Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УЛААНБАДРАХЫН ДУУЛИАН ХОНГОРЫН СУРГАМЖИЙГ ДАВТАХ УУ

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хор илэрсэн тухай мэдээлэл түгж, эрх баригчдын чихэнд хонх уяж эхэллээ. Өчигдөр Байгаль орчны иргэний зөвлөлийнхөн хэвлэлийн хурал хийж, ураны хайгуулын лицензтэй компаниудын тарьж буй балагт Засгийн газар анхаарлаа хандуулахгүй байна хэмээн мэдэгдэв. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Улаанбадрах суманд айлын тугал, үхэр учир битүүлгээр үхэж, мэргэжлийн байгууллага болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг ураны бохирдол илрээд байгаа гэх тус суманд хөл тавихад хүргэж байв.

Төрийн байгууллагын Ажлын хэсэг малын үхлийн шалтгаан, байгаль орчны бохирдлыг тогтоох лабораторийн шинжилгээний дээж авах зорилготой очсон бол төрийн бус байгууллагын төлөөлөгчид замбараагүй олгогдсон уул уурхайн лиценз, хяналтгүй үйл ажиллагаа явуулдаг компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж мал, амьтан үхэж эхэлсэн гэх хардлагыг баталгаажуулахын тулд очсон байна.

Ураны хордлого илэрсэн гэж буй тус суманд Францын “Арева” группийн охин компани болох “Кожеговь” ураны хайгуулын лиценз эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа нь байгаль орчны иргэний хөдөлгөөнүүдийн анхаарлыг татсан аж. Арванхоёрдугаар сард Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн Цацрагийн лаборатори, Геологийн төв лабораторийн баг “Кожеговь” компанийн ураны хайгуул, хаягдлын цэг гэж нэрлэгддэг Улаанбадрах сумын Зөөвчийн овоо, Тал хонгорын шар дов гэдэг газраас шинжилгээний дээж авч шинжлээд “Энэ бүсэд хийгдсэн хүнд элементийн агуулга тодорхойлох шинжилгээгээр цацраг болон хүнд металлын бохирдол алга байна” гэсэн дүгнэлт гаргасан юм.

Түүнчлэн Цөмийн энергийн газрын байцаагчид “Тайван амгалан байцгаа, үхэр уранаас болж үхээгүй” гэж дүгнэсэн ч тухайн бүс нутагт цацрагийн бохирдол байгаа нь нотлогдсон гэж Байгаль орчны иргэний зөвлөлийнхөн мэдэгдэж байгаа. Энэ сарын эхээр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийнхон Зөөвчийн овоо, Тал хонгорын шар дов зэрэг газарт цацраг болон хүнд металын бохирдол илэрсэн гэсэн дүгнэлт гаргасан нь шуугианыг улам өргөжүүлэв. Үүний улмаас Дорноговь аймгийн Улаанбадрах сумын захиргаа саяхан эл бүсэд нутагладаг малчдадаа буурь сэлгэх санал хүргүүлсэн бөгөөд тус суманд үйл ажиллагаа явуулж буй “Кожеговь” компанийн удирдлагууд малчдын мал өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж үхсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэнэ.

Энэ сарын 21-24-ний өдөр Монголын байгаль орчны иргэний зөвлөл ураны хордлого илэрсэн гэх тус суманд дахин ажиллаад иржээ. Эл ажлын хэсэгт “Кожеговь” компанийн удирдлага, малчид багтсан бөгөөд уурхайн олборлолтоос ялгарсан хаягдал шаврын цэгээс дээж авч шинжлэхэд ураны цацрагийн хэмжээ 30 дахин их гарсан гэж хэвлэлийн хурал зарлагсад мэдэгдсэн юм.

Өвлийг ураны хордлогын дуулиантай үдсэн Улаанбадрах сумын хайгуул хийгдэж буй Дулаан уул хавиар нутагладаг малчдын мал үсгүй ботго, ишиг гаргаж, мал хээл хаях нь энгийн үзэгдэл болсон гэнэ. Байгаль орчны иргэний зөвлөлийнхөн “Байдал ингэж хүндэрч байхад төрийн байгууллагууд өмнөх дүгнэлтээ баллуурдаж, дахин засаж байгаа нь хэн нэгний ашиг сонирхолтой холбоотой” гэж үзэж байгаагаа мэдэгдэв.

Хяналтгүй уурхайн балгаар Дархан-Уул аймгийн Хонгор сум хордсон гэх дуулиан дэгдэж, сумыг тэр чигээр нь нүүлгэж суулгахдаа тулж байсан түүх тун саяхных. Хонгор хордсон, хордоогүй хэмээн талцсан эл маргаан үе үе улс төр дамжин өртөөлөхөд бэлэн байдаг төдийгүй олны анхаарлыг татсан эл асуудлын эцсийн хариу өнөөдрийг хүртэл эргэлзээтэй хэвээр байдаг. Хонгорын хэрэг явдал Улаанбадрахад давтагдах уу. Засаг, төр Хонгороос сургамж авсан уу. Яагаад таг дуугүй байна вэ. Уранаар мал амьтан хордсон нь үнэн үү гэх мэт асуултууд ар араасаа хөвөрсөөр байна. Ахиад нэг Хонгортой болох гээгүй бол энэ асуудлыг даруй анхааралдаа авч, бодит мэдээллийг өгөх хэрэгтэй болжээ.

Д.ОТГОНЖАРГАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.