Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Туркийн Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар манай улсад хийж буй Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоаны албан ёсны айлчлал өчигдөр үдээс хойш эхлэв. Тэрбээр 15.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах байсан ч товлосон цагаасаа 50 минутаар хоцорч, 16.20 цагт буулаа. Тиймээс төлөвлөсөн арга хэмжээнүүд тодорхой хугацаагаар хойшилжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнийг Сүхбаатарын талбайд гэргийнхээ хамт хүлээн авсан юм.

Зочид Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд улмаар Ерөнхий сайд нар ганцаарчлан уулзав. Тэд хоёр орны хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцжээ. Туркийн Ерөнхий сайдын айлчлал товлосон цагаасаа хоцорсон тул УИХын даргад ажлын цаг дууссаны дараа бараалхсан байна. Мөн өнөөдөр Төрийн тэргүүнд бараалхах юм. Айлчлалын үеэр түүнд дэлхий дахинд энхтайвныг тогтоох үйл хэрэгт гавьяа байгуулсан хэмээн Билэг хааны нэрэмжит Энхтайвны шагнал гардуулах юм байна. Дэлхийн турк хэлтэй болон лалын шашинт ард түмний төлөөлөгчдөд энэ жилээс анх удаа ийм шагнал олгохоор болсон юм.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хархоринд, Орхон голын хөвөөнд болох аж. Түрэгийн үеийн дурсгал, хөшөө, хүн чулуу элбэг байдаг тул туркчүүдэд бэлгэ дэмбэрэлтэй хэмээн уг газрыг сонгожээ. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 44 жил болж буй аж. Туркийн ЭСЯ 1996 онд Улаанбаатарт, Монголын ЭСЯ 1997 онд Анкарад нээгдсэн юм байна. Өнгөрсөн хугацаанд хоёр улс хамтын ажиллагаагаа бүхий л талаар хөгжүүлсээр иржээ.

Мөн өндөр дээд хэмжээний харилцан айлчлалыг хэд хэдэн удаа хийсэн юм. Шударга ёс, хөгжлийн намыг үүсгэн байгуулагч тэрбээр 2003 оноос Турк улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж буй аж.


С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.