Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ ТЕННИСЧИД

Хүний амьдралд юу эс тохиолдох вэ. Алдар гавьяаны эзэн болсон, олны танил эрхмүүдийг сайн, саар явдал аль аль нь дагадаг. Тэдний хувийн амьдралтай холбоотой жигтэй сонин хэргүүд олны анхаарлаас гадуур өнгөрдөггүй билээ. Теннисчдийг авч үзье.

Тухайлбал өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй Бернард Томич бүлэг дээрэмчидтэй холбоотой байсныг саяхан тогтоосон бол Женнифер Каприатти Холбооны шүүхээс зарлан дуудах хуудас нэг бус удаа авсан тухай та сонссон уу? Теннисний талбайгаа шүүхийн танхимаар сольсон адармаатай зарим явдлыг эргэн дурсахад ийм.

БОРИС БЕККЕР

“Их дуулга”-ын зургаан удаагийн аварга, дэлхийн экс манлай теннисчин

Хэрэг: Албан татвар төлөөгүй

1991-1993 онд татвар төлөөгүйн улмаас түүнд Германы шүүхээс арван жилийн дараа гурван жил хорих ял оноожээ. Гэвч удаан жил амьдарсан Монакодоо зохих татварыг төлдөг тухай өгүүлсэн Беккер Мюнхений татварын байгууллагад “дайн зарлан” өөрийгөө ямар ч буруугүй хэмээн эсрэг мэдүүлэг өгсөн юм. Ийнхүү тэдний удтал үргэлжилсэн “мэтгэлцээн” 2002 оны сүүлчээр шувтарсан билээ. Тодруулбал худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрсөн герман эр энэ бүхэн түүний тэнэгийнх биш, харин Германы татварын байгууллагууд болон санхүүгийн зөвлөхөөсөө гурван жилийн албан татварын талаар ямар ч мэдээлэл сонсоогүйгээс үүдэлтэй хэмээн өгүүлсэн байна. Энэ хэргийн дараа Беккер жилийн 300 мянган еврогоор тооцож, татвараа нөхөн төлжээ.

БЕРНАРД ТОМИЧ

Дэлхийд чансаагаараа 43-т ордог, АТР-ийн ганц тэмцээнд түрүүлсэн. Хамгийн эрх чөлөөтэй теннисчдийн нэг.

Хэрэг: Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн

Хоёр жилийн өмнөөс л замын хөдөлгөөний дүрмийг сахидаггүй жолооч нарын тоонд багтсан түүнд Австралийн хуулиар машин жолоодох эрхийг нь хассан ч теннисчин гэдэгтэй нь холбогдуулж, галт тэргэнд суухын тулд ч юм уу, зарим хүндэтгэлтэй шалтгаанаар машин барихыг зөвшөөрчээ. Гэвч өнгөрсөн оны нэгдүгээр сарын нэг өдөр хоёр ч удаа торгуулсан тэрбээр замын цагдааг зогсох шаардлага тавихад нь гурвантаа эсэргүүцэл илэрхийлсэн удаатай. Эцсийн бүлэгт шүүхэд энэ хэргээр дуудагдсан Томич машин барих эрхээ жилээр хасуулжээ. Саяхан түүнийг бүлэг дээрэмчидтэй холбоотой гэсэн мэдээлэл цацагдсан бөгөөд үнэн, худал нь батлагдаагүй байна.

ПАТТИ ШНИДЕР

Дэлхийд чансаагаараа долоод эрэмбэтэй асан, WTA-гийн 11 тэмцээнд түрүүлсэн.

Хэрэг: Татвараас бултсан

2011 онд өндөр амжилт гаргасан Патти Шнидер, түүний нөхөр Райнер Хофманн нар 400 мянган еврогийн татвар төлөх ёстой байлаа. Теннисчин болсноос хойш 17 жилийн хугацаанд тэр 8 сая гаруй доллар хураасан. Гэвч Швейцарийн албан татвар маш өндөр учраас гэр бүлээрээ эх орноо орхин, Германыг зорьжээ. Олон хүн Шнидер ба түүний нөхөр Райнер Хофманн нарын амьдралыг сонирхдог. 20 жил дасгалжуулагч Райнерийнхаа удирдлагад хичээллэсэн тэрбээр багшийнхаа шашны зан үйлийн дагуу өдөрт 3 литр апельсиний шүүс уудаг гэнэ. Улмаар тэд 2003 онд гэрлэсэн юм. Нөхөр нь түүнд өмөг түшиг болохоосоо илүү гай тарих нь бий. 2002 оноос хойш Германд амьдрахдаа гурван жил татвар төлөөгүйн балгаар тэд шүүхийн хаалга татсан.

ЭРНЕСТ ГУЛБИС

Дэлхийн чансааны 21-т бичигдэж асан, АТР-ийн гурван тэмцээнд түрүүлжээ

Хэрэг: Биеэ үнэлэгчидтэй нөхцсөн

Стокгольмд болсон тэмцээний үеэр завхайн хэрэг нь илэрсэн билээ. Иймээс тэрбээр Шведийн шоронд нэг шөнө саатуулагдсан юм. “Би эрүүл, бүх зүйл надад хөгжилтэй санагддаг. Хүсэж байвал хэн нэгэн үл мэдэх бүсгүйтэй цагийг сайхан өнгөрөөсний төлөө нэг өдөр хоригдсон ч яадаг юм” хэмээн хэнэггүй хариулжээ.

ЖЕННИФЕР КАПРИАТИ

Дэлхийн экс манлай теннисчин, 1992 оны олимпийн алттай, “Их дуулга”-ын гурван удаагийн аварга

Хэрэг: Мансууруулах бодис хадгалж, хулгайд оролцсон

Хүүхдийнхээ ирээдүйн төлөө ганц ч үг унагаагүй Каприати. 1992 оны олимпод түрүүлэхдээ 16 настай байсан тэрбээр жилийн дараа Флоридагийн захаас хулгай хийсэн хэргээр цагдаад баривчлагдсан удаатай. 1993 онд найз нартайгаа нийлэн, хориотой бэлдмэл худалдаалдаг байсан нь илэрчээ. Гэсэн ч их спорт түүнийг шалбааг дундаас татан гаргаж, хожим “Их дуулга”-д гурвантаа түрүүлсэн билээ. Гэмтлийн улмаас цаг бусаар зодог тайлсны дараа Каприати их хэмжээний эм ууж эмнэлэгт хүргэгдсэн. Энэ нь амиа хорлох гэсэн оролдлого уу, санамсаргүй тохиолдол уу гэж хүмүүс янз бүрээр таамагласан. Түүний найз залуу, порно од Дэйл Да Бон ямар нэгэн том тэмцээний өмнө амраг бүсгүйгээ үргэлж сэтгэл зүйн ядаргаанд ордог, хэцүү байдлаас гарахын тулд порно студийг зорьдог байсныг өгүүлсэн нь бий. Гэвч энэ хар үе ард хоцорч теннисчин бүсгүй өдгөө зөв замд орсон билээ.

РОСКА ТАННЕР

Дэлхийн чансааны дөрөвт эрэмбэтэй асан тэрбээр 1977 оны Австралийн нээлттэй тэмцээний аварга, АТР-ийн 16 тэмцээнд түрүүлжээ.

Хэрэг: Хулгай

Хулгайн хэргээр 1997 онд түүнийг цагдаа нар анх баривчилжээ. 2003 оны зургадугаар сард луйврын хэргээр бас л баригдав. Одоогоос дөрвөн жилийн өмнө “Toyota” машинаа худалдсан гэрээг хуурамчаар хийсэн нь илэрч, шуугиан дэгдээсэн юм. 2012 оны нэгдүгээр сард хуурамч чек үйлдвэрлэж, ахиад л цагдаа нартай “найзаллаа”. Өдгөө тэрбээр эхнэр, гурван хүүхдийнхээ хамт Флоридад амьдарч байна.

БИЛЛ ТИЛДЕН

“Их дуулга”-ын арван удаагийн аварга

Хэрэг: Бага насны хүүхдүүдийг уруу татсан

Өнгөрсөн зууны шилдэг теннисчин, “Их дуулга”-ын арван удаагийн аварга тэрбээр ижил хүйстэн байжээ. Бага насны хүүхдийг буруу замд оруулсан хэргээр шоронд хоёр жил хоригдох ял сонссон юм.

1946 онд түүнийг 14 настай хүүг самууруулж байхад нь цагдаа нар баривчилжээ. Гурван жилийн дараа 16 настай нэгэн хүүг машиндаа хүчирхийлсний улмаас ял сонссон байна.

Б.СОНДОР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.