Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХАТАН ХААНЫ ЭР

 Лондоны Сент Павелын дуганы гадна цугласан мянга мянган хүн Хатан хаан II Элизабетийн тэргүүндээ титэм залснаас хой ших 60 жил, алмаазан ой эхлэхийг хүлээж байлаа. 1897 онд агуу Викториа хатан хаан алмаазан ойгоо тэмдэглэж байснаас хойш хааны язгуураас 60 жилийн босго давсан хүн нэг ч байгаагүй болохоор аль тэртээгээс эхтэй түүхэн үйл явдлын гэрч болно гэдэг эгэл британи хүний хувьд ч тэр, шинэ эриний хүмүүс бидэнд ч тэр сонирхолтой үйл явдал мөн. Тиймээс 2012 оны зургадугаар сарын бүрсгэр тэр нэгэн өдөр мэнд саруул байсан хүн бүр энэ үйл явдлын эргэн тойрныг ажин, догдолж байв. Гэвч тэнд нэг л хүн байсангүй. 25 настай орь залуухан гүнж Их Британийн Хатан хааны сэнтийд заларснаас хойш 60 жил ханилсан Эдинбургийн гүн, Хатан хааны эр нөхөр, хунтайж Филипп ёслолын арга хэмжээ Британи даяар эхэлж, баярын уухай дэлхийгээр нэг нүргэлж байхад эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж байсан юм.

Ёслол эхлэхээс ердөө ганцхан цагийн өмнө хунтайж Филиппийн түрүү булчирхайн үрэвсэл нь сэдэрч, тэр даруйдаа эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэнд очмогц ухаан нь балартжээ. Өнөө цагийн хамгийн нөлөө бүхий эзэнт гүрний Хатан хааны эр нөхөр, насаараа энэ хүчирхэг хатагтайн сүүдэрт дарагдаж явсан түүнд хувь тавилан ийм бэлэг барьсан юм. Харин энэ үед Хатан хаан Элизабет, бүх дэлхий түүнийг харж байхад, Британи даяар суу алдрыг нь бахдах, жарны турш ганцхан тохиох түүхэн өдөр ирсэн байхад эр нөхрийнхөө араас эмнэлэг рүү явж зүрхэлсэнгүй (“Queen” хамтлагийн “Show must go on” дуу шиг). Элизабетийн эр нөхрөөс бусад нь цөм цугласан хааны ордны ёслолын арга хэмжээ төлөвлөсний дагуу тун сайхан болж өнгөрч билээ.

65 жил ханилж буй Их Британийн Хатан хаан II Элизабет түүний нөхөр Эдинбургийн гүн, хунтайж Филипп нар

Холын садангууд болох Элизабет, Филипп нар 1934 онд хааны ордны нэгэн том үдэшлэгийн үеэр анх танилцсан гэдэг. Таарах завшаан бүрийд ордны цэцэрлэгт хүрээлэнд болздог байсан залуу сурвалжтанууд эхэн үед захидлаар харилцаж байгаад нууцаар сүй тавьсан байдаг. Учир нь гүнж Элизабет 21 нас хүрэхээс өмнө албан ёсоор сүй тавьж болохгүй. Гэвч тэд хүлээсээн. Ийнхүү болзолт өдөр ирж, 1947 оны намар тэд хуримласан бөгөөд уг арга хэмжээг радиогоор шууд дамжуулахад дэлхийн 200 сая хүн сонсож байлаа. Тухайн үед хүн бүр л Филипп гэж хэн юм хэмээн бие биенээсээ илүү дутуу мэдээлэл сонсчих санаатай шалгааж байсанчлан одоо хэр түүнийг мэдэх, түүний тухай ярилцах хүн цөөн. Хэвлэлүүд ч түүнээр нэг их оролдоогүй. Хаа нэг эмнэлэгт хэвтлээ, тэндээс гарлаа гэсэн шүү юм л эрээчдэг санж.

Хаантай суусан эмэгтэй хатан болдог жам байхад Хатан хаантай суусан түүнийг хааны энд дүйцүүлэн дурсах хүн ч цөөн ажээ. Элизабетийн сэтгэлийг булаасан энэ эр уг нь тийм ч дорой гаралтай нэгэн биш юм. Грекийн ханхүү Эндрью, Баттенбергийн гүнж Алис нар цорын ганц хүү нь болох Филипп Маунтбаттенийг Грек, Данийн ханхүү хэмээн зарласан нь одоо Элизабетийн эр нөхөр болж, нууцлаг аж төрж буй энэ эр. Жавхаалаг өндөр нуруутай, гунигтай харцтай, сэтгэл татам ханхүү эрийн цээнд хүрч, британи эмэгтэйчүүдийн зүрхийг шархлуулж байлаа. Залуу Хатан хааны бодлого, үйл хэрэгт зарим британи эмэгтэй эрс шүүмжлэлтэй хандаж байсанд Филиппийн нөлөө байсан гэж үзэх шалтгаан ч байж болох талтай. Харин одоо үс нь бууралтаж, харц нь бүүдийсэн 91 настай энэ эрийг залуудаа “зүрх шархлуулагч” байсан гэвэл итгэх хүн тун цөөн. Энэ түүхийг мэдэх, мэдэрч явсан бүсгүйчүүдийн ихэнх нь нууцхан хүслээ тээн оджээ.

Парист боловсрол эзэмшсэн залуу хунтайж 1939 онд Эзэн хааны тэнгисийн цэргийн флотод элсэж, Дэлхийн II дайны үеэр Германы эсрэг дайнд оролцон, хөлгийн залуурч хийж явсан гэх баримт байдаг. 21 насандаа Их Британийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч цолтон болж, түүхэн дэх хамгийн залуу дэслэгч болсон төдийгүй хөлөг онгоцоо шөнийн гэнэтийн дайралтаас хамгаалсан учраас Хааны нэрэмжит шагнал хүртэж байв.

Эцгийнхээ төр барих сүүлийн жилүүдэд дэргэд нь түшиж, улс төрийн үйл хэрэгт илтэд татагдаж эхлэх үед нь дайны үе таарч, хэцүү замнал туулж явсан Элизабетад залуу ханхүү сэтгэлийн үгтэй захидлуудаа алгасалгүй илгээж байсан гэдэг. Хаан язгуурын хөшигний ард л болохоос биш сонгодог нэгэн хайрын түүхийн бургилж байлаа. Дайны халуун цэгт гүнжийн сүйт залуу, язгууртан эр гэдгээрээ Филипп түрий барьж байгаагүй бөгөөд хөлөг онгоц дээрээ хоноглож, хар талхаар хооллон, бусад цэргээс онцгой эрх дарх ер эдэлж байгаагүй хэмээн хожмын дурсамжуудад бичигдэн үлджээ.

Ер нь ч Филиппийн гүндүүгүй зангийн тухай түүнийг сайн мэдэх хүмүүс ярьцгаасан байдаг. Бас шооч. Хатан хааныг дагалдан улс орны тэргүүнүүд, нөлөө бүхий хүмүүстэй уулзахдаа хошин үгээрээ мадалж, ха луун нүүрийг нь түлсэн жишээ биш гүй. Ямар сайндаа л, Нигерийн Ерөнхийлөгч Олусегун Обасанжо Хатан хаан II Элизабеттэй уулзах үеэр үндэснийхээ хувцас болох жигтэй малгай, гэрийн халат мэт нөмрөг өмссөн байхыг хараад “Та улсын удирдагч биш харин унтлагынхаа өрөө рүү явж байгаа эр шиг харагдаж байна” гэж билээ.

Францад айлчлал хийж саатаад, өглөөний унданд гахайн мах, өндөг, яргай загас, халуун шоколад зэрэг байхыг харчихаад “Үгүй ер, францчууд өглөөний цайг хэрхэн бэлддэгийг ер мэдэхгүй юм гээч!” гэж идээ, ундны соёлоор баялаг түүхтэй гэж барддаг энэ улсын тогооч нарыг нэг сайн “чимхсэн” удаа ч бий.

Харин Их Британийн Хатан хаантай 65 жилийн турш ханилахдаа тэр улс орны амин чухал асуудалд ер оролцож байгаагүй. Уг нь ордныг тухайн цаг үед эрх барьж буй хааны нэрээр нэрлэдэг. Тиймээс хурим болон VI Жорж хаан (II Элизабетийн эцэг) нас барсны дараа ордны нэрийг хэрхэн өөрчлөх вэ гэсэн асуудал босоход бүх нийтээрээ “Маунтбаттений ордон” гэх байлгүй дээ гэж хүлээж байв. Гэвч Элизабетийн эмэг эх Хатан хаан Мэри болон тухайн үеийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нарын няцаалтаар “Виндзорын ордон” хэмээн нэрлэсэн. Мөн ууган хүү, одоогийн Уэльсийн хунтайж мэндлэхэд тэр хүүгээ өөрийн овгоор нэрийдэж болсонгүй. Хаан өвөөгийнх нь нэрээр Чарльз Артур Жорж нэр хайрлаж байв.

Энэ үйл явдлын дараа “Би хааны ордны бяцхан амёб шүү дээ. Төрсөн хүүгээ өөрийнхөө овгоор нэрлэж чадахгүй Их Британи дахь цорын ганц эцэг бол би” гэж хошигнол, харууслын дундуур хэлж байлаа. 800 гаруй байгууллага, сангийн гишүүн тэрбээр саяхан бүхий л албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдс өн юм билээ. Харин одоо тэр бие нь чилээрхэх гүй л бол зураг зурж суудаг болсон гэнэ лээ. Бараг бүтэн галерей нээчих хэмжээний байгалийн судалбар зургууд түүнд бий гэлцдэг юм.

Анх Элизабеттэй суухад нь амьд сэрүүн байсан VI Жорж хаан түүнд Эдинбургийн гүн хэмээх хэр гэм олгосон. Дараа нь Элизабет Хатан хаан болмогц эр нөхрөө Их Британийн ханхүү болгосон. Өнгөрсөн жил тохиосон 90 насны ойгоороо Тэнгисийн цэргийн адмирал гэх хэргэмийг эхнэрээсээ гардсан. Гэвч түрүү булчирхайн хорт хавдраа эмчилж чадахгүй байсаар нурууны эмгэгтэй тулж хунтайж Филипп амьдралынхаа сүүлийн жилүүдийг хүндхэн өнгөрүүлж байна.

Магадгүй, Хатан хаан ч бас олны өмнө барагтай л бол ил гарахгүй байгаа нь улсынхаа дээд эрх мэдлийг хамгийн удаан хадгалж буй тэд энэ насандаа л амарч, амгалан байхыг илүүд үзсэн юм байлгүй дээ. Бүхий л үлгэр домогт гардагчлан Хааны ордон гэгч хайрлаж дурлахад хамгийн тохиромжгүй газар байдаг санж. Нэгэн эзэнт гүрний хатны нөхрийн, нэн даруухан түүх анх яаж эхэлсэн яг тэр хэвээрээ ажин түжин хөвөрч яваа нь л энэ билээ.


Ж.ТЭГШЖАРГАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.