Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн өндөр албан тушаалтнуудын бүрэн эрхийг шилжүүлнэ

 Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао чуулганыг нээж хэлсэн үгэндээ ард түмэндээ тогтвортой хөгжил, авлигын эсрэг шийдвэртэй алхам хийхээ амлав.

Уламжлал ёсоор өнгөрсөн оныхоо алдаа, оноог дэнслэн хэлэлцсэнээр эхэлдэг уг чуулган арван жилд нэг удаа томилдог төрийн өндөр албан тушаалтнуудын бүрэн эрхийг шилжүүлэх гэж буйгаараа онцлогтой юм.

Хятадын “тав дахь” үеийнхэнд төрийн эрхийг шилжүүлэх үйл явц өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлсэн билээ. Хятадын Коммунист намын XVIII их хурлаар тус улсын дэд дарга Си Жинпинийг намын даргаар сонгосон юм. Албан ёсоор хугацааг нь зарлаагүй боловч хоёр долоон хоног үргэлжлэх уг чуулганы сүүлчээр уг томилгоог эцэслэж, тэрбээр Ху Жинтаогийн халааг авах аж.

Мөн чуулганы дараа Вэнь Зябао Ерөнхий сайдынхаа үүрэгт ажлыг Ли Кэцянд шилжүүлэх гэнэ. Түүнчлэн Засгийн газрын бусад өндөр албан тушаалтны томилгоог энэ хурлаар шийдэх юм байна. Их хурлын чуулганд улс төр, цэрэг, шашин, бизнесийн салбарынхныг хамарсан 3000 гаруй хүн оролцож буйн дийлэнхийг БНХАУ-ын Коммунист намын гишүүд эзэлж байгааг CNN онцоллоо. Чуулганы үеэр улс төрийн бодлогыг хэлэлцэхээсээ илүүтэй намын гишүүдийн хаалттай хаалганы цаана гаргасан шийдвэрийг баталгаажуулах нь чуулганд оролцогчдын гол үүрэг болохыг BBC агентлаг тэмдэглэжээ.

2012 онд эдийн засгаа 7.5 хувиар өсгөхөөр төлөвлөж байсан Засгийн газар 2013 онд ч төдий хэмжээний өсөлтийг ард түмэндээ амлав. Тус улсын эдийн засгийн өсөлт төлөвлөгөөнөөсөө тогтмол давж ирсэн. Тиймээс өнгөрсөн онд ДНБ нь 7.8 хувиар дээшилж, урьд төлөвлөснөөс дөнгөж 0.3 хувиар нэмэгдсэнийг нь мэргэжилтнүүд чамлаж, сүүлийн 13 жилийн хамгийн бага өсөлт хэмээн тодотгож байсан билээ. Мөн инфляцыг 3.5 хувьд барьж, томоохон хотуудад есөн сая ажлын байр шинээр бий болгохоор зорьж буйгаа Вэнь Зябао тэмдэглэсэн байна. Түүнчлэн тэрбээр батлан хамгаалахын салбарын зардлыг 10.7 хувиар өсгөж, 720.2 тэрбум юаньд (115.7 тэрбум ам.доллар) хүргэж буйг дуулгав.

Вэнь Зябаогийн илтгэлийн дараа Хятадын интернэт хэрэглэгчид “Twitter”- ийн хятад хувилбар болох “Weibo” олон нийтийн сүлжээнд Ерөнхий сайдынхаа илтгэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Өрхийн бүртгэлийн систем, ус, агаарын бохирдлын талаар дорвитой шийдвэрийг танилцуулна хэмээн найдаж байсан нь талаар болсон тухай тэд бичсэн байна. Тус улсын нэгэн интернэт хэрэглэгч “Эдийн засаг өсөж буй ч авлигад идэгдсэн албан тушаалтнууд тэр өсөлтийг хүртэж, харин энгийн хүмүүс ядуу байсаар байна” хэмээн бичжээ.


Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.