Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нисэхийн салбарт буудалласан “аяны шувууд”

 Монгол Улсын агаарын тээврийн салбарт хаврын хавсарга тавьж, нүүр нүдгүй шуурч байгаа цасан шамарга намжих төлөв алга. Тэнгэр муудсан үед нисэхийнхэн агаарын хөлгөө хөөргөлгүй хүлээдэгтэй адил дарга удирдлагуудынх нь бужигнаан, будилаан дуусаж, тэнгэр цэлмэхийг энэ салбарын жирийн ажилтнууд хүлээж сууна. Зам, тээврийн сайд А.Гансүх гурав хоногийн өмнө тушаал гаргаж, ИНЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр Сономцэрэнгийн Энх-Амгаланг томилов.

1998-2002 онд Монгол Улсын Агаарын навигацыг хөгжүүлэх төсөлд, “Оюут”, “Ханбумбат” нисэх буудал барих төслийн менежерээр ажиллаж байсан, иргэний нисэхийн салбарт 15 жилийн туршлагатай гэх энэ хүн нисэхийн холбооны инженер мэргэжилтэй юм билээ. ИНЕГын Берлин дэх салбарт ажиллаж байгаад, дараа нь Канадад ногоон карт өвөртлөн амьдарч байсан аж. Нэг хэсэг аялж яваад эх нутагтаа ирсэн энэ “шувуухай” ИНЕГ-т буулаа. Одоохондоо тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх гуншинтай ч үүрэг гүйцэтгэгч нарын 99 хувь нь удалгүй жинхэлдэг жамтай. Түүнийг УИХ-ын даргын ач буянаар ийм буудал олж, зөөлөн газардсан хэмээн иргэний нисэхийн салбарынхан шуугиж байна.

ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалт гэдэг нисэхийн амин судас болсон алба. Энэ албанд гэр бүлсэг томилгоо хийчихгүй байгаа хэмээн нисэхийнхэн дагжиж суугаагаа учирласан. Учир нь С.ЭнхАмгалангийн хүү Э.Ганхүү аав, ээжтэйгээ Канадад амьдарч байхдаа нисгэгчийн сургуульд сурсан хэмээн үнэмлэх өвөртлөн МИАТ-д ирж, тус компанид “Боинг 737-800” онгоцны нисгэгчээр ажиллаж байжээ. МИАТынхан түүнийг нисгэгчийн сургууль дүүргэсэн хэмээн итгэж, өндөр зардлаар Боингийн сургалтад хамруулж, зөөлтийн нислэгт гаргасан байна. Гэвч булавч бултайна, даравч дардайна гэгчээр нислэгийн үед алдаа гаргаж, битүүмжлэл алдуулснаас юу ч чаддаггүй, мэддэггүй нь илэрч халагджээ.Энэ нислэгээр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг гэр бүлээрээ явсан гэдэг юм билээ. Нислэгийн үед гарсан ноцтой хэргийн хариуцлагыг Э.Ганхүүгийн багш-нисгэгч нь үүрээд өнгөрсөн гэдэг. МИАТ компанийн шинэ захирал Г.Жаргалсайхан хүүхэд, хүргэн, дүүгээ хүүхэдтэй нь, тэр хүүхдийн эхнэрийг хүртэл удирдлага дороо ажиллуулан, гэр бүлсэг томилгоо хийгээд байгаа. Тэрбээр нисэхийн салбарт “А” ч үгүй хүргэнээ Москвад суух төлөөлөгчөөр томилсон. Монголын иргэний агаарын тээврийн нүүр царай болох учиртай төлөөлөгчөөр мэргэжлийн бус хүн томилсныг нь ТӨХ буруутгаж, эргүүлэн татахыг Г.Жаргалсайханд үүрэг болгосон ч биелүүлэхгүй байгаа гэнэ.

Загас жараахай элбэгтэй нуурын эрэгт нэгэнт буудаллаад авсан шувуухай тэндээ үүрээ засна уу гэхээс буцаад нисэхийг бодохгүй нь мэдээж. Хэдхэн хоногийн өмнө МИАТ-ын Берлин Москва- Улаанбаатар чиглэлийн онгоц хойд хөршид саатан, зорчигчдыг чирэгдүүлсэн. Гэтэл тус компанийн Москвад суугаа төлөөлөгч англи байтугай оросоор “А” ч үгүй нөхөр байсан тухай зорчигчид ярьсныг уншигч та үзсэн биз ээ. Иймэрхүү нүүдлийн шувуу энэ байгууллагад олон. МИАТын ерөнхий нягтлан бөгөөд Санхүүгийн хэлтсийн даргаар Зам, тээврийн сайдын туслах М.Сугарсүрэнгийн нөхөр Д.Батбилэг ажилладаг. УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан тус компанийн ерөнхий менежер бөгөөд Бодлого, маркетингийн газрын даргаар очсон. Тэрбээр бие хамгаалагчаа маркетингийн мэргэжилтнээр авч, төрийн албан хаагч болгожээ. Энэ мэтээр том шувууд нь арай жижигтээ, жижиг нь бүүр жижигхэндээ үүр засаж өгсөөр, иргэний нисэхийн салбар “нүүдлийн шувууд”-аар дүүрээд байна.

Б.БАЯСАЛМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.