Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.БАТХИШИГ: ЦААШДАА БАРАА ЭРГЭЛТИЙГ ХОЁР ТАЛЫН УРСГАЛТАЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ

 Бүгд Найрамдах Түрк Улсын Ерөнхий сайд Р.Эрдоан энэ сарын 11-12-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэнтэй холбогдуулан Монгол Улсаас Түрк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишигтэй ярилцлаа.

-Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Р.Эрдоан саяхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Уг айлчлалын гол үр дүнг Та юу гэж үзэж байна вэ?

-Энэ айлчлал бол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад их ач холбогдолтой боллоо. Юуны өмнө манай улс Бүгд Найрамдах Түрк Улстай дараах гурван салбарт нягт хамтран ажиллахаар тохиролц лоо. Үүнд, нэгдүгээрт орон сууцны барилга, зам гүүр барих. Хоёрдугаарт, арьс шир боловсруулж, бэлэн бүтээгдэх үүн үйлдвэрлэх, гурав дугаарт, аялал жуулчлалыг хөгж үүлэх гэсэн гурван салбарт түлхүү хамтарч ажиллахаар тохиролцлоо.

-Салбар тус бүрээр тодруулж хэлэхгүй юу?

-Манай Улаанбаатарт энэ хавраас эхлээд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах шинэ хөтөлбөр хэрэгж үүлж эхлэх гэж байна. Энэ ажилд Туркийн төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниудын хө рөнгө оруулалтыг татаж, барил га барих ажилд оролцуулах талаар Ерөнхий сайд нар ярилцлаа. Турк улс нь тунелийн хэвийн технологийг ашиглаж байшин барилгыг хурдан хугацаанд барих талаар нэлээд туршлагатай улс. Энэ технологио ашиглан Монголд богино хугацаанд олон барилга байшинг барих бо ломжтой гэж үзэж байгаа. Нийслэл Анкара хот сүүлийн жилүүдэд хотын захынхаа хуучин дүүргийн шавар тагзан байшингуудыг нүүлгэж, орчин үеийн шинэ сайхан байшинтай хорооллуудыг босгож байна.

-Арьс ширний үйлдвэрүүдийг хөгжүүлэхийн тулд Туркийн талтай хэрхэн хамтрах бол?

-Манай улс арьс ширний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор арьс ширний шинэ цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаа. Монгол орон жилд 10 сая орчим арьс шир бэлтгэдэг. Үүний дийлэнхийг боловсруулалтгүйгээр гадагш нь гаргадаг. Үүнийг боловсруулж, сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ Түркийн талтай хамтран ажиллах санал тавьсан. Түрк улс бол арьс шир боловсруулах, эцсийн бүтээгдэх үүн үйлдвэрлэх талаар нэлээд их туршлага хуримт луулсан. Үүнд Түркийн хөрөнгө оруулалтыг татах, технологи, арга барилыг нь эзэмших, мөн арьс шир боловсруулах чиглэлийн боловсон хүчин бэлтгэх гэсэн ийм гурван төрөлд Туркийн талтай хамтран ажиллахаар бид ярьж байгаа.

-Гуравдугаарт нь аялал жуулчлалын асуудлыг онцолж ярьсан байна. Энэ салбар бол манай хоёр улсын хооронд үнэхээр хөгжүүлж болох салбар шүү дээ?

-Туркийн иргэд Монголд ирж өвөг дээдсийнхээ нутаглаж асан газар нутаг, хөшөө цайдмыг үзэх, хүндэтгэл үзүүлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тухайлбал Хархорины ойролцоо Орхоны хөндийд буй Эртний Түрэгийн Билгэ хаан, Культегиний хөшөө, Налайхын ойролцоох Тоньюкукийн хөшөө зэрэг бий. Тиймээс хоёр орны хооронд аялал жуулчлалын нарийн жим үүсэх бүрэн бололцоотой. Энэ зорилгын хүрээнд, айлчлалын үеэр Хархорины онгоцны буудлыг шинэчлэн байгуулах асуудлаар хоёр орны Ерөнхий сайд нар ярилцлаа. Саяхан гуравдугаар сард болсон Худалдаа, эдийн засгийн хамтарсан хорооны хурал дээр ч энэ асуудлыг хөндсөн юм. Эдгээрийг үн дэслэн Туркийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр манай төрийн гурван өндөрлөг энэ асуудлыг тавьж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Хархорины онгоцны буудлыг шинээр байгуулах юм бол Истанбул- Улаанбаатар-Хар хорин чиглэлээр турк иргэд чөлөөтэй нисч ирж, хөшөө дурсгалыг үзэх боломжтой болно. Аялал жуулчлалыг өргөтгөх чиглэлээр тодорхой ажил хийх үүргийг манай улсын ССАЖЯ надад бас өгсөн.

-Хоёр орны хоорондын худалдаа ямар хэмжээтэй байгаа вэ? Цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж хэр байна вэ?

-Хоёр орны худалдааны хэмжээ 2010 оноос өмнө жилд 10 сая ам.доллараас бага байсан юм. Харин сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай боллоо. 2012 онд буюу өнгөрсөн жилд 34-36 сая ам.долларт хүрсэн мэдээ бий. Гэхдээ үүний ихэнхийг Туркийн экспорт эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл, Туркийн талаас бараа орж ирж байгаа болохоос манай талаас экспорт маш бага байна. Цаашид энэхүү бараа эргэлтийг хоёр талын урсгалтай болгох, ялангуяа Монголын бараа бүтээгдэхүүнийг Туркийн талд нийлүүлэх асуудлыг манай Ерөнхий сайд тавьсан. Хоёр Ерөнхий сайд уулзах үеэр Туркийн Ерөнхий сайд худалдааны эргэлтийг нэмэгд үүлж, 2015 он гэхэд 250 сая ам.долларт хүргэе гэсэн саналыг тавьсан байгаа. Үүнийг хэрэгжүүлэх гол арга зам бол зөвхөн Туркийн талын экспортыг биш манай экспортыг нэмэгдүүлэх, манайхаас арьс шир, ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүнийг түлхүү гаргах боломж байгааг ашиглах явдал юм.

-Агаарын тээврийн салбарт хамтран ажиллах талаар мөн ярилцсан байна. Яг ямар тодорхой асуудал шийдсэн бэ?

-Туркийн талаас агаарын тээврийн салбартай холбоотой хоёр санал тавьсан. Өнгөрөгч долдугаар сараас “Turkish airlines” Истанбул-Улаанбаатарын чиглэлд нислэг хийх болсон. Одоогоор энэ нислэгийг долоо хоногт гурван удаа үйлдэж байгаа. Ингэхдээ долоо хоногт нийт 500 зорчигч тээвэрлэнэ гэсэн хязгаар тавьсан. Туркийн тал энэ нислэгийн тоог нэмэгдүүлж, долоо хоногт тав, цаашлаад долоон удаа үйлддэг болгох, мөн зорчигчдын тоонд хязгаар тогтоохгүй байх санал тавьж байгаа. Хоёрдугаарт, Турк-Монголын хооронд ачаа тээвэр буюу карго тээвэр хийх санал тавьсан. Агаарын тээврийн салбарт хамтарсан нислэг үйлдэх, манай нислэгийг тийш нь зохион байгуулах гээд олон хэлбэр байж болно. Айлчлалын хүрээнд бол ерөнхийдөө харилцан ашигтай байдлаар, зөвхөн зорчигч тээвэр төдийгүй ачаа тээврийн салбарт хамтран ажиллая гэсэн зарчмын тохиролцоонд хүрлээ. Энэ бол их чухал. Үүнийг ажил хэрэг болгосноор гадаад ертөнцтэй, ялангуяа Европ, болон бусад тив улс орон руу холбогдох бас нэгэн шинэ гарц нээгдэж байна гэсэн үг. Энэ боломжийг бид чадамгай ашиглах ёстой гэж үзэж байна.

-Туркийн иргэдийг Монголд визгүй зорчуулах тухай шийдвэр гаргасан. Энэ тухай тайлбарлана уу. Манай иргэд тус улс руу 30 хоног дотор визгүй зорчоод багагүй хугацаа өнгөрлөө?

-Туркийн талаас Монгол руу визгүй зорчдог болох гэсэн санал тавьсан. Учир нь 2007 оны долдугаар сараас Туркийн Засгийн газар манай иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргасан. Үүнээс хойш зургаан жилийн хугацаанд манай иргэд тус улс руу визгүй зорчиж байна. Үүнийг харилцан адил болгох саналыг Туркийн талаас тавьсаар ирсэн. Сая ч бас хөндлөө. Манай Ерөнхий сайд, Засгийн газар уг саналыг хүлээж авахаар энэ удаа зарчмын шийдвэр гаргалаа. мөн Турк-Монголын иргэдийг харилцан визгүй зорчуулах асуудлаар товч Санамж бичиг үйлдэж, хоёр тал гарын үсэг зурлаа. Энэ нь нэгдүгээрт, Туркээс Монголд ирэх зорчигчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. Өнгөрсөн жил Туркээс Монгол руу 660 гаруй иргэн ирсэн байна. Гэтэл Монголоос Турк рүү 6500 гаруй хүн зорчсон байна. Тэдний талаас 10 дахин бага хүн ирсэн байгаа биз. Энэ нь визтэй холбоотой юм.

Үнэхээр туркийн иргэд манай визийг авахад хүндрэлтэй. ЭСЯ Анкарад байрладаг. Буад хотуудаас Анкарад ирж манай визийг мэдүүлнэ гэдэг нэлээд төвөгтэй. Туркийн иргэд олноор зорчих нь манай эдийн засагт, ялангуяа аялал жуулчлалын салбарт ихээхэн нэмэртэй. Турк улс өөрөө визийн зарчмын хувьд нэлээд уян хатан бодлого баримталдагийг бид судалж үзсэн. Тухайлбал 75 улстай визгүй зорчих хэлэлцээртэй, дахиад 75 улсын иргэнд хил дээрээсээ виз олгодог хэлэлцээртэй юм байна лээ. Шенгений визтэй, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гиш үүн орны иргэд, эсвэл “Turkish airlines”-аар нисч ирсэн бол хил дээрээс виз авч болно гэх мэтийн хэд хэдэн нөхцөлтэй. Нийтдээ 150 гаруй оронтой визийн хялбар зарчим хэрэгжүүлдэг учир жуулчдыг маш ихээр татаж байна. Жуулчдын тоо хэдэн саяар яригдаж байгаа нь эдийн засагт нь үр ашгаа өгч байгаа зэргээс бид суралцах хэрэгтэй.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.