Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.ЦИЙРЭГЗЭН: Монголын төр, засаг эгзэгтэй үед тусгай албаа нүд үзүүрлэсэн

Б.Цийрэгзэн аюулаас хам гаалах байгууллагын мэргэшсэн ажилтан юм. Тэрбээр ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх УАХХ-ны Дээд сургууль төгсөж, Өрнөдийн орнуудаар мэргэжсэн хүн.

Ажлын гараагаа ч тухайн үеийн НАХЯ-нд төлөөлөгчөөр эхэлсэн гэдэг. Сүүлдээ тус яамны нэгдүгээр орлогч сайд бөгөөд Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газар (УАХЕГ)-ын дарга, 1990 онд НАХЯ-ыг татан буулгахад одоогийн ТЕГ-ын үндэс болсон Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын анхны даргаар нь ажиллаж байсан юм. Мөн Куба, Хятад улс, НҮБ-д дипломат алба хашиж байв.

1985 онд түүнд генерал цол олгожээ. Б.Цийрэгзэнтэй хийсэн ярилцлагаа сонирхуулъя.

-Сайхан хаваржиж байна уу, Та. Цааргалж байгаад ч гэсэн бидэнд ярилцлага өгөх болсонд талархал илэрхийлье. Энэ өвөл хүндхэн боллоо. Ирж яваа цаг болохоор удахгүй сайхан болох биз. Та ер нь энэ жилийнх шиг хүнд өвөл үзсэн үү?

– Хот суурин газар амьдарч байгаа болохоор зудын хүндрэлийг биеэр туулалгүй гайгүй л хаваржиж байна. 1944 оны бичин жил айхтар зуд болсон гэдэг юм билээ. Түүнээс хойш энэ жилийнх шиг зуд болоогүй байх. 9000-гаад малчин өрх хотоо харлуулсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгааг сонсоход үнэхээр гамшиг тохиолджээ.

-НАХЯ-ыг татан буулгаж УАБХЕГ-ыг байгуулсан нийгмийн шилжилтийн ээдрээтэй цаг үед Та энэ байгууллагыг удирдаж бай сан. Тухайн үед тагнуулын байгууллагын мэргэшсэн олон ажилтан ажлаа орхисон, мэдээж амар байгаагүй байх. Энэ тухай Таны яриа хүмүүст сонирхолтой байх нь лавтай.

1990 оны дөрөвдүгээр сард НАХЯ-ыг татан буулгаж Цагдан сэргийлэх байгууллагыг бие даалгаж, Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газар, Хилийн цэргийг удирдах газар хоёрыг үлдээж, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрыг байгуулж, даргаар нь намайг томилсон юм. Яамыг татан буулгаж, орон тоог нь цомхотгоход хамгийн их өртсөн байгууллага нь УАБХЕГ байсан юм. Манай газраас 100 орчим ажилтан цомхотголд өртөх болсны 94-ийг нь Цагдан сэргийлэх байгууллагад орон тоо, төсвийн хамт шилжүүлж, заримыг нь тэтгэвэрт гаргасан. Үүнтэй холбогдуулан нэг зүйлийг хэлэхэд, Цагдан сэргийлэх байгууллагад шилжүүлэх 94 ажилтныг сонгох доо УАБХЕГын удирдлага нэр зааж өгөөгүй зөвхөн хүний тоог тогтоож, харин тухайн газар, хэлтсийн хамт олон хэлэлцэж, шилжүүлэх хүмүү- сийг тодруулсан юм.

Тухайн үедээ хүчтэй байсан НАХЯ-ыг задлан, жижиглэж Улсыг аюулаас хамгаалах байгууллагыг ийнхүү цомхотголд илүүтэй оруулсан нь ардчилал, хүний эрхийн халхавчин дор энэ байгууллагыг сульдааж, Монголын төрөөр тоглож, төрийн өмч, эх орны баялгийг гадаадын улс гүрнүүдийн заавар удир – дамж, санхүүгийн дэмжлэг тэйгээр цөөн хэдэн хүн завшин хөрөнгөжиж, гаднын нэг гүрний эдийн засгийн хараат болгох гэсэн алсын тооцоотой ажиллагаа байсныг 1990 оноос хойших үйл явдлууд улам бүр нотлон харуулсаар байна. Монголын төр засаг энэ чухал байгууллагыг нүд үзүүрлэх болсонд гомдсон чадварлаг цөөнгүй ажилтан амьдралаа бодож зах зээлийн нийгэмд зохицон амьдрахаар бизнесийн салбар руу шилжсэн. Ардчиллыг Өрнөдийн, тухайлбал Америкийн удирдамж заавар, санхүүжилтээр өрнүүлсэн. Энэ нь зөвхөн Монголд ч бус тухайн үеийн бүх социалист оронд өрнөж, түүнд Өрнөдийн тусгай албад онцгой үүрэг гүйцэтгэснийг АНУ-ын ТТГын тэр үеийн нэг дарга хожим бахархан тэмдэглэсэн байдаг юм. Социалист орнуудад ардчиллыг АНУ тэргүүтэй өрн ө дийнхөн өрнүүлж, ялалтад хүргэсэн боловч Монголын эдийн засаг, улмаар улс төрд манай урд хөрш БНХАУ-ын нөлөө давамгайлах болсон нь бодит үнэн юм.

Та ажлаа өгснөөс хойш ажин түжин байна. Таны зиндааны ажил хийж байсан хүмүүс насаа ахиад ирэхээр гадаадын аль нэг оронд атташе эсвэл консул энэ тэрээр суудаг, үгүй ядахдаа нэг компанийн зөвлөх хийгээд явдаг юм билээ. Харин Та таг чиг болсон. Сураг тасарсан энэ хугацаанд юу хийж байв?

-Шинээр байгуулагдсан УАБХЕГ-ын дарга байхдаа би “ажлаасаа чөлөөлөгдье. Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн аль нэг газрын зохих тэнцэх албанд намайг томилон ажиллуулна уу” гэж тэр үеийн төр засгийн тэргүүн нарт хүсэлт тавьсан бол “Энэ золигийн амыг нь дагуулж хурдхан зайлуулъя” гээд томилчих байсан байж ч магадгүй. Би чинь тухайн үеийн нам, төрийн бодлого шийдвэрээр тусгай албаны сургуульд сурч, олон улсын харилцааны мэргэжил эзэмшсэн, ажлаа зал гуул чих гадаадын гурван хэл гадарлах болсон хүн. Гэвч би ийм хүсэлт тавиагүй. “Эрүүл мэнд сайнгүй байна. Ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтээ тэр үеийн Сайд нарын Зөвлөлийн дарга Ш.Гунгаадорж гуайд 1990 оны долдугаар сарын 7-нд бичгээр өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй.

Харин Д.Бямбасүрэн мөн оны есдүгээр сард Ерөнхий сайд болоод аравдугаар сард хүсэлтийг минь шуурхай шийдвэрлэж өгсөн юм. 20 жилийн өмнө ажлаас чөлөөлөгдөхдөө цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон. Хүүхдүүд маань бага, хоолондоо хүрээгүй байсан болохоор тэтгэв рийн хэдэн төгрөгөөр ам бүлээ тэжээхэд хүнд байсан учир хэд хэдэн байгууллагад ажилласан. Эхлээд Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төв, УИХ-ын Судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан, Интерполын Үндэсний товчоонд нарийн бичгийн дарга, ТЕГт зөвлөх, бас Монголынхоо хувийн хоёр ч компанид гурван жил ажилласан.

-Богд хаант засгийн үеэс эхтэй манай Гадаад тагнуулын байгууллагыг оросууд өөрийн армийн дэргэд авчирч, зөвлөх нэртэй ажилтнаараа өдөр тутмын ажлыг нь хянуулж байсан тэр үе ард хоцорч, бид бие даан үйл ажиллагаа явуулах болсон. Оросуудаас салсны дараа энэ байгууллагыг бэхжүүлэх амаргүй ажил Таны үеийнхний нуруун дээр буусан. Тэр үед хүнд байсан уу?

-Монгол Улсад 1990 онд ардчилсан хувьсгал гарч манай орныг 70 жил удирдсан МАХН-ын дагнасан засаглалыг өөрчилж, олон намын оролцоотой Парламентын тогтолцоог бий болгох хүртэл хуучнаар ЗХУ-ын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөхүүд манай гол бүх яам, газруудад ажиллаж байсныг миний үеийнхэн мэднэ дээ. Гадаад яаманд л Зөвлөлтийн зөвлөх байгаагүй, тэгэхдээ манай гадаад бодлого ЗХУ-ын гадаад бодлоготой нягт уялдаатай, түүнээс ангид байгаагүй. Миний үед НАХЯнд ажиллаж байсан зөвлөхийн аппаратын гол зорилго нь Монголын нутаг дээр болон Монголын нутгаас “гол дайсан” орнуудын тусгай албадын эсрэг ажиллахад л оршиж байсан.

Тэр үед НАХЯ тагнуулын ажиллагаа явуулах, хил хамгаалах, дотоодын хэв журам сахиулах үүргийг өөртөө хүлээсэн хүчирхэг бүтэц байлаа. Манайх шиг жижиг улсад ажлын уялдаа, төсөв хөрөнгөний талаас нь авч үзвэл тэр үеийн тогтолцоо зөв байжээ гэж одоо ч би боддог. Оросын зөвлөхүүдээс салснаас хойш УАБХЕГ-ыг би зургаан сар л удирдсан хүн. Цаг үе хүнд байсан. Аюулаас хамгаалах байгууллага руу сонин хэвлэл тасралтгүй дайрдаг байлаа. Энэ байгууллагын удирдлагад өөрс дийн хүнийг гаргах гэсэн ардчилсан хүчнийхний сонир хол, түүнийг дөрөөлж удир дах албан тушаалд оччих хүсэлтэй зарим хүний явуулгаас болж тусгай албаны маань ажиллагааны нууц ч задрахад хүрч байлаа.

-Монголчууд тагнуулын үйл ажиллагаа явуулах хэдэн мянган жилийн уламжлал, түүхтэй гэдэг юм билээ. Социалист нийгмийн үед энэ ажлаа бие даан гүйцэтгэж чаддаг байсан уу, эсвэл оросуудын амыг хардаг байв уу?

-Социалист нийгмийн үед манай тагнуулын байгууллага тусгай албаны сайтар бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчинтэй байжээ. Гадаад тагнуулын чиглэлд оросуудын хийх боломжгүй байсан ажлыг ч манайхан хийж л байлаа.

Танаас асуулгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Юу гэвэл зах зээлд шилжээд хүндхэн байсан тэр цагт улсын нөөцөд байсан жаахан (2.4 тонн ч билүү) алтыг цэвэршүүлэх нэрээр гадаадад гаргаад алдсан түүхийг Таныг сайн мэднэ гэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хэлсэн байна лээ. Энэ талаар нэг хэсэг шуугиж байгаад таг болсон. Та энэ асуудлыг хэр мэдэх вэ. Алт гадаадад гаргаж цэвэршүүлэх эсэх асуудал танай байгууллагад хамаатай байсан хэрэг үү?

-Гадаадад алт цэвэршүүлэх эсэх нь төр, засгийн шийдвэрлэх асуудал. Түүнийг замд нь алдчихгүй хүргэх хамгаалалтыг зохион байгуул гэж төр засгийн тэргүүн нар үүрэг өгвөл манай байгууллага биелүүлэх л ёстой. 1990 онд гадаадад гаргасан 2,4 тонн алтны асуудал ийм л журмаар шийдэгдсэн юм. Энэ хэрэг явдлыг мэдэх цөөн гэрчүүдийн нэг нь би. 1990 оны есдүгээр сарын сүүлчээр Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нар намайг дуудаж, “Англид алт цэвэршүүлэхээр гаргах хэрэгтэй байна. Үүнийг маш нууцалж оросуудад мэдэгдэлгүй, Лондонд хүргэх хамгаалалтын ажлыг зохион байгуул” гэсэн үүрэг өглөө. Би “Оросуудад мэдэгдэлгүй Оросын түрээсийн онгоцоор Оросын нутаг дээгүүр яаж гаргах юм бэ. Алт гадаадад гаргах гэнэ гэсэн яриа манай нисэхийнхний дунд аль хэдийнэ гараад байгаа мэдээг ч бид аваад байна” гэлээ. П.Очирбат “Тэгвэл өөрөө Зөвлөлтийн коллег(ижил албан тушаалтантайгаа)- тойгоо очиж уулзаад, алтны хамгаалалтын талаар хүсэлт тавихаар даруйхан яв” гэсэн үүрэг өгсөн. Би есдүгээр сарын 27-нд Москвад очиж, тэр оройгоо ЗХУКН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Аюулаас хамгаалах хорооны дарга В.А.Крючковтой уулзан дээрх хүсэлтийг тавьсан юм. Алтыг Лондонд хүргэх манай түрээсийн онгоц Москвагаас Улаанбаатарт 28-ны өглөө ирээд буцах байлаа. Гэтэл түүнд гэмтэл гарч саатав.

Энэ тухай Ерөнхий сайд Д.Бямбасүрэнд би Москвагаас мэдэгдсэн. Ингээд 2,4 тонн алтаа Зөвлөлтийн зорчигч тээврийн онгоцоор 28-ны үдээс хойш Москвад хүргүүлснийг түрээсийн ганц онгоцондоо шилжүүлэн ачиж тэр оройд нь Лондонд хүргүүлж зохих газарт нь хүлээлгэн өгсөн түүхтэй. Алтыг дагалдаж Монголбанкны дэд дарга Баяр, УАБХЕГ-ын ажилтан Адилбиш, Мэндсайхан нар хамгаалж явсан. 1990 оны аравдугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш мэдэхнээ ардчиллын нэр бүхий хэдэн нөхөд дилер тоглож барьцаанд нь тэр алтыг тавьж алдсан юм билээ. Хэрэг явдлын нарийн учрыг тэр үеийн төр, засгийн тэргүүн нар эхнээс нь дуустал бүрэн мэдэж, гар бие оролцсон нь нуухын аргагүй үнэн.

-Таныг энэ байгууллагад ажиллаж байхад Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчдийн, намын эсрэг бүлгийн гэх олон асуудал гарч байсан. МАХНын Төв хорооны нарийн бичгийн дарга асан С.ТөмөрОчирын амийг 1985 онд Дарханд гэрт нь хөнөөсөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа энэ жил дуусаж байгаа. Эзэн холбогдогч нь өнөө хэр илрээгүй энэ хэргийн талаар янз бүрийн таамаг байдаг. Түүний амийг хөнөөхөд манай тусгай алба оролцсон гэх яриа ч байсан. Гэтэл Намын эсрэг бүлгийн гэх хилс хэрэгт холбогдон нутаг заагдсан хүмүүсийг 1980-аад оны сүүлийн хагасаас эхлэн НАХЯ хяналтаасаа гаргасан байсан гэж зарим нь ярьдаг. Энэ хэргийн талаар Та сайн мэдэх хүний нэг. Үнэхээр танайхан хянаж байсан уу, эсвэл хяналтаас гаргасан байсан юм уу?

-Намын эсрэг бүлгийн гэх хэрэг намайг оюутан байх үед гарсан. Харин Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчдийн асуудал болон С.Төмөр-Очирын амийг хөнөөсөн хэрэг намайг УАХБ-д ажиллаж байх үед гарсан юм. Би 1984 оны арваннэгдүгээр сард НАХЯ-ны I дүгээр орлогч сайд бөгөөд УАБХЕГ-ын даргын албан тушаалд томилогд соныхоо дараа намын эсрэг бүлгийн гэх хэргийн материалтай танилцаж байгаад тэдгээр хүмүүсийг АХБ-ын хараа хяналтад цаашид байлгаад байх нь ач холбогдол багатайг ойлгож, хянах шаардлагагүй болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Учир нь тэдний нас сүүдэр өндөр, улс төрд үзүүлэх нөлөө боломж нь хязгаарлагдмал болсон байлаа. Энэ тухай чиглэлийн албаны дарга нартаа хэлж хяналтыг зогсоосон юм.

С.Төмөр-Очирын амь насыг гэрт нь хөнөөсөн хэрэг намайг удирдах ажилтны богино хугацааны курст гадаадад суралцаж байхад үйлдэгдсэн байлаа. АХБ уг хэргийг улс төрийн талаас нь авч үзээгүй хүн амины ноцтой хэрэг гэж үзэн тэр чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байлаа. Гэтэл уг хэргийг улс төрийн өнгө аястай болгосон хэл яриа олны дунд цухалзаж эхэлсэн. Ийм учраас АХБ-ын Мөрдөн байцаах хэлтэс болон холбогдох албад хэрэг үйлдсэн эзэн холбогдогчийг тогтоох зорилгоор багагүй хүч гаргаж ажилласан боловч хөдлөшгүй баримт, нотолгоо олж чадаагүй юм. Мөрдөн шалгах ажиллагаагаар нэлээд мэдээ, материал цуглуулсан бөгөөд тэдгээрийг нэгтгэн дүгнэлт хийж үзэхэд хэрэг үйлдсэн байж болох илүү магадлалтай нэг этгээд илэрсэн. Гэвч эд мөрийн гарцаагүй нотлох баримт олдоогүй юм. Энэ хэргийг мөрдөн шалгасан материал Улсын мөрдөн байцаах газарт хадгалагдаж байгаа байхаа. С.Төмөр-Очирыг улс төрийн зорилгоор хөнөөх ямар ч шаардлага АХБ-д байгаагүйг тухайн үед тэр байгууллагыг удирдаж байсан хүний хувьд би баттай хэлж чадна.

Энэ хэргийн мөрдөн байцаалтад танайхан ямархуу байдлаар оролцож байв. Яагаад энэ хэргийн талаар онцлоод байна вэ гэхээр их хэлмэгдүүлэлтээс хойш гарсан улс төрийн гарал үүсэлтэй байж болох анхны хүн амины хэрэг байсан. Түүнээс хойш Аварзэд, С.Зориг гээд олон улстөрчийн үхлийг улс төрийн шалтгаантай гээд байгаа. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Та гадарлах байх, танай байгууллагаас Ажлын хэсэг хүртэл томилогдож байсан шүү дээ…

С.Зоригийг хөнөөсөн хэрэг намайг аюулаас хамгаалах байгууллагаас гарснаас хойш 10-аад жилийн дараа үйлдэгдсэн болохоор тэр хэргийн талаар миний мэдэх юм хэвлэлд нийтлэгдэж байсан зүйлээс хэтрэхгүй. Хэргийн амьд гэрч байсаар байтал алуурчныг илрүүлж чадахгүй байгаа нь нэн ойлгомжгүй, сэжигтэй. Энэ хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоос айдаг нөлөө бүхий улстөрчид, улс төрийн хүчин байна даа гэсэн бодол надад төрдөг.

-Сүүлийн үед Монгол Улсын аюулгүй байдал, ялангуяа эдийн засгийн аюулгүй байдал ихээхэн алдагдаж байгаа талаар хаа сайгүй ярих болсон. Нэгэн цагт улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахад нүд, чих нь болж явсан ахмад ажилтны хувьд Та ямар бодолтой явдаг вэ?

-Олны яриа оргүй байдаггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны сонорт хүрч байгаа зарим тоо баримтаас эрэгцүүлээд, манай улсын аюулгүй байдал, түүний дотор бидний нандигнан хамгаалах ёстой дээд шүтээн– тусгаар тогтнол ч хэврэгшиж байгаа юм уу гэж бодож явдаг хүмүүсийн нэг нь би. Монгол Улс Оросын хараат байдлаас гарлаа гэж нэлээд нь онгирцгоосон.

Гэтэл одоо эдийн засаг маань Хятадаас хараат боллоо шүү дээ. Эдийн засгийн тусгаар тогтнолоо алдвал улс төрийн тусгаар тогтнол ор нэрийн төдий болдгийг өнгөрсөн түүх маань сургамж болохоор харуулсан биш бил үү. Төрийн шагналт яруу найрагч Зундуйн Дорж “Хэл, хил, мал гуравтайгаа байхад Монгол Монголоороо байна аа” гэж хэлсэн шиг санагдаж байна. Мал нь зуд турханд хорогдсон ч бэлчээрээ сүйтгүүлчихгүй бол нөхөн үржинэ. Улсын дархан хил байна уу гэвэл байна. Түүнийг хамгаалж байна уу гэвэл, хамгаалж байна. Гэтэл эх орны маань газрын дээрх болон, газрын хэвлий дэх баялгийг гадныхан, тэдний гар хөл бологч шунахай сэтгэлтнүүд дур зоргоороо эзэгнэж байна. Эх орны нөөц баялгийн үр шимийг эрх мэдэлтэй цөөн хүн хахаж цацталаа хүртэж, ард түмний маань дийлэнх олонхийн амьдрал доройтсоор байгааг бид бүхэн харж, бие сэтгэлээрээ мэдэрч эхэллээ шүү дээ.

-Манай улстөрчид гэгдэх хүмүүс төрийн тусгай албаараа мөн ч их оролдох юм. Ийм улс орон манайхаас өөр байдаг болов уу. Болж л өгвөл эрх барьж буй нам, хүчнүүд өөрийн хүнээ энэ байгууллагад шургуулахыг эрмэлзэх болж, ямар сайндаа гурван сарын курс төгссөн эсэх нь мэдэгдэхгүй нэг нөхрөөр бүхэл бүтэн тусгай албаны дэд дарга хийлгэж байх юм. Хэн дуртай нь хийчихдэг алба биш байлтай.

-Парламентын тогтолцоотой ардчилсан оронд сонгуульд ялж засгийн эрх авсан нам, Ерөнхийл өгчийн засагтай оронд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тусгай албаныхаа удирдлагад өөрийн хүнийг томилдог жамтай. Харин тэр хүн нь тусгай албаа тухайн нам, тухайн Ерөнхийлөгчийн явцуу эрх ашигт бус эх орон, ард түмний язгуур эрх ашигт үйлчлүүлж чадаж байгаа эсэхэд асуудлын гол нь байгаа юм. Та хоёр надаар хэлүүлчих гээд хатгаад байгаа дэд даргын тухайд гэвэл ТЕГ нэг дэд даргатай байсныг одоо хоёр дэд даргатай, тэдний нэг нь тэргүүн дэд гэсэн шинэ орон тоотой болсон юм билээ. Дэд дарга нь мэргэжлийн хүн.

Тэргүүн дэд даргынх нь хувьд гэвэл үндсэн мэргэжил нь багш, эрх зүйч, гадаад оронд тусгай албаны академийн дээд курст суралцсан хүн юм байна гэж ойлгосон. Өмнө нь ТЕГ-ын Тамгын газрын дарга байсныг нь мэдэх юм. Мөн УИХ-ын гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороонд зөвлөх, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга байсан гэсэн.

-Сүүлийн үед тусгай албаны дарга нар халагдахаараа төрийн нууцыг энд тэнд ярина, эсвэл тусгай архивын материалыг тагтан дээрээ хадгалж байх жишээтэй. Эндээс л харахад энэ алба чинь дампуурч, Монголын төрд нууц, нандин юм гэж байхгүй болж буй юм биш үү. Энэ бүхнийг дуулаад Танд ямар бодол төрдөг вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн л юм дуулдах юм. Ажиллаж бай сан байгуул лагын маань талаар тэр тусмаа удирдах ажилтнуудынх нь талаар таагүй мэдээ лэл сонсох бүрд “даанч дээ” гэсэн бодол надад төрж өөрийн эрхгүй эмзэглэж явдаг. Тусгай албаны удирдах тушаалд байсан хүн албан тушаалаасаа өөрчлөгдөхдөө нууц бичиг баримт хувилан авч гарах байтугай толгойд нь хадгалагдсан төрийн нууцыг задруулахгүй байх үүрэг нь хуульчлагдаж, өөрийнх нь өргөсөн тангарагаар баталгааждаг учиртай.

-Иргэдийн утсыг чагнах асуудлаар хуулийн төсөл хүртэл санаачилж байсан. Ардчилсан оронд ийм зүйл байх ёстой юу. Хуучин нийгмийн үед иргэдийн утсыг чагнадаг байсан уу?

-Аль ч оронд шаардлага гарвал ямар ч иргэнийг чагнадаг, тагнадаг. Ардчиллын өлгий гэж бидний ярих дуртай АНУд ч тийм л байгаа. Харин энэ үйл ажиллагаа эх орны тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашгийн төлөө, хуулийн хүрээнд л явагдах ёстой. Бүх иргэнээ тагнах, чагнах шаардлага байхгүй. Тийм санхүүгийн болон хүн хүчний боломж ч байдаггүй юм.

-2008 оны “Долдугаар сарын 1-ний” гэх үйл явдал Монголын түүхэнд хар хуудас болж үлдэх биз. Өнөөг хүртэл уг үйл явдлын талаар олж авсан мэдээлэл дээрээ тулгуурлаад бодоход тэр үед манай Төрийн тусгай алба үүргээ хэр гүйцэтгэсэн юм шиг санагддаг вэ. Мэргэжлийн хүний чинь хувьд бодлыг тань сонсох гэсэн юм.

Тусгай алба нь болох гэж байгаа ноцтой хэрэг явдлын талаар төр засагтаа урьдчилан мэдээлж, түүнийх нь үндсэн дээр дээд удирдлага хохирлыг аль болох багасгахад чиглэсэн шийдвэр гаргаж арга хэмжээ авах ёстой. “Долдугаар сарын 1-ний” хэрэг явдлыг тагнуулын байгууллага урьтаж мэдээд төр, засгийн тэргүүн нарт мэдээлсэн байх гэж би итгэж байгаа. Харин дээдэс нь тэр мэдээлэлд ач холбогдол өгөөгүй, эсвэл нөхцөл байдлыг дутуу үнэлсэн байх аа.

И.РЭНЧИНХАНД,  Д.ЗАЯАБАТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.