Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дуусдаггүй сонгууль

Төрд дуу хоолойгоо дамжуулан хүргэх төлөөллөө иргэд сонгоод хэдийнэ дөрвөн сар өнгөрчихөөд байхад урт настай, удаан жаргалтай 2012 оны орон нутгийн сонгууль дуусаагүй л байна. Дуусах ч үгүй янзтай. Нийслэлийн дүүргүүдийг удирдлагатай болгох гэж түр орлон гүйцэтгэгч хүртэл томилон байж гурван сар орчим дуншсаны эцэст арай гэж Засаг дарга нараа хэл амтай батлуулсан. Үүний араас хорооны Засаг дарга нарын сунгаа улстөржихийн дээдээр улстөржиж, энэхүү “хүндтэй” албан тушаалыг өөрийн болгохын тулд төрсөн ах дүүс хүртэл хоорондоо тангараг тасарч, олны өмнө булайгаа дэлгэлцсэн явдал энүүхэн Төв аймагт тохиолдсон.

Нийслэлийн хувьд хамгийн жижиг нэгж болох хорооны Засаг даргаас гадна хөлсний цалин буюу сарын 140400 төгрөгөөр ажилладаг хэсгийн ахлагч болох гэж амбийцалдаг хүн цөөнгүй болж. Энэ “албан тушаалд” томилогдоно гэдэг нэр төрийн хэрэг аж. Юм бүхэнд улстөржих халдвар орон нутагт ч газар авчээ. Ганцхан жишээ дурдъя. Орхон аймагт өнгөрсөн бямба гаригт багийн Засаг даргын сунгаа нэлээд ширүүхэн болж өнгөрсөн байна. Тус аймаг нийт 19 багтай. Баг тус бүрт дор хаяж 7-8 цагийн халуухан хурал болсны эцэст иргэд Засаг даргаа сонгох нь сонгожээ. Харамсалтай нь намчирхаж, улстөржих халдвар авсан нэр дэвшигчид тахимаа өгөх чадваргүйгээс нэг нэгнээ үл хүлээн зөвшөөрөх тохиолдол цөөнгүй гарчээ. Өчигдрийн байдлаар лав есөн хороонд дахин сонголт хийхээр болж байгаа сурагтай.

Нэр дэвшигчид нь нэгнээ шүүхэд өгч байгаа юм байх аа. Багийн Засаг дарга сонгох уг хурлаас өмнө ч тулаан эхэлсэн байж. Тус аймгийн иргэний ярьснаар, Рашаант багийн Засаг даргад нэр дэвшихээр зэхэж байсан хоёр хүний нэг нь хэдхэн хоногийн өмнө танхай этгээдүүдэд зодуулсны улмаас “сонгуульд” өрсөлдөж чадаагүй аж. Өнөөдрийг хүртэл бие нь тааруу, эмнэлэгт хэвтэж байгаа түүнийг ийм байдалд хүргэсэн нь Засаг даргад өрсөлдүүлэхгүйн тулд явуулсан санаатай ажиллагаа хэмээн үзэж байгаа хүн цөөнгүй байгаа юм билээ. Орхон аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн энэ талаар одоогоор гомдол ирээгүй гэсэн тул иргэдийн дээрх таамаг үнэн эсэхэд дүгнэлт өгөхөд эртдэх биз.

ИТХ, аймаг, дүүргийн удирдлага болохын төлөө төдийгүй хэсэг өрхийг даргалахын тулд манайхан яахаас ч буцахаа байсан нь ийнхүү 2012 оны орон нутгийн сонгуулиар тод томруун харагдав. Жижиг гэлтгүй үхэн хатан зүтгэх энэхүү албан тушаалуудын цаана бидний мэдэхгүй олон эрх ашиг, амбийц нуугдаж байдаг нь өнөөдрийн энэ байдалд хүргэсэн биз. Он дамнан таван сар үргэлжилж буй үлгэр домог мэт урт удаан сонгуулийн хөлд иргэд л чирэгдэж байна. Сонгууль гэсэн найман үсэгтэй энэ үгнээс үнэндээ залхах нь. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулчихаад буй энэ үед орон нутаг нь багийн даргаа сонгож чадаагүй, зарим дүүрэг нь Засаг даргын үүрэг гүйцэтгэгчтэй суусаар байгаа нь харамсалтай.

 Р.ОЮУНЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.