Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН-ынхан арсалдсан ч үнэнд гүйцэгдэв

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт өнгөрсөн ням гаригт болсон дахин санал хураалтын урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 53.31, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр 43.21 хувийн санал авсан. Гэвч 22.00 цагт дуусгах ёстой байхад хоёр цагийн өмнө зогсоосон тул хууль бус хэмээн АН үзсэн тул тойргийн хороо эцсийн дүнгээ гаргаж чадахгүй хоёр хоносон. Харин нэр дэвшигч Л.Эрхэмбаяр өнгөрсөн мягмар гаригт сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, дахин сонгууль болсон ч оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Гэтэл тойргийн хороо дүнгээ гаргахгүй хэвээр байсанд бухимдсан иргэд өчигдөр Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэв.

Манай сурвалжлах хэсэг 13.30 цагт тус дүүргийн ЗДТГ-т очиход залуу болон ахмад насныхан нийлсэн 100 гаруй иргэн гадна нь бужигнаж байв. Тойргийн хороо хуралдаж байсан хоёрдугаар давхарт цагдаагийн хамгаалалт гарч, бухимдсан олныг хурлын өрөө рүү оруулахгүй хэмээн хашин зогсжээ. “Иргэдийн саналыг уландаа гишгэхээ боль”, “Санал хураалтын дүнг гарга” хэмээн зарим нь орилолдож, нэг хэсэг нь тойргийн хорооны хурлын өрөө рүү орох гэж зүтгэн, цагдаа нартай муудалцаж харагдав. Сонгинохайрхан дүүргийн VII хорооны иргэн Т.Дорж “Нэгэнт сонгуулийн дүн гарчихаад байхад тойргийн хорооны шийдвэр гаргахад саад болж байгаа нь АН-ын буруу. Өвөрхангай аймагт иргэдийн саналыг луйвардчихаад сонгинохайрханчуудын саналыг үл тооно гэвэл горьдсоны гарз” хэмээн нэлээд бухимдалтай ярьж байв.

Тойргийн хорооны нарийн бичгийн дарга Т.Батдорж “Хууль зөрчсөн, эсэх тухай асуудал үүсчихээд байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв. Сонгууль зохион байгуулсан тойргийн хороо яагаад хуулиа өмнө нь хараагүй талаар тодруулахад “СЕХ зохион байгуулсан учраас бид мэдэхгүй” гэсэн хариу өгөв. Тэрбээр санал хураалтын үр дүнг хууль бус хэмээн үзэж, МАН-ын нэр дэвшигчийн түр үнэмлэх дээр гарын үсэг зурахгүй байгаагаас Д.Сумъяабазарын түр үнэмлэхийг олгож чадахгүй байгаа талаар зарим гишүүн нь ярьсан. Хэрэв тойргийн хороо дахин санал хураалтын дүнг 72 цагийн дотор баталж, тогтоолоо гаргахгүй бол тус тойрогт дахин сонгууль явуулах нөхцөл үүсэх байв.

Иргэд эсэргүүцлээ илэрхийлсээр Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын байрыг сахиж, тойргийн хорооны гишүүдэд шаардлага тавин, тойргийн хорооны нарийн бичгийн дарга гарын үсэг зурахгүй хэмээн гүрийсээр 16.00 цаг өнгөрөөв. Ийнхүү иргэд тэмцсэний эцэст 17.00 цагийн үед УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хороо тогтоолоо гаргаж, Д.Сумъяабазарт УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь гардуулснаар тус дүүргийнхэн УИХ-д бүрэн төлөөлөлтэй боллоо.


Р.Оюун

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.