Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол Улс авлигаас амар салахгүй

Европын холбооны улсууд жилд 120 гаруй тэрбум еврог авлигад зарцуулж байна гэж хэд хоногийн өмнө мэдэгдэв. Төрийн нэрийн өмнөөс бараа бүтээгдэхүүн худалдан авдаг, лиценз, элдэв зөвшөөрөл олгогч албан хаагчдын халаас руу энэ хэмжээний мөнгө ордог гэдгийг тус холбооны дээд удирдлага өгүүлжээ. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад төрөөс зарцуулж буй мөнгөний 20-25 хувь нь авлигач түшмэдэд нь очдог гэнэ. Эндээс харвал хууль зүй, ёс суртахууны эртний соёлт европчууд хөгжиж буй манай улсын түшмэдээс илүү шуналтай бололтой.

Манайд авлигын ханш дээд тал нь 10 хувь байдаг юм гэсэн. “Арван хувийн…” гэдэг нэрээрээ алдаршсан нэгэн өнөө хэр төрийн өндөр алба хашсаар байгааг бизнес эрхлэгчид, улстөрчид өвөр хоорондоо төдийгүй ам нь халахаараа хэвлэлээр хүртэл ярьж байхыг нэг бус удаа сонссон юм байна. Араа шүд байнга арзалзаж, ангаахай адил цаг үргэлж ангалзаж байдаг авлига хэмээх араатантай тэмцэхэд юуны өмнө улс төрийн хүсэл эрмэлзэл байх учиртай юм гээ биз дээ. Гэтэл манай улстөрчдөд авлигаасаа салах сонирхол байна уу? “Мэдээж байгаа” гэж тэд хэлэх байх.

Авлигын эсрэг хууль баталсан, авлигатай тэмцэх бие даасан байгууллага, бүтэц бий болгосон гээд нааштай зүйл олныг хийсэн гэж тайлбарлах нь гарцаагүй. Тийм байгааг бид харж байна аа. Харамсалтай нь, Монголд авлига нүдэнд харагдаж, гарт баригдтал дорвитой буурахгүй байгаа нь бас үнэн. Үгүй ядаж л улс даяар алдаршсан цөөнгүй авлигачдаа “төдөн хувийн энэ, тэр” гээд өхөөрдсөн аятай нэр хоч өгчихөөд тохой залган сууж байгааг авлигаас салах хүсэл эрмэлзэлтэй гэж хэлэхэд хэц үү. Ёс суртахуунтай, хууль ёсоо сахидаг улсад бол төрд шургалсан авлигачдыг илчилж, үгүй ядаж л хамтран ажиллахаас татгалзаж чаддаг байх ёстой. Монгол Улсын авлигын индекс хэдэн пунктээр бууж, авлигатай дорвитой тэмцэж буй орны нэг болсон тухай Ерөнхийлөгч ихэд талархалтай хүлээн авч, УИХ-ын индэр дээрээс баяртайгаар дуулгасан.

Байгуулагдсан цагаасаа хойш жараахай шүүрддэг байсан АТГ-ынхан анх удаа томоохон загас хэд хэдийг сэрээдэв. Тэдний сэрээнд Ерөнхийлөгч асан хүртэл өртлөө. Цаана нь авлигын акулууд үлдээд байгааг олон нийт шүүмжилсээр. Тэднийг удахгүй гохдоно гэж найдъя. Олон нийтийг хамгийн их бухимдуулж буй зүйл бол төрийн албан дахь дунд, доод шатны авлига. Төрөөс үнэгүй өгсөн алга дарам газраа авах, хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулах, иргэний бичиг баримтаа бүрдүүлэх, үйлчилгээний багахан газар нээх, ажиллуулах гээд үхэх, төрөхөд хүртэл авлига өгч, авч байна. Манай гэр бүлд тохиолдсон нэг зүйл одоо хүртэл сэтгэл эмзэглүүлдэг юм. Их сургууль төгссөн дүү минь анхныхаа хүүхдийг төрүүлэхээр тухайн үеийн Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвд хэвтэв. Ураг нь хэвийн бойжилттой, эх нь ямар нэг өвчин хуучгүй гэж байсан тул нэг их анхаарсангүй. Өөрөөр нь амаржуулна хэмээн дүүг минь хэдэн цаг зовоосны эцэст хийсвэр хийж төрүүлэв. Гэсэн ч хугацаа их алдсанаас хүүхэд нь амьдарсангүй. “Зүгээр гээд байсан, яагаад ийм зүйл болчихов” гэж эмчтэй нь уулзлаа. “Харин тийм ээ, ийм л юм болчихлоо. Дараагийн хүүхдийг нь сайхан авч өгнө өө” гэж тавлаж байгаа аятай хэдэн үг хэлээд гаргав.

Хүүхэдтэй болохын хүслэн болсон залуу гэр бүл хоёр жилийн дараа дахин үрийн зулай үнэрлэх болов. Урьдын гашуун сургамжийг санаж хаана хаанаа ихэд бэлдсэн. Харамсалтай нь, төрсөн хүүхэд бас л бүтсэнгүй. Үүнээс илүү уй гашуу гэж хаана байх билээ. Олон эмч домчоор явлаа. Эцэг, эх хоёул эрүүл, хүүхэд төрүүлэх бүрэн боломжтой гээд байдаг. Гурав дахь удаагаа жирэмслэхэд нь Эх, нялхсын төвд бус, амьтан хүнээс асууж байгаад харьяаллын бус эмнэлгийн хяналтад оруулж, нэг эмчид даатгалаа. Үзүүлэх болгондоо эмчийнхээ гарыг цайлгаж, амар амгалан амаржуулахыг мөргөхөөс наагуур юм болж гуйна. Эмч маань ч санаа тавьж, товлосон өдрөө ирэхгүй бол хойноос нь ярьж, учир начрыг нь асуудаг болов. Тэгсний хүчинд дүү минь хэвийн амаржиж үрийн зулай үнэрлэсэн. Энд мөнгө л үйлчилсэн юм. Өмнөх хоёр тохиолдолд мөнгө өгсөн бол тэр залуу гэр бүл тийм аймшигтай зүйлтэй тулгарахгүй байж.

Ийм зүйл ганц миний дүүд тохиолдов уу гэдгийг сүүлд сураглаж үзэхэд олон залуу эмэгтэй амьдын хагацал үзсэн байж билээ. Юмны наад цаадахийг мэдэхгүй залуу гэр бүл, эмч, сувилагч нарт хүссэнээр нь мөнгө атгуулаад байж чадахг үй хүмүүс л ийм байдалд орсон байсан. Тэгэхээр төрөхөд хүртэл авлига өгдөг болсон хэмээн дээр хэлсэн нь энэ. Хүүхдээ гэр, ажлынхаа ойр цэцэрлэгт өгөхдөө багш, эрхлэгчийнх нь гарыг цайлгааг үй эцэг, эх байна уу гээд асуугаад үзээрэй. Нэг ч хүн байхгүй гэж мөрийцсөн ч болно. Улайм цайм боодолтой мөнгө өгөөгүй байж магадг үй. Цэцэрлэг, сургуульд нь хандив, анги танхимийг нь тохижуулахад оролцсон гээд ямар нэг хэлбэрээр авлига өгсөн л байгаа. Автомашины азын гэгдэх дугаарын ханш суудлын жижиг тэрэгний үнэд хүрч байгааг хэвлэлээр шүүмжилдэг. Бидний нүдэн дээр өрнөж буй авлигын энэ үйлдлийг таслан зогсоож чадаагүй л байна.

Эцэстээ ард түмэн төлдөг авлигад эмч, сувилагч, багш, төрийн албан хаагчид гэхээсээ ард түмний мөнгийг захиран зарцуулж буй төрийн түшээд, сайд, дарга нар буруутай. Хүн ам өсөж байна, төвлөрөл нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг олноор хэрэгтэй болсон. Тэр бүхнийг байгуулаад өгчихсөн бол өнөөд өр авлигын нэг хэсэг нь устаж, тэр хэрээр иргэд бухимдахгүй байсан. Төр хамгийн муу менежер гэдэг нь эндээс харагдана. Авлигатай тэмцэж байна гээд манай сайд дарга нар элэг хөшөөсөн юм санаачилна. Сургууль, цэцэрлэгийн хүүхд үүд багш нартаа цэцэг өгч болохгүй, энэ нь авлигын нэг хэлбэр гэнэ. Ёстой мангартаж байгаа хэрэг шүү. Бяцхан шавиасаа цэцэг аваад инээж зогсоо багш авлигач юм байх. Бие биедээ цэцэг бэлэглэх нь сэтгэлийн илэрхийлэл болохоос авлига биш гэдгийг захын хүүхэд хэлнэ.

Сүүлийн үед төрийн албан хаагчид өрөөндөө ихэд түгшүүртэй суух болсон дуулдав. Хэл ам ихтэй нэг газрын бүх өрөө, тасалгаа чагнах төхөөрөмж, нууц камераар өвч тоноглогдсон байсныг санамсаргүй мэджээ. Тиймээс дарга нь хувийн чанартай зүйлээ гарч ярьж байхыг ажилтнууддаа зөвлөжээ. Ийм байдал хавтгайрааг үй л байгаасай. Энэ мэдээлэл үнэн бол Монголын төр иргэнийхээ эрхийг зөрчиж буй хэрэг. Хувь хүний нууцыг задруулахгүй гэсэн баталгааг хэн гаргах юм бэ. Үүнээс гарах сөрөг үр дагаврыг төр хариуцах уу? Манайхан авлигатай муйхар, хүний эрх зөрчсөн арга хэрэглэж тэмцэх гээд байх шиг. Энэ нь сүүлийн үед авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас харагдлаа. Нийгмийн бусармаг энэ үзэгдэлтэй тэмцэх хамгийн үр өгөөжтэй арга бол олон нийтийг соён гэгээрүүлэх явдал, өөр юу ч биш. Авлигыг багасгаж чадсан улс орнуудын туршлагаас харахад төрийн албаны хүнд суртлыг арилгаж, үйл ажиллагааг нь ил тод болгосон байдаг юм билээ.

Монгол Улс дахь төрийн нүсэр бүтэц, хүнд суртал, ядуурал өндөр хэвээр байгаа өнөө цагт бид авлига хэмээх бусармаг үзэгдэлтэйгээ нэг хэсэгтээ хамт байх нь. Энэ хугацаа урт, богино байх нь төрийн үйл ажиллагаанаас хамаарах билээ.

 Д.ГАЛТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.