Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

400 жилд ганцхан тохиох “ХАР БААСАН” ГАРИГТ АН ЗАСГААС ГАРАВ АА

Шинжлэх ухаанаар хэдий нотлогдоогүй ч, сүсэг бишрэл талаасаа муу ёрын гэж адлагдаж, цээрлэгдсэн “Хар баасан” гаригийн тухай ойлголт Европт их тархсан байдаг юм. Шашингүйн үзэл суртлаар тархиа угаалгуулж өссөн үеийнхний (магадгүй хамгийн сүүлийнх нь байх) төлөөллийн хувьд аливаа мухар сүсэг, ад зэтгэр, сүнс, шулам, мэргэ төлөг гэх мэтэд ач холбогдол өгч, анхаарлаа хандуулаад байдаггүй ч, үнэхээр л болж бүтэхгүй, гай зовлон дагуулсан үйл явдлууд ихэвчлэн “хар баасан” гаригт тохиогоод байдаг нь сонирхол татдаг юм. Тэр бүх жишээг дурдах гээд яахав. Зүгээр л бидний амьдралд тохиолдож буй үй олон үйл явдлаас анзаарагддаг юм.

“Ардын банк”, “Сэргээн босголт”, “Бизнес”, “Шинэчлэл”, “Анод”, “Зоос” гээд дампуурсан банкуудын түүхийг сөхөөд харахад бүгд л нөгөө “хар баасан” гаригт “ялагдлаа” зарлан, тугаа бөхийлгөсөн байдаг нь хачирхалтай тохиол биш гэж үү. Төрийн өмчийг задалж байсан ерээд оны дундуур “захирлуудын хар баасан гариг” хэмээх хэллэг олонд танил болсныг эдүгээ санах хүн цөөнгүй болов уу. Яагаад гэвэл төрийн өмчит компаниудын бараг бүх захирлыг халах шийдвэрийг тухайн үеийн Засгийн газраас бас л баасан гаригт гаргаж байсан болоод тэр юм. Ер нь тэгээд дулаан, цахилгаан, өргөн хэрэглээний бараа, шатахуун, тамхи, тариа, мах, гурилын үнэ яагаад ямагт тав дахь өдөр нэмэгддэгийн учрыг ойлгоход бэрх.

Баасан гариг болгонд муу юм тохиодог гэх гээд байгаа юм биш ээ. Сайн, сайхан үйл явдал эл гаригт мэдээж “ногддог” л байж таарна. Гэхдээ л … гэдэг шиг хамгийн ойроос жишээ татахад АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарах болсноо дуулгасны маргааш нь буюу нэгдүгээр сарын 6-ны баасан гаригт шатахууны үнэ 300 төгрөгөөр гэнэт нэмэгдэж, амьтан хүний амьсгааг давхцуулсны учрыг юу гэхэв. Үүнээс гадна АН-ынхан гурван жил хөнжил хуваасан “ханиасаа” хагацах албан ёсны “ёслолоо” аанай л өнгөрсөн баасан гаригийн 14.00 цагт үйлдлээ.

Тэрхүү өдөр буюу нэгдүгээр сарын 13-ны баасан гариг нь дөрвөн зуун жилд ганцхан удаа тохиодог “хар өдөр” байсан нь тохиолдлынх уу? Аливаа юм заавал учиртай байдгийг ахмад настнуудаас бишгүйдээ л сонсож явлаа. Сайны зохирол уу, муугийн учрал уу бүү мэд. Юутай ч “МАНАН” хэмээх улс төрийн эвсэл задарч, АНынхан Засгаас гарч буй үйл явдал 400 жилд ганц тохиолддог гэх нэгдүгээр сарын 13-ны баасан гаригт тохиосон нь сонирхолтой юм даа.

Ш.АЛТАЙ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.