Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЖАЛАН-ААЖАВ ДАРГАД “ТОМОРСОН” МИНЬ

 Баяр даргын дурсамжийн цувралаас гурав дахийг нь нийтэлж байна. Энэ бол түүний оюутан ахуй цагийн дуртгал.

 1977 оны намар Москвагийн Их Сургуулийн төгсөх ангид ороод дипломын ажлынхаа сэдвийг сонгох болов. Багштайгаа зөвлөтөл “Парламентын засаглал ба Монголын жишээ” гэсэн сэдэв санал болгож байна. Энэ нь оюутанд байтугай эрдмийн зэрэг горилж буй эрдэмтэнд ч ахдахаар сэдэв. Парламентын засаглал гэдэг нь ч нарийндаа яг юу юм, Монголын маань жишээ ч гэж юу билээ гэж халшрав. Эргэлзээд байгааг минь багш анзаараад “Бүү ай. Хол харайвал ядаж алхам ахина. Ойрхон харайвал алхам ч ахихгүй. Танай Ардын Их Хурал байгуулагдсан түүх, нөхцөл байдал нь өвөрмөц сонин. Энэ чиглэлийн судалгаа, баримтыг сайхан бүрдүүлээд наад ажлаа хийж эхэл. Эхлээд авбал цааш явах зам чинь харагдана” гэлээ. Миний багш, профессор Давид Львович Златопольский бол олон ном, сурах бичиг гаргасан, Орост байтугай дэлхийд нэртэй том эрдэмтэн байв. Ийнхүү багшийн зөвлөгөө, шахалтаар илт томдсон малгай шиг нэг тийм сэдэвтэй болж авлаа.

Нутагтаа дипломын практик хийхээр ирээд, энэ тухайгаа хариуцсан дарга нартаа хэлэв. Би сургуульд явахдаа Сайд нарын Зөвлөлийн Зохион зааварлах хэлтсийн нэр дээр явсан тул намайг хариуцдаг байгууллага энэ байв. Явах, буцах замын зардал даах, хааяа цуглуулж семинардах маягаар л тэд хариуцах агаад би тэндхийн ирээдүйн боловсон хүчинд тооцогдоно. “Яахлаараа парламент энэ тэр гэсэн сэдэв авдаг билээ. Чи парламентын нэр дээр биш, манай нэр дээр сурч байгаа шүү” гэж хэсэг цааргалсан ч эцэстээ Ардын Их Хурлын архивт сууж, материал шүүх талаар ярьж өгөв. Ингээд би Төрийн ордны (тэр үед ордныг тэнд байрлах гол байгууллагын нэрээр нь Төв хороо л гэдэг байж) архивт сууж, Ардын Их Хурлын тухай шинэ, хуучин элдэв баримт сөхөж, өөрт хэрэгтэйгээ том бор дэвтэртээ тэмдэглэдэг ажилтай болов.

Нэг өглөө ажилдаа иртэл архивын бичиг хэргийн нэг авгай “Чамайг өчигдөр Жалнаа даргын туслах асуусан шүү” гэлээ. “Жалнаа дарга гэж хэн билээ” хэмээн асуухад ”Жалан-Аажав дарга. Улс төрийн товчооны гишүүн. Чи одоо оч, оч” гэж байна. Төрийн ордны урд гол хэсэгт, гуравдугаар давхрын баруун талд байх өрөөг нь сурагласаар очив. Үүднийх нь том өрөөнд унжийсан урт эрүүтэй залуу урдаа баахан бичиг дэлгэчихсэн сууж байна. Жалан-Аажав даргын туслах Төмөр-Очир гэдэг хүн аж. Яваад ортол нэрийг минь асууснаа над руу жаахан таагүй харж байна. Би архивын шороо тоосонд сууна гээд нэг муу хар бараан хүрэм өмссөн байв.

-Жалан-Аажав дарга чамайг бүр өчигдөр сурагласан. Гэтэл чи ийм хачин юм орж ирж байдаг. Дэлгүүрийн ачигч биш дээ. Наад хувцсаа солиод, зангиа зүүгээд ир гэж байна.

Гэртээ очиж госжоомоо өмсөв. Зангиа байдаггүй. Хуучин хогшилтой чамдаан ухаж байж, аавын нэг хөх зангиаг олж зүүгээд буцаад очлоо. Урт эрүүтэй нөхөр намайг гарахад байсан яг нөгөө байрдлаараа цаас шагайгаад сууж л байна. Намайг хальт харснаа

-Дарга өнөөдөр хүлээж авах завгүй. Маргааш өглөө ир гэлээ.

Маргааш өглөө нь очтол дарга бас л завгүй, үдээс хойш ир гэж байна. Нөгөөдөр нь ч мөн адил. Би тэр том даргад бараалхана гээд нэг их догдолсонгүй, яарсан ч үгүй. Учир нь “Жалнаа дарга” намайг яах гэж дуудсаныг би гадарлаж байв. Урьд нь огт уулзаж байгаагүй тэр том дарга надтай юу ярих, би түүнд юу гэж хариулахаа багцаалж байлаа. Даргын дуудлага хүлээнгээ бор дэвтэртээ ганц нэг тэмдэглэл хайнгадуу хийсэн шиг, уртаашаа ганц госжоомтойгоо архивт орчихсоныг хэлэх үү, тоостой хавтас нааш цааш хөдөлгөхдөө цэмцэгнээд л байж байв.

Тэгтэл нэг өглөө архивын дотуур утсаар даргын туслах “Одоо ороод ир” гэж дуудаж байна. Үүдний өрөөнд нь яваад очтол урт эрүүтэй туслах үг дуугүй даргын өрөөнд дагуулж орлоо. Өрөө нь их том санагдав. Тэр том өрөөний цаад өнцөгт том ширээний ард бөөрөнхий царайтай, босоо үстэй, жижигхэн хүн сууж байна.

Тэрбээр инээмсэглэсээр надтай гар барьж мэндчилснээ том буйдан руу зааж суулгаад “Цай, чихэр аваад ир” гэж туслахдаа хэлэв. Дарга өөрөө хөндлөн байрлах арай жижиг буйдан дээрээ тухаллаа. Туслахаа бодвол сайхан зантай хүн юм байна гэж бодогдов.

-За хө, Санжаагийн Баяр гэдэг чинь ийм хүү байдаг байх нь. Аав шигээ өндөр нуруутай… Номтой хүн байсан шүү, Санжаа багш. Ээж нь нөгөө загасаа судалсан хэвээр л биз дээ. Златопольский багш надад захидал ирүүлж. Би бас шавь нь байгаа юм. Багш чамайг Москвагийн Их Сургуулийн аспирантурт үлдээх саналтай гэж бичсэн байна. Аав чинь бас МГУ-д хамгаалсан байх, тийм ээ? Чи юу гэж бодож байна, ямар сэдэв сонирхдог вэ гэж яриа дэлгэв.

Би тэр захиаг нь үзээгүй ч ерөнхий агуулгыг нь уншсан мэт тааж байв. Златопольский багш надад “Би монголчуудад элэгтэй еврей хүн. Бид цөөн, та нар ч цөөн. Боломж байгаа л бол бие биеэ дэмжиж явах ёстой. Чи бол миний отгон монгол шавь. Ёндондүйчир, Жалан-Аажав гэж хоёр шавь надад бий. Тэр хоёр хоёулаа том дарга болоод сайн яваа гэж дуулсан. Чи ч бас тэдний хойноос том дарга болохыг хэн байг гэх юм бэ” гэж хэлээд инээдэгсэн. Төгсөх ангид орох жил багш маань намайг аспирантурт үлдээх тухай байнга ярьдаг болоод байв.

Тэр яриаг нь би нэг их ойшоохгүй. Хууль зүйн мэргэжил сонирхолтой ч, эргэлзээ бас төрөөд байдаг байв. Бүх насаараа зөвхөн энэ хүрээнд л эргэлдэнэ гэж бодохоор нэг л тийм. Сургуулиа төгсөөд шууд аспирантурт үлдэж, тэгээд залуухан эрдэмтэн, доктор профессор болсон хүмүүс манай сургуулиар цөөнгүй. Ихэнх нь оросууд. Ганц нэг герман, болгар тэдний дунд бас харагдах бөгөөд бидэнд хааяа хичээл орно. Эрдэм боловсролтой ч, нэг л тийм хар залуугаасаа ядаргаанд орчихсон царайтай, номноос өөр юм мэдэхгүй гунигтай хүмүүс шиг санагддаг байлаа. Амьдралд намайг үүнээс арай илүү сонирхолтой ирээдүй тосож байж магад гэж дотроо боддог, горьддог байсан биз.

Гэхдээ би багшийнхаа саналд шууд “Үгүй” гэж зүрхлэлгүй, “Манай Монголд сургуулиа төгсөөд шууд аспирантурт үлддэг жишиг байхг үй. Манайх зөвшөөрөхгүй л байх. Хэдэн жилийн дараа би хөөцөлдөөд үзье” гэдэг байв. Тэгэхээр багш уцаарлана. “Жил алдах ямар хэрэг байна. Энэ хорвоод хамгийн үнэтэй юм бол цаг хугацаа. Чамд хугацаа товчлох алтан боломж гарч ирж байна. Хуулийн анги төгсөх хоёр зуун хүнээс хоёр гуравт нь л ийм алтан бололцоо олддог. Бодоод байх юмгүй. Одоо шийд. Арыг нь би даана” гэнэ. Арыг минь дааж байгаа нэг арга нь Хуулийн ангийн декантай аспирантурын нэг хуваарь урьдчилаад тохирсон гэх. Нөгөө арга нь ЖаланАажав шавьдаа бичсэн түүний захиа аж.

Жалан-Аажав даргад энэ бүхнийг тоочилтой биш, багшид хэлдгээ л давтлаа.

-Давид Львович намайг аспирантурт үлд гээд байгаа юм. Миний хувьд бол ёс журмаараа л явсан нь дээр байх гэлээ.

-Ямар ёс журам? гэж дарга асууж байна.

-Сургуулиа төгсөөд аспирантурт шууд үлддэггүй журам бий гэсэн.

-Яг ч тийм журам үгүй л дээ. Сургууль нь хуваарь гаргаад, цаанаасаа дэмжиж байгаа гэж бичсэн байна. Энэ нөхцөлд асуудал арай өөр л дөө…

-Өө дэмий. Арын хаалгаар явж байгаа юм шиг шал дэмий. Сургуулиа төгсөөд, хэдэн жил ажиллаж байгаад дараа нь тэр тогтсон журмаар нь явах хэрэгтэй гэлээ.

Хожим яг энэ мөч надад эргэн эргэн санагддаг байлаа. Нэг муу оюутан “Тогтсон журмаар явах хэрэгтэй” гэж чухамхүү тэр “журмыг нь” тогтоодог хүнд сургамжлаад сууж байсан нь инээдтэй. Нам төрийн удирдагч тэр хүн Зөвлөлтийн багшийнхаа хүсэлтийг хүлээн авч, намайг аспирантурт явуулъя гэвэл чадах л байсан байлгүй. “Сургууль нь дэмжээд байгаа бол асуудал өөр” гэсээр байтал ам бардам нэгэн жаал өрөөнд нь орж ирчихээд өөдөөс нь “тогтсон журам” яриад, одооны хэллэгээр бол “томроод” байхад тэр гайхсан биз. “Энэ хүүхэд нээрээ ийм улаан галзуу шударга нөхөр үү, эсвэл угаасаа ийм эргүү балай амьтан уу” гэж эргэлзсэн ч байж мэднэ.

Жалан-Аажав дарга намайг хэсэг ажигласнаа

-За яахав, чи өөрөө тэгж бодож байгаа бол яая гэхэв. Чиний зөв ч байж мэднэ. Нээрээ хэдэн жил сайхан ажиллаад хаашаа ч явж болно л доо. МГУ ч явж болно, АОН (Нийгмийн Ухааны Академи) ч явж болно шүү дээ. Харин одоо сургуульдаа буцаж очоод бид хоёрын ярьсныг багшид бүгдийг нь сайн яриарай. Таны шавь Жалан-Аажав тусалъя гэсэн ч би өөрөө татгалзлаа гэдгээ хэлнэ шүү гэлээ.

Жалан-Аажав дарга бид хоёрын яриа үүгээр өндөрлөв. Гэнэтийн энэ уулзалтын тухай ээждээ ярилгүй явж байгаад хэзээ хожим хэлэв.

-Даанч дээ. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гэдэг энэ л байх. Ийм боломж чамд дахин олдооч уу. Ухаан суух мөн өдий байна даа, чи хэмээн халаглав.

Ээж харамсаж, халаглана гэдгийг би мэдэж байсан учраас тухайн үед нь энэ талаар огт дурдаагүй юм. Эрдэм номын ажлыг юу юунаас илүү дээдлэх ээжийн хандлага минийхээс арай өөр. Ээж бол ховор боломжоо алдлаа л гэж үзнэ. Би бол түүнийг нь тийм ч ховор боломж гэж үнэлсэнгүй. Боломжоо алдаж байна ч гэж бодсонгүй. Ийм боломж байнга л байх юм шиг, дуртай цагтаа түүнийг ашиглаж болно гэж төсөөлж байж. Гэтэл амьдрал миний тэр гэнэн төсөөллөөс огт өөр гэдгийг амархан нотлоод өгөв.

“Тэр боломжийг ашиглах минь яав даа” гэж харамсах үе надад бишгүй тохиолдсон. Сургуулиа төгсөж ирээд учир нь олдохгүй ажилд томилогдож, үйлээ үзэж байхдаа, бас дараа нь цэрэгт мордож, офицер болчихсон явахдаа амаа хэд ч алгадав даа. Арга ядаад Златопольский багшид хамаг амьдралаа тоочсон урт захиа бичиж “Одоо нөгөө аспирантураа хөөц өлдвөл ямар вэ” гэж асууж ч үзэв. Багш хариундаа “Чи офицер болсон учраас мэргэжлээрээ ажилласанд тооцогдохгүй. Тэгээд ч аспирантурын хуваарь одоо алга” хэмээн шулуухан өчив. Захиа нь товч бөгөөд тодорхой байв. Оросуудын хэлдгээр “Поезд ушел” бололтой. Дээр нь багшийнхаа урмыг нь хугалснаа би хожимдож ухаарав.

1983 онд байна уу даа, намайг цэрэгт байхад ЖаланАажав даргыг нам, төрийн бүх ажлаас нь буулган, хөдөө цөлсөн. Түүнийг буруутгасан Намын бүгд хурлын шийдвэрийг сонин хэвлэлээр нүүр дүүрэн нийтэлснийг нь уншиж, радио телевизээр зарлахыг нь сонсоод гайхав. “Ингээд л хусчихдаг юм байх даа. Улс төрийн товчоонд байсан таньдаг ганц даргыг маань, Златопольский багшийн маань ганц сайн шавийг хусчихлаа даа…” гэсэн бодол төрөв. Босоо үстэй, бөөрөнхий нүүртэй, уриалгахан тэр даргатай уулзаж байснаа энэ үед санахад нэг л харамсалтай, нэг л гунигтай байж билээ.

Хэлмэгдүүлэлтийн тээрэм зөвхөн Жалан-Аажав даргыг биш, орчин тойрных нь олон хүнийг тээрэмдсэн гэдэг. Миний мэдэхээс нөгөө туслах нь байсан Төмөр-Очир тэр үед Төв хорооны Хэлтсийн эрхлэгч болчихсон байснаа ажлаасаа бас хөөгдсөн дуулдсан. Сүүлд “Октябрийн туяа” билүү дээ, нэг тийм нэртэй жижиг сэтгүүлийн эрхлэгч хийж явахад нь би түүнтэй таарч байлаа. Өөр олон хүн ажил, амьдралгүй болсон гэдэг ч би тэднийг нь танихгүй юм.

Жалан-Аажав гуайтай би хожим олон уулзаж байлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхад тэрбээр нэг өдөр гавьяатынхаа шинэхэн тэмдгийг зүүчихсэн, миний өрөөнд ороод ирэв. Би туслахаа дуудаж, бушуухан тавагны идээ дүүргэх, өөр хүн хүлээж авахгүй байх тухай үүрэг өгчихөөд Жалан-Аажав гуайд баяр хүргэв. Ёсыг бодож нэг юм задлах гэтэл “Хэрэггүй, хүү минь. Энд яаж болох вэ. Дараа нь би чамайг гэртээ дайлна” гэлээ.

Бид хоёр нилээд удаан сууж, хууч хөөрөв. Сургуулийнхаа тухай, Златопольский багшийн тухай яриа мэдээж өрнөв. Би цэрэгт байхдаа багшид захиа бичиж, аспирантурын тухай асуугаад “Үгүй” гэсэн утгатай товчхон хариу авснаа ярив. “Багшаа гомдоочихсон байх даа” гэхэд Жалан-Аажав гуай:

-Үгүй биз. Тийм юманд багш гомдох учиргүй. Багш хүн шавьдаа гомдтолоо хол. Златопольский багш юм юм үзсэн хүн шүү. Дайнд оролцсон, хэлмэгдэж ч явсан гэдэг. Чамайг амьдралд сургаж байгаа нь тэр гэлээ.

-Би танаас нэг юм асууя гэж бодоод л явдаг. Та намайг тэр үед юу гэж бодсон бэ. Нэг их ам бардам жижиг амьтан өөрөөсөө том юм яриад байхад та гайхсан байх даа гэхэд

-Дарга байхад хүн юм гуйх гэж орж ирдэг болохоос, татгалзах гэж орж ирнэ гэж үгүй. Гэхдээ чиний зөв байж дээ гэж хэзээ хойно бодогдсон. Хэрэв тэр үед чи миний дэмжлэгээр сургуульд явсан бол миний хань хамсаатны тоонд бүртгэгдэж, хэцүүдэх байсан байж ч мэднэ. Миний дэмжиж байсан олон сайхан залуус ийм маягаар хохирсон. Тэдний буруу гэж юу ч байхав дээ гэж билээ.

Жалан-Аажав гуайгаас хэлмэгдсэн тухай нь нарийн ширийн юм асуухад тэр тоймтой юм надад хэлсэнгүй. Хэлмэгдэж, хохирч байсандаа хорсож гомдоод, өс санаад явах хүн тэр биш байлаа. Түүнийг өөд нь татаж гаргаад, дараа нь тэр өндрөөс авч хаясан Цэдэнбал даргын тухай түүнээс асуухад “Бал дарга ч мундаг хүн байсан шүү. Олон талын мэдлэгтэй, их ажилсаг хүн байсан. Сүүлд бие нь жаахан муудаад юм мартдаг болсон. Үүнийг нь далимдуулаад хажууд нь байсан ганц нэг хүн л үймүүлдэг байлаа” гэсэн шүү юм хэлээд өнгөрч билээ.

Өөрийг нь үг, өчиггүй хэлмэгд үүлсэн хүмүүст Жалан- Аажав гуай үнэхээр ийм өгөөмөр өршөөнгүй ханддаг байсан уу, эсвэл гомдох сэтгэлээ дотроо хадгалж, илүү юм ярихгүй байхыг чухалчлав уу гэж эргэлзэв. Юутай ч аргагүй л юм үзсэн төрийн хар хүний зангараг зааж байна даа гэж санагдаж билээ.

Санжаагийн БАЯР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.