Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хотын дарга “нууц төлөвлөгөө”-гөө задлав

Одоогоос 30-40 жилийн өмнө баригдсан орон сууцны угсармал барилга Улаанбаатар хотод 546 бий. Дулаанаа их хэмжээгээр алдаж, хуучирч муудсан эдгээр барилгыг дулаалахын зэрэгцээ бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр нийслэлийнхэн төлөвлөж байгаа юм байна. Хэрэв уг төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал Улаанбаатар хот дулаанаа 30 хувь буюу Зайсанд боссоны дайтай орон сууцны хоёр том хороолол шинээр барих дулааны эх үүсвэрийг хэмнэх боломжтой гэнэ.

Зөвхөн III, IV хорооллын хуучин орон сууцнуудыг дулаалахад хэмнэсэн дулаанаараа 834 айлын шинэ орон сууцыг хангах боломжтой гэсэн тооцоог нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газраас гаргажээ. Үүний зэрэгцээ Баянзүрх дүүрэгт УС-15, Сонгинохайрхан дүүрэгт 210 мегаваттын уур, усны бойлерийг энэ онд багтаан байгуулснаар хотын хоёр захын хуучин болон шинээр барих орон сууцнуудыг дулаанаар хангах эх үүсвэртэй болно хэмээн тооцсон байна.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, Улаанбаатар хотод хийхээр төлөвлөж байгаа томоохон ажлуудынхаа нууцыг задалсан юм. Өмнө хийж байгаагүй томоохон төслүүдийг энэ онд эхлүүлэх гэж буйн нэг нь гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл. Газраа ямар ч нэмэлт мөнгө төлж, өрөнд орохгүйгээр орон сууцаар солих хүсэлтэй иргэд байхад Гандангийн дэнж орчмын айлууд газар шинэчлэн зохион байгуулах төсөлд оролцох саналтай байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл нийслэлээс дэд бүтцээ шийдүүлж, гудамж, явган хүний зам, гэрэлтүүлэг зэрэг тохижилтоо хийлгээд моргейжийн зээлээр хувийн орон сууцаа өөрсдөө барих хувилбарыг ийн нэрлэж байгаа аж. Ямар ч байсан энэ ажлыг иргэдийн оролцоотойгоор, санал хүсэлд нь тулгуурлан хийх бөгөөд нэлээд том ажил болно гэдгийг хотын Мээр хэлж байна.

Дахин төлөвлөлтийг гүйцэтгэх компаниуд төслийн явц дахь бүх зардлыг хариуцах тул зарим нэгэн байршилд оролцох саналаа ирүүлээг үй байна. Хэрэв урилга тараагаад оролцох компани гарч ирэхгүй бол тухайн байршилд нийслэлийн хөрөнгөөр дахин төлөвлөлт хийх гэнэ. Түүнээс гадна хэт хуучирч, муудсан орон сууцны газрыг оршин суугчдад нь өмчлүүлээд дахин төлөвлөлт хийж, шинэ орон сууцтай болгох ажлыг зохион байгуулах аж. Түүний санаачилсан бас нэг ажил нь нийслэлийн 80 байршилд бага сургууль барих юм байна. Өнгөрсөн өвөл нийслэлээс санаачлан бага ангийнхныг ид хүйтний үед амраахад ахлах, дунд ангийнхны анги танхим хүрэлцээтэй, дугуйлан, сонгоноо хэвийн явуулах боломжтой нь харагдсан байна. Түүнээс гадна дөнгөж сургуульд орж буй 6-7 настнуудыг том хүүхдүүдтэй хамт байлгах нь хүмүүжлийн хувьд сөрөг нөлөөтэй тул Улаанбаатар хотод бага сургууль нэмж барих нь хамгийн оновчтой шийдэл хэмээн Э.Бат-Үүл дарга үзэж байгаа аж.

Хэрэв 80 байршилд бага сургууль барьчихвал дунд сургууль нэгийг ч нэмж барих шаардлагагүй гэнэ. Улмаар бага сургуулийн багш нарыг тусгайлан бэлтгэж, сурган хүмүүжүүлэгч талаас нь хөгжүүлэхийн зэрэгцээ илүү өндөр цалинтай болгох замаар бага насныхны боловсролд анхаарах аж. Энэ мэтээр Улаанбаатар хотын орон сууцны хорооллын дундах замын сүлжээг сайжруулж, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх, гэрлэн дохионуудыг ойртуулах, газаргүй иргэдэд газар өмчлүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөж байгаагаа тэр дуулгав.


Р.Оюунцэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.