор аймгийн бонд гаргах, түүнээс олж буй орлогоос (купоноос) татвар авдаггүй байх зэрэг бодлогыг ч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Ямар ч гэсэн аймгууд өөрсдийн давуу талаа ойлгох, сул талаа хэрхэн өөрчлөх тухай ажил хэрэгчээр хэлэлцэх, эдийн засгаа өрсөлдөх чадвартай болгох хэлэлцүүлгийг аймгийн нийтийн удирдлага, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдийн оролцоотойгоор ярилцан чуулах цаг болжээ.

Орон нутаг сэрж, морь, бөхөөсөө гадна оюун ухаанаараа уралдаж, бизнесээрээ өрсөлдөн дэлхийн зах зээлд гарах цаг болжээ. Дэлхий дээр биднийг байлдаж явахад цэргээ гаргаагүй аймаг байхгүй л байсан даа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.