Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэх тогтоолын төсөл санаачиллаа

 УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Ж.Энхбаяр,  Б.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат нарын нэр бүхий 14 гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу төрийн албан хаагчдын цалин болон бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлаар Монгол Улсын Засгийн газарт үүрэг өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан Засгийн газраас санал авч, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсноо мэдэгдлээ.           

Сүүлийн үед хүн амын өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсч, эдийн засгийн өсөлт саарч, ард иргэдийн амьдрал доройтож, ажилгүйдэл, ядуурал улам ихэсч байна. Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор их наядаар тоологдох хөрөнгө мөнгө төлөвлөж, 267 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх боловч үүнээс ямар ч нааштай үр дүн гарсангүй, харин ч эсрэгээрээ гол нэрийн барааны үнэ ханш 30 хувиар өсч, инфляц оны эхний гурван сарын байдлаар 11.3 хувьд хүрлээ. Энэ байдал нь цалин, тэтгэвэр, тэтгэмжээрээ амьдардаг өндөр настай иргэд, төсвийн байгууллагад ажиллагсад, бага орлоготой иргэд, тэдгээрийн орлогоор амьдралаа залгуулдаг ар гэрийнхний нуруун дээр хүнд дарамт болж байна.        

2000-2012 онд ажиллаж байсан бүх Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд ард иргэдийнхээ амьжиргааны баталгааг хангаж, үнийн өсөлтийн дарамтаас сэргийлэх үүднээс цалин, тэтгэврийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэн байна. Төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг сүүлийн жилүүдэд буюу 2008 онд 20 хувь, 2010 онд 30 хувь, 2012 оны хоёрдугаар сард 80000 төгрөгөөр, 2012 оны тавдугаар сард 23 хувиар, эдгээртэй уялдуулан ахмадуудын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 23 ба түүнээс дээш хувиар тус тус нэмж байсан. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газрын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн албан хаагчдын дундаж цалин 2008 онд 300 мянган төгрөг байсан бол 2011 онд 410 мянга, 2012 онд 630 мянган төгрөг болсон юм. Үүний зэрэгцээ “Хүний хөгжил сан”-д хөрөнгө төвлөрүүлэн иргэддээ эх орны хувь хишгийг хүртээж ирсэн. Гэтэл үнийн өсөлт хурдтай өсч байгаа энэ үед Засгийн газраас инфляцийг тогтоон барих талаар үр дүнтэй ажил хийхгүй, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй, санал, санаачлага гаргахгүй байна. Харин ч төсвийн зардлыг хэд дахин өсгөж төрийн албаны бүтэц, орон тоо, бусад зардлыг хэт их данхайлгаж үрэлгэн бодлого барьж ажиллаж байгаа нь нийгмийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөөд байна.    

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, дундаж цалингийн зохистой харьцаа алдагдаж хол зөрүүтэй боллоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “…хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоох …” гэж заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2011 оны дөрөвдүгээр сарын 5-нд тогтоосноос хойш хоёр жил өнгөрлөө. Үнийн өсөлтийн эрсдэл нэмэгдэж, ард иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа энэ үед төрийн албан хаагчдын цалин, бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох замаар хүндээ хүрсэн бодит дэмжлэг үзүүлэх нийгмийн зайлшгүй шаардлага урган гарч байна. МҮЭХ-ноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 239400 төгрөгөөр тогтоох урьдчилсан саналыг Хөдөлмөрийн яаманд хүргүүлээд байна. Тиймээс нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, үнэ ханшийн өсөлт, ард иргэд, төрийн бус байгууллагуудаас тавьж буй шаардлага, хүсэлтийг Засгийн газрын төвшинд судлан хөдөлмөр, нийгмийн гурван талт зөвшилцлийн хүрээнд авч үзэн тодорхой арга хэмжээг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж бид үзэж байна. Иймд төрийн албан хаагчдын цалин болон бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дундаж цалингийн зохистой харьцаатай уялдуулан шинэчлэн тогтоох асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгох Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачилжээ.      

УИХ-ын тогтоолын төсөл санаачилсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат нар хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө гэж УИХ дахь МАН-ын бүлгийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.