Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ҮҮНИЙГ ТОМ САНУУЛГА ГЭЖ ХҮЛЭЭЖ АВААСАЙ”

– Ерөнхий сайд Н.Алтанхуяг суудалдаа үлдлээ –

 УИХ-ын өчигдрийн чуулга наар Ерөн хий сайд Н.Алтанхуягийг огцруулах, эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд саналаа хэлэв. МАН-ын бүлгийнхэн уг асуудлын хэлэлцүүлгээс завсарлага авч, Ажлын хэсэг байгуулан зарим үндэслэлийг шалгаж, нягталсан. Улмаар Ерөнхий сайдын дүүгийн охин Г.Уянгын “Говь Повер” компанийн “но”, төрийн албанаас олон хүн халсныг нь баримтжуулсан аж.

Дүүгийнх нь охин Г.Уянгын компани 17 тэрбум төгрөгийн тендерт ялсныг сөрөг хүчин мэдмэгц УБЕГ-ынхан Ч.Уянга болгон өөрчилсөн тухай МАН-ынхан уржигдар мэдэгдсэн билээ. Тэр хаягаар нь шалгаад үзтэл хоосон хашаа байжээ. Харин бондын хөрөнгөөр алт худалдаж авсан эсэх хардлагаа батлах гэтэл Монголбанкны “хаалга мөргөсөн” аж. Энэ тухайгаа МАН-ын гишүүд сануулж, “Ерөнхий сайд хууль зөрчсөнийг нотолсон” гэсэн юм. Бас хууль зөрчсөн асуудлыг шалгах хүсэлтийг АТГ, ХЗЯ, Ерөнхийлөгчид тавьснаа ярив. 

Ё.Отгонбаяр: -Их л юм дуулдаж байна. Хууль зөрччихөөд Цэцээр орохоос нь өмнө засчихдаг жишиг тогтоолоо. Энэ бүхэн “таныг мэдээгүй” байхад болсон байх. Бас таныг мэдээгүй байхад дүүгийн чинь охины компани тендерт ялсныг цуцалжээ. Мөн л таныг мэдээгүй байхад Г.Дэнзэнгийн эхнэрийг сольсон байна. Эдийн засаг өссөн, үгүй, хөрөнгө оруулалт буурсан, буураагүй гэж удаан маргаж байгаад Ерөнхийлөгчийн хэлснээр гүлдийсээр С.Баярцогт, Н.Алтанхуяг хоёрыг авч үлдэж байна. Гол нь төр, засгийг хүчгүйдүүлэх үйл явц өрнөөд байгааг анхаараарай. Бидний тавьсан асуудлыг том сануулга гэж хүлээж аваасай.

Д.Лүндээжанцан: -Бидний дэвшүүлсэн зургаан үндэслэл нотлогдлоо. Шүүмжлэхээр нүд үзүүрлэж, эсвэл хяхан мөрдөх үйл ажиллагаа өрнүүлж байна. Өмнөхөө муучилж, эхэлсэн зарим ажлаараа шоуддаг учраас энэ Засгийн газарт “шинэчлэлийн” гэдэг нэр таарахгүй байна. Хатуу үг ажилд тустай. Ерөнхий сайдын үг бүү гоомой байгаасай.

Ц.Оюунгэрэл: -Сөрөг хүчин шүүмжилж болох ч гадаад асуудлыг үндэслэл болгож буй нь ноцтой. Ямар ч үед гадаад, дотоод асуудлаа ялгах учиртай. Үндэсний аюулгүй байдалд хамаатай асуудал шүү.

Н.Батбаяр: -Хоёр долоо хоногийн турш Ерөнхий сайдыг огцруулах асуудал ярьсны дүнд эдийн засгийн үзүүлэлт гадаадад буурлаа. МАН-ынхан сөрөг хүчин болж сурахгүй юм. Уг нь хоёр дахиа сөрөг хүчнээр ажиллаж байна. Зөвхөн Ерөнхий сайдыг огцруулахыг сөрөг хүчний ажил гэж ойлгоод байна. Монголбанкинд хамтарсан шалгалт хийгээд Ч.Хүрэлбаатар гишүүний ярьсан нотлогдохгүй бол та огцроорой. Бид цөөнх байхдаа улс эх орныхоо төлөө хамтраад ажилладаг байсан. Танай бүлэгт бондын асуудлаар мэдээлэл хийе гэхэд хүлээж авдаггүй шүү дээ.

Ж.Батзандан: -Байгуулагдаад найман сар болж байгаа Засгийн газарт ажиллах боломж олгооч, бүү өс хонзонгоор ханд. Шүүхээр Ерөнхий сайдыг буруутайг нотлоод, бас Засгийн газар ядаж жил хагас ажилласан бол та нартай нэгдэхэд бэлэн байна.

Р.Гончигдорж: -МАН-ынхан зорилгодоо хүрсэн байх аа. Гадаад ертөнцөд Монголын нэр хүндийг унагаж, бонд арилжаалахад саад болж чадлаа.

М.Энхболд: -Наймхан сар ажилласан Засгийн газрыг огцруулах гэлээ гэх юм. Өмнө нь есөн сар ажилласан Засгийн газрыг огцруулах асуудлыг та нар тавьж байсан. Гэхдээ тэр үеийн Засгийн газар цалин, тэтгэврийг нэмсэн, “Үдийн цай” хөтөлбөр санаачилсан гэх мэт олон ажил хийсэн байсан. Гэтэл өнөөдөр эдийн засгийн үзүүлэлт эсрэгээр буурсан. Бид шинэ үндэслэл дэвшүүлээгүй, гаргасныгаа нотолсон.

Ө.Энхтүвшин: -Хонзон санаад Засгийн газрыг унагах гээгүй. Та бүхний ажилд туслах гээд байгаа юм. Дөнгөж Засгийн газар байгуулсны дараа танай Ерөнхий сайд, хэн нэг сайдыг огцруулъя гээгүй. Найман сар харж, төсөв батлах боломж олгож, зарим асуудлыг шийдэхэд нь оролцсон. Биднээс болж төрийн ажил гацаагүй. Үндсэн хууль зөрчсөн, төрийн албыг тогтвортой ажиллуулах, ард түмний амьдралыг дээшлүүлэх тухай л бид энэ 14 хоногт ярьсан. Үндсэн хуулийг нэг биш, гурван удаа, бусад 4-5 хуулийн 30 гаруй заалтыг зөрчлөө. Гэтэл үүнийг огцруулах үндэслэл биш гээд хамгаалаад сууж байна. Төрийн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй Ерөнхий сайд нь хууль зөрччихөөд байхад жирийн иргэнд бид юу хэлэх вэ. Төрийн албанд 15 мянган хүн хөдөлгөөнд орсон байна. Хоморголон халаад найз нөхөд, нутаг усныхан бизнесийн түншээ тавьсан. Төрийн алба эзэнгүй. Ажлаа мэдэх хүн тэнд алга. Тиймээс бид хууль зөрчдөггүй Ерөнхий сайдтай болъё гэсэн юм. Энэ мэтээр гишүүд ярив. Үүний дараа АН, МАН-ын бүлгийн дарга нар дүгнэлтээ танилцууллаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сөрөг хүчин улс орныг тогтворг үй байдалд оруулж, улс төрийн тоглолт хийж байна хэмээн Бүлэг нь үзээд Ерөнхий сайдыг огцруулах боломжгүй гэснийг мэдэгдэв. МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд хууль зөрчсөн байдлыг эрүүлээр шүүхийг бусдадаа уриаллаа.

Эцэст нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлсэн. Тэрбээр “Зорилгынхоо төлөө энэ богино хугацаанд арагшаа харж цэцэрхэх, муулах, муулсанд цаг үрэхийг хүсээгүй. Шүүмжлэлээс ухаарал авч, гэмшлээс урам сэлбэж байсан. Мөнгөн дүн, хүнд хэцүүгээр ялгалгүйгээр цаг наргүй ажилласан” гэдгээ онцлов. “Арвандөрөв хоногийн өмнө намайг огцруулах зургаан үндэслэлийг сөрөг хүчин тавьсан.

Ардчилсан оронд байх ёстой зүйл. Гэвч сүүлийн долоо хоногт анхны зургаан үндэслэл дээр нэмж, гурвыг ярилаа” гээд тус бүрт нь товч тайлбар хийсэн юм. Хөвсгөл, Дорнодод үүрэг гүйцэтгэгч томилсон, ТЕГ-ын дэд даргыг хууль бусаар халсан тухайд шүүхийн шийдвэр гараагүй учир хууль зөрчөөгүй гэв. Бас хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг Засгийн газар зогсоодоггүй, хуулийн боломж ч үгүй, хоёр улсын харилцаатай холбоотой асуудлаар УИХ дээр хаалттай, ноцтой ярилцъя гэлээ. Бурхан Халдунд төөрч, төсвийн мөнгийг үргүй зарсан тухайд хамт явсан хүмүүсийн 10 орчмыг нь танина, залуус эмзэглээд тэр мөнгийг буцааж төлснийг хэлэв.

Мөн нэмэлт гурван үндэслэлийн тухайд “Монголбанкны Ерөнхийлөгч бондын мөнгөөр алт аваагүйгээ бичгээр мэдэгдсэн, төрийн албан хаагчдыг хоморголон халаагүй нь тогтоогдсон” гэлээ. Дүүгийнх нь охины компани тендерт ялсан тухайд “Бүлэг шүүгчийн үүрэг гүйцэтгэхгүй, хуулийн байгууллага л шалгана. Есөөс наймыг хэлэв. Үндэслэл алга. Тавантолгойн тендерийг хамаатны хүүхдэд өгсөн гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Ямар нэг тендер болж байхад надад мэдэх юм байхгүй. Улс даяар олон тендер зарладаг. Үүнд Н.Алтанхуягийн оролцоотой юм ширхэг ч байхгүй. 18 насанд хүрээгүй охидынхоо өмнөөс би хариуцлага хүлээнэ. Надад ах, дүү, хамаатан олон. Бүх хүн, аав хүү хоёр ч хуулийн өмнө тус тусдаа хариуцлага хүлээдэг. Өөр газар ярих ёстой юмыг надад хамаатуулаад, харлуулах гээд улайраад байгаа юм биш үү. Жаахан учиртай хандаж болохгүй юү. Надтай холбоотой биш л бол ойр тойронд байгаа хүмүүсийн асуудлыг надад нааж болохгүй. Тэр нь үнэхээр хууль бус үйлдэл байсан бол хуулийн байгууллага шалгана” гэлээ.

Бас “Төрийн албыг төрлийнх болгосон” тухай шүүмжлэлд “Дэнзэнг МУИС-ийн багш байхад нь 2006 онд авчирсан. Туслахаас эхлээд зөвлөх, улмаар Хэрэг эрхлэх газрын дэд дарга болсон. Жилийн өмнөөс хамаатны маань охинтой уулздаг болж, гэр бүл болсон. Залуу хүмүүс хэнтэйгээ уулзаж, үерхэхийг би мэдэхгүй шүү дээ. Түүнээс би хүргэнээ албан тушаалд томилчихоогүй юм, долоон жилийн турш хамтарч ажиллаж байна” гэлээ. Мөн МАН-ынхныг улстөржилгүй бодит шүүмжлэл хэлж, хамтран ажиллахыг хүслээ. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах шаардлагаг үй гэж үзсэн тул энэ томъёоллоор санал хураав. 64 гишүүний 46 нь буюу 66.7 хувь нь огцруулах шаардлагагүй гэж үзсэнээр Н.Алтанхуяг суудалдаа үлдлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.