Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Монгол хүнээ голох сэтгэхүйг халъя”

 Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав салбартаа хийж буй ажлын талаар өчигдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Тус яамнаас үйлчилгээ, сургалт, дэмжлэг гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй аж. Үйлчилгээний хүрээнд ажилгүй иргэдийг бүртгэж, зуучлан ажил олгогчдоос захиалга авч байгаа гэнэ.

Ажил хайж бүртгүүлсэн 30 гаруй мянган иргэн байхад ажлын байрны захиалга нь 28 мянга болжээ. Эрэлт, нийлүүлэлт тэнцүүхэн ч хүссэн шаардлагад нийцэх мэргэжилтэй хүн ховор байгаа юм. Тиймээс мэргэжил олгох сургалтыг танхимаар болон тухайн байгууллагад явуулж эхэлжээ.

Энэ хүрээнд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөр хэрэгжүүлж, түр үүчийн хүмүүсийг хоёр сар танхимаар, нэг сар ажлын байран дээр сарын 190400 төгрөгийн цалинтай сургалтад хамруулж буйгаа сайд ярив.

Ажлын байр захиалагчдын 75 хувь нь мэргэжилтэй, үлдсэн нь дээд боловсролтой ажилтан хүсдэг байна. Манай улсад хөдөлмөрийн насны 1.7 сая иргэн байгаагийн нэг сая 18.000 нь л ажил эрхэлдэг. 680 гаруй мянган хүнийг эдийн засгийн идэвхгүй хэсэгт оруулжээ. Үүнд оюутнууд, гэртээ хүүхдээ асардаг хүмүүс, өндөр настнууд багтаж байна. Тэднийг улирлын чанартай ажлаар хангахад анхаарч буй гэнэ. Мөн 18-24, 45-60 насныхныг ажилд авах сонирхол бага учир яамныхан тэдэнд түлхүү анхаарч байна. Я.Санжмятав сайд “Монголчуудаа голдог сэтгэхүйг халахгүй бол хүний нөөц дундарна. Бид гадаадын ажилтан авах квотыг аль болох багасгахаар ажиллаж байна. Нэг удаадаа Хятадаас ажилчин авч ажлаа амжуулаад явуулах уу, тогтвортой ажиллах монгол хүнээ бэлтгэх үү гэдгийг ажил олгогчид бодох хэрэгтэй” гэлээ.

Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 180000 төгрөг болгох саналаа ҮЭХ, Ажил олгогч эздийн холбоотой зөвшилцөж байгааг дуулгасан.

 С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.