Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

4-р сарын 30 хүртэл хайгулын тусгай зөвшөөрөл олгохгүй

Намрын чуулган өнөөдөр завсарлах учраас өчигдөр зарим Байнгын хороо хуралдаж, үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэж нэлээдийг нь баталлаа. Өнөөдөр холбогдох Байнгын хороод хуралдаж үлдсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Нэгдсэн чуулган 15.20 цагт 76 гишүүний 56.6 хувийн ирцтэй эхлэв. Төлөвлөсөн асуудлын эхэнд Д.Арвин, Ц.Даваасүрэн нарын санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцлээ. Ингэснээр Парламентад Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо шинээр байгуулагдаж байгаа юм.

Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль, тогтоомжийн биелэлтэд уг хороо хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Хууль батлагдсан цагаасаа хэрэгжих учраас өнөөдр өөс Дэд хорооны бүрэлдэхүүнийг томилж, ажилд нь оруулах байх. Түүний дараа Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн, Гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай УИХын тогтоолын төслийг хаалттай хэлэлцлээ. Хуулийн төслийг баталснаар энэ оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл огт олгохгүй юм байна.

Гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр болох АБГББХ-гоор хийж, чуулганаар батлахаар болов. Нэгдсэн хуралдааны төгсгөлөөр энэ оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Дөрөвдүгээр сарын таванд нээх ээлжит чуулганы эхээр 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан батлах болон Төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай, Эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХын тогтоолын төслийг хэлэлцэж баталсаны дараа бидний хийгээд шударга улстөрчдийн хүслэн болсон УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр дараалалд оруулжээ.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай, Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлого батлах тухай тогтоолын төсөл зэрэг 15 асуудлыг хаврын чуулганаар эцэслэхээр төлөвлөөд байна. Шаардлагатай гэж үзсэн зарим асуудлыг тухай үед нь УИХын даргын дэргэдэх зөвлөлөөр ярилцаад хэлэлцэх асуудлын дараалалд оруулах эсэхээ шийдэх юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.