Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Замын-Үүд сум жишиг болон хөгжинө

Гуравдугаар сарын 14-ний пүрэв гарагийн үдээс хойш Ерөнхий сайд Замын-Үүд сумын иргэдтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонсч, сонирхсон асуултуудад нь хариуллаа. Энэ уулзалтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа болон орон нутгийн удирдлагын төлөөлөл оролцлоо.   Замын-Үүд суманд бүтээн байгуулалт өрнүүлж, “жишиг сум” болгох үүднээс улсын төсвөөс энэ жил 15 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэснийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцоллоо. Энэ хөрөнгөөр нэн тэргүүнд юу юу барьж байгуулах талаар Засгийн газрын тэргүүн Замын-Үүд суманд ирсэн даруйдаа орон нутгийн удирдлагууд, холбогдох яам, агентлагийн төлөөллүүдтэй санал солилцсон юм. Ингээд юуны өмнө иргэдэд нэн шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт цогцолбор, ногоон байгууламжид дээрх хөрөнгийг зарцуулахаар болсноо иргэдтэй уулзах үеэр хэлэлцүүлж, олонхийн дэмжлэг авлаа.

Орон нутгийн зам, эрчим хүч, шугам сүлжээний дэд бүтцийг сайжруулах, хил гаалийн үйлчилгээг чанаржуулах зэрэг өргөн хүрээтэй бусад ажил төлөвлөгөөнийхөө дагуу саадгүй үргэлжлэх учраас Замын-Үүдэд тусгайлан төсөвлөсөн дээрх багагүй хэмжээний хөрөнгийг зөвхөн иргэдийн ая тух, амьдралын нөхцөлийг дээшлүүлэх ажилд зарцуулах юм. Шийдвэрлэх шаардлагатай, анхаарал татахуйц хэд хэдэн асуудлыг орон нутгийн иргэд Ерөнхий сайдад уламжилсан. Байнга хөндөгддөг ч тодорхой шийдэлд хүрээгүй нэг асуудал бол Замын-Үүдийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох. Төвөөсөө тавхан км давхиад харъяалсан газар нутгийн хилд нь хүрчихдэг давчуухан энэ суманд үндсэн оршин суугч 15 мянган иргэнээс гадна бизнес эрхлэн түр оршин  суугч, дамжин өнгөрөгчид нийлээд 20 гаруй мянган хүн аж төрж байна.

Одоо эндэхийн нэг өрхийн гишүүд өөр өөр сумын харъяалалтай байх нь энгийн үзэгдэл гэнэ. Ялангуяа малчин өрхүүдэд ихээхэн бэрхшээл үүсч, бэлчээр нутаггүйдэж байгаа аж. Ирсэн олон дарга энэ асуудлыг шийдвэрлэхээ удаа дараа амласан ч өнөөдөр болтол ямар нэг ахиц гараагүйг иргэд хэлж, Шинэчлэлийн Засгийн газар шийдэж өгнө гэж итгэж байгаагаа илэрхийлж байв.   Өөр нэг асуудал нь хилээр ачаа зөөдөг том оврын автомашины жин хэмжээнд хязгаар тогтоосон стандарт гэнэ. 2011 онд гарсан энэ стандартыг мөрдүүлэхийн тулд машиныг урт, өргөн, өндөр, жин гээд олон талаас нь хэмжиж, тогтоосон тооноос давсан хэсгийг тайр гэдэг нь иргэдэд чирэгдэл үүсгээд зогсохгүй өргөн хэрэглээний барааны үнэ өсгөхөөс эхлээд эдийн засгийн хор хохирол дагуулж буйг иргэд хэллээ. Энэ стандартыг эргэн харахыг хүссэн олон иргэн байсан тул Ерөнхий сайд холбогдох албаныхныг байлцуулан тэдэнтэй тусгайлан уулзаж, шинээр барьж буй хүнд даацын зам ашиглалтад ортол дээрх стандартыг мөрдүүлэхгүй байхаар тогтлоо.  

“Гаальтай машин” гэх нэршил Замын-Үүдээр дамжин зорчигчдын дунд танил болсон. Хил гаалийн хяналт шалгалтгүй нэвтэрч чаддаг, татвараас бултаж хөнгөлүүлдэг гэх ийм төрлийн үйлчилгээ энэ боомтод далд хэлбэрээр улам бүр лавширч, одоо нийт ачаа тээврийн 10 хувийг эзлээд байгаа гэнэ. Хориотой бараа хилээр нэвтрэх нөхцөл бүрдүүлж, татвараас бултуулдаг энэ үйлдлийг зохицуулах боломж хомс, учир нь ийм машины эзэд нь орон нутгийн хил, гааль, цагдаа гэх мэт төрийн байгууллагын дарга нар байдаг гэж иргэд шүүмжиллээ. Ерөнхий сайдын хэлснээр гаальтай биш гаальгүй машин гэмээр энэ байдлыг таслан зогсоохын тулд хилийн шалган нэвтрүүлэхийн рентген хэсгийг бүрэн камержуулах зэрэг арга хэмжээ авч болохыг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг санал болгосон.   Ийнхүү Ерөнхий сайд Н.Алтанхуяг Замын-Үүд суманд ажиллахдаа олон асуудлыг газар дээр нь үзэж танилцаж, үүрэг даалгавар өгч, зарим асуудлаар шийдвэр гаргалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.