Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Гүндаваагийн дөрөв, У.Лхамсүрэнгийн гурав дахь түрүү

Шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 53, эмэгтэйчүүдийн 45 дахь удаагийн тэмцээн энэ сарын 6-14- ний өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. Тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарсан болон рейтингээрээ нэр заагдсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 шилдэг шатарчин тойргийн журмаар өрсөлдсөн юм.

Өнгөрсөн намар Туркийн олимпиадаас их мастерын болзол хангасан Б.Гүндаваа шинэ цолтой оролцсон анхны тэмцээндээ боломжит 13 онооноос 11-ийг аван түрүүллээ. Тэрбээр сүүлийн тавилд нутаг нэгт ФМ Г.Мөнхгалтай тэнцсэнээр 24 нас 10 сартайдаа улсын аваргын алдрыг дөрөв дэх удаагаа хүртэв. Өвөрхангай аймаг, “Шунхлай” группын тамирчин тэрбээр 2008, 2009 онд аваргалж байсан бөгөөд хоёр жил завсарласны эцэст дахин дараалан түрүүлж байгаа нь энэ.

Сүүлийн өрөгт түүний гол өрсөлдөгч, их мастер Ц.Батчулуун ОУМ Н.Баттулгыг хожиж, оноогоор тэнцлээ ч хоорондын тоглолтын зөрүүгээр Өвөрхангайн шатарч түрүүлэх байсан. Батчулууны хувьд 10.5 оноо авсан амжилтаар улсын аваргаас тав дахь медалиа (2006 онд алт, 2013 онд мөнгө, 2005, 2007, 2012 онд хүрэл) хүртлээ. Харин уржнангийн улсын аварга ФМ М.Гүнбаяр 9.5 оноогоор хүрэл медаль дээр буув. Тэрбээр энэ удаагийн тэмцээнийг эхний найман өргийн дараах байдлаар тэргүүлж явсан ч ес дэх тавил дээрээ Гүндаваад хожигдсоноор манлайллаа алдсан билээ. Гэхдээ Гүнбаяр олон улсын мастер цолны нэг балл биелүүлж, “Инчён 2013” Азийн танхимын наадамд оролцох эрх авсныг дурдах нь зүйтэй байх. Бусад сонин хачнаас дуулгавал эрчүүдийн шигшээ тэмцээнд гурав дахь удаагаа өрсөлдөж буй их мастер Б.Мөнгөнтуул медальд хүрэх тун дөхлөө.

Тэмцээний турш “айргийн тав”-д явсан тэрбээр сүүлийн тавилдаа Гүнбаярыг буулган авч, дөрөвдүгээр байранд орлоо. Тэрчлэн Монголын анхны их мастерууд болох Д.Шаравдорж, Б.Хатанбаатар нар тавин хувийн амжилт үзүүлж чадсангүй. Тэгвэл эмэгтэйчүүдийн тэмцээн 2009, 2010 оны улсын аварга, “Хан Алтай” клубийн тамирчин У.Лхамсүрэнгийн ялалтаар өндөрлөлөө. Гараагаа тааруухан эхэлж эхний дөрвөн өргөөс ердөө 1.5 оноо аваад байсан Говь-Алтайн шатарч ес дараалан хожиж, өвөрмөц амжилт үзүүллээ.

Сонирхуулахад түүнийг хожсон Б.Баярмаа, С.Сарантунгалаг нар медаль хүртсэн юм. Тэрчлэн Лхамсүрэн УАШТ-д гурав буюу түүнээс дээш түрүүлсэн долоо дахь шатарчин болжээ. Мөнгөн медалийг Ховд аймгийн уугуул, “Нью прогресс” компанийн тамирчин, спортын мастер Б.Баярмаа 10 оноогоор хүртсэн. Өсвөрийн УАШТ-д дөрвөн удаа аваргалж, өнгөрсөн жил МБАТий спортын XIII наадамд дөрөвдүгээр байр эзэлж байсан 18 настай шатарчин охин насанд хүрэгчдийн улсын аваргын анхны медалиа авч байгаа нь энэ. “Төгс нүүдэл” клубт харьяалагддаг спортын мастер С.Сарантунгалаг улсын аваргын шигшээ тэмцээнд найман удаа оролцсоны эцэст хүрэл медаль хүртлээ. Тэмцээнийг найм дахь тавил хүртэл тэргүүлж явсан тэрбээр сүүлийн зургаан өрөгтөө тавин хувийн амжилт үзүүлж, нийтдээ 9.5 оноо авсан юм. 2010 оны өсвөрийн дэлхийн аварга ФМ Д.Номин-Эрдэнэ чансаагаа хамгийн ихээр буюу 67.8 пунктээр ахиулсан байна.

 

Р.МАНЛАЙ, фотог Н.АМГАЛАНБААТАР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.