Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Самбар өмчилсөн МАН

Улаанбаатар хотын өнгө зүсийг гутаасан, эмх замбараагүй самбаруудыг цэгцлэх ажил эхлээд удаагүй ч багагүй хэл ам дагуулаад буй. Ажил эхлэхээс өмнө ч олон эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тухайлбал, уг ажлыг зохицуулсан журмыг шинэчлэн батлуулах гэж Захирагчийн ажлын албаныхан нийслэлийн ИТХ-ын хуралдаанаас хоёр ч удаа буцаж байж гурав дахь оролдлого дээрээ сая нэг батлуулсан.

Буцааж байсан гол шалтгаан нь сурталчилгааны самбар ашигладаг компаниудын эрх ашгийг хааж, бизнес эрхлэгчдийг боомилоод зогсохгүй, бараа бүтээгдэхүүний үнэ, инфляцид хүртэл нөлөөлнө гэсэн зарим төлөөлөгчдийн эсэрг үүцэлтэй холбоотой. Гэвч үнэн хэрэгтээ ийнхүү эсэргүүцэж, журмыг батлуулахгүйн төлөө тэмцэж байсны учир шалтгаан сая ил болов.

Төрийн албыг улс төрөөс ангид байлгах зорилгоор төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосон. Гэсэн ч намын эрх ашиг төрийн байгууллагуудад ямар нэгэн байдлаар хадгалагдсаар байсан нь нууц биш. Энэхүү гажиг тогтолцооны нөлөө дээрх хэрэг явдлын бас нэгэн шалтгаан байжээ. Нийслэлийн өмнөх Засаг дарга МАН-ын гишүүн, нийслэлийн МАН-ын дарга байсныг бүгд мэднэ. Харин энэ давуу байдал нь гайгүй олз ашигтай бизнес болтлоо өргөжсөн сурталчилгааны самбарын зах зээлд МАН-ынхан жин дарах хөшүүрэг болсон байжээ. Улаанбаатар хотод сурталчилгааны самбар байрлуулах, эзэмших эрхийг олгодог бүрэн эрхт хүн бол өмнө нь зөвхөн хотын Ерөнхий менежер байв. Тэгвэл Ерөнхий менежер асан Ч.Бат 2011 оны арванхоёрдугаар сарын 21-нд зарим байрлалд сурталчилгааны самбар байрлуулах зөвшөөрөл олгож, төлбөрийн зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг хүчингүй болгох тухай А184 тоот тушаал гаргахдаа МАН-д 20-иод байршилд самбар эзэмших зөвшөөрлийг хоёр жилийн хугацаатай олгожээ. Тэдгээрийн заримаас дурдвал, Тусгаар тогтнолын ордны урд 16х8 метр, 100 айлын гүүрний баруун талд 9х4 метр, Баянбүрдийн аюулгүйн тойргийн зүүн урд 16х8 метр талбай бүхий самбар гэх мэтээр жагсаажээ.

Нэг аж ахуйн нэгж олон самбар эзэмших зөвшөөрөл авч болохгүй гэсэн журам байхгүй ч асуудал үүсгээд буй өөр нэг шийдвэр нь мөн Ч.Бат менежерийн 2012 нэгдүгээр сарын 31-ний А05 тоот тушаал юм. Уг тушаалын хоёрт “Нийгмийн хамгаалал, байгаль орчин, соёл, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулах МАН-ын эзэмшлийн гадна реклам, мэдээллийн байгууламжуудыг нэг жилийн хугацаанд хураамжаас чөлөөлсүгэй” хэмээн заажээ. Түүгээр ч зогсохгүй уг тушаал гарахаас өмнө МАН-ын мэдлийн тэрхүү самбаруудыг байрлуулах зөвшөөрлийг Замын цагдаагийн газраас гаргуулан, нийслэлд хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, МАН эзэмшиж байсан самбартаа хүссэн сурталчилгаагаа үнэгүй байршуулж, хариуд нь нийслэлийн төсөвт нэг ч төгрөг төлөлгүйгээр 2012 оноос өнөөг хүртэл явж ирсэн байж таарах нь. Тийм ч учраас нийслэлийн ИТХ дахь МАН-ын төлөөллийнхөн уг журмыг батлуулахгүй гэж зүтгэж, батлагдсан хойно нь элдэв хэл ам гаргасаар байгаа аж.

Сурталчилгааны самбар гэдэг зүгээр сууж байгаад халаасаа зузаатгах хамгийн тохиромжтой бизнесүүдийн нэг болж хувирсан байв. Нэг жишээ дурдъя. Хотын төвийн А бүсэд сурталчилгааны 4х9 метр талбайтай самбар эзэмшдэг аж ахуйн нэгж зурагт сурталчилгаа тавиулаад өдөрт 140 мянга, сард 4.2 сая төгрөг авдаг. Харин уг самбарыг эзэмшсэнийхээ төлбөрт нийслэлийн төсөвт жилдээ таван сая төгрөг л төлдөг. Тэгэхээр тун ашигтай бизнес болох нь ойлгомжтой байгаа юм. Дээр өгүүлсэн намын мэдлийн самбаруудын тухайд гэвэл нийслэлийн төсөвт орох байсан олон зуун сая төгрөгийг МАН-ынхан халаасалсан нь тодорхой боллоо.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахад дагаж, мөрдөх журмыг шинэчлээд баталчихсан болохоор ийм асуудал дахин гарахгүй гэж найдъя. Уг журамд зааснаар дүүргүүд харьяа нутаг дэвсгэр дэх сурталчилгааны самбаруудыг бүрэн хариуцах эрхтэй болж буй юм. Шинэчилсэн журмыг батлахдаа “Цагаан бүс”-ийг тогтоож өгсөн. Энэ нь нийслэлд сурталчилгааны самбар байршуулах боломжтой газрууд гэсэн үг бөгөөд дүүрэг бүр уг байршлыг аж ахуйн нэгжүүдэд танилцуулах үүрэгтэй. Түүнчлэн самбар эзэмшигчдэд зөвшөөрөл олгох, цуцлах, сунгах ажлыг дүүрэг нь хариуцан зохион байгуулна. Төлбөр хураамжийг ч дүүргийн төсөвт төвлөрүүлж, шаардлагатай тохижилт, бүтээн байгуулалтын ажилдаа зарцуулахаар болж буй. Тиймээс хэн нэгний хувийн бизнес, тэр ч бүү хэл улс төрийн намын ашиг орлого олдог хэрэгсэл болдог асуудал дуусгавар болох биз ээ.

Журмын дагуу “Цагаан бүсэд” багтаагүй бүх самбарыг буулгах юм. Хамгийн сүүлд гаргасан тоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 274 аж ахуйн нэгж байгууллагын 2180 ширхэг самбар байгаа аж. Эдгээрээс автозамын хөдөлгөөнд ороход саад учруулж, осол гарах томоохон шалтгаан болдог 1000 орчим самбарыг нэн түрүүнд буулгах шаардлагатай хэмээн Замын цагдаагийн газраас үзсэн. Тиймээс энэ сард нийслэл хотод болох Ардчилсан орнуудын чуулга уулзалтаас өмнө эхний 1000 самбарыг буулгахаар ажиллаж буй. Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр бол одоогоор 255 самбар буулгачихаад байгаа юм байна. Цаана нь гэрээтэй болон гэрээгүй 731 самбарыг буулгах ажил үлдсэн аж.

Сурталчилгааны самбаруудыг ийнхүү буулгаж, цэгцэлж байгаа нь аль нэгэн аж ахуйн нэгжийг хааж, хэн нэгний бизнесийг боож буй хэрэг огт биш юм. Хотын соёл, тохижилт, өнгө төрхийг сайжруулах, аливаа сурталчилгааны үйл ажиллагаа зөвхөн хууль, дүрэм журамд заасны дагуу явагдах орчныг бүрдүүлэхийн тулд энэ арга хэмжээг авсан. Иргэд, олон нийт ч дэмжиж байгаа. Лед дэлгэц, шинэ технологи бүхий олон улсын жишигт нийцсэн мэдээллийн байгууламжуудаар Улаанбаатар хотоо гоёж, навсайж, салбайсан хулдаасаар бүрсэн төмөр “шон”-гуудаасаа салах нь зөв арга хэмжээ мөн билээ.

Б.ИРЭЭДҮЙ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.