Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ӨӨР ЕРТӨНЦ” ДЭХ МЭРГЭЖИЛ НЭГТНҮҮДИЙН АМЬДРАЛ

 Төр нь биш, иргэд нь төр барьдаг “өөр ертөнц” болох Швейцарийн холбооны улсад парламентын сэтгүүлчид нь харин жаахан “гадуурхагддаг” мэт санагдав. Монголын Парламентын сэтгүүлчдийн холбоо, Швейцарийг гадаадад сурталчлах агентлагийн шугамаар тус улсын шууд ардчиллын туршлагыг судалсан манай багийнхан тэдний томоохон медиа групп болох “Newsnet”, “NZZ”-ээр зочлов. Мөн “NZZ” сонины парламентын сурвалжлагч Маркус Хафлигертэй Берн хот дахь Хэвлэл, мэдээллийн төвд уулзаж, мэргэжил нэгтнүүд маань ямар орчинд, хэрхэн ажилладгийг сонирхсон юм. Олон хэлтэн шулганасан Холбооны улсад өдөр тутмын хэчнээн сонин байдгийг бидний зочилсон хэвлэлийн редактор, сэтгүүлчид мэдэхгүй байлаа. 2.7 сая хүнтэй Монголд л хэвлэлийн тоогоо алдчихаад байхад аргагүй биз ээ. Юутай ч манай ҮОНТ шиг Холбооны улсын мэдлийн нэг л телевиз байдаг гэнэ. Албан ёсны хэл болох герман, франц, итали хэлээр мэдээ, нэвтрүүлгээ цацдаг.

НУУЦ МАТЕРИАЛ ОЛСОН, ХЭВЛЭСЭН СЭТГҮҮЛЧ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

Дээрх Хэвлэл, мэдээллийн төвд сонин, телевиз, радиогийн 120-130 сэтгүүлч ажилладаг юм байна. “NZZ” сонины төв нь Цюрих хотод учраас парламентын дөрвөн сурвалжлагч нь Бернд томилолтоор ажилладаг аж. Учир нь нийслэл Берндээ Парламентын ордон байна. Биднийг очих үед нэг удаадаа 21 хоногоор, жилд гуравхан хуралддаг “залхуу” Парламент нь завсарласан байсан ч сэтгүүлчид ажилласаар байв. Парламент нь жилд 63-хан хоног ажилладаг учир нэг хуралдахдаа 100-200 асуудал “бөөнддөг” гэнэ. Иргэд нь чуулганы хуралдаанд хүссэн үедээ оролцож, бельэтажнаас ажиглах боломжтой атал сэтгүүлчид харин өнөөх хэвлэлийн төвдөө суугаад зурагтаар үздэг юм байна. Манайд иймэрхүү туршлага нэвтрүүлэх гээд хэвлэлийнхний эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Парламентаар хэлэлцэх тэр олон асуудлаас мэдээж онцлохыг нь сонгоод сурвалжилна. Ингэхдээ үйл явдлын мэдээлэл, сэтгүүлчийн анализ хийсэн бичлэг хоёроо тусад нь редакц руугаа илгээдэг юм байна.

Чуулган нь завсарласан байсан учир Маркус Хафлигер бидэнд иймэрхүү ерөнхий мэдээлэл өгөөд Засгийн газрын хуралдааны талаар дэлгэрэнгүй ярив. Долоохон сайдтай, тэднээс ээлжилж Ерөнхийлөгч сонгодог тухай өмнө нь өгүүлсэн. Чуулган завсарласан ч Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хаалттай хуралддаг зэрэг нь манайхтай ижил. Гэхдээ Засгийн газрын хуралдаанд долоон сайдаас гадна Хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг өөр гурав, нийт 10 хүн л оролцдог аж. Ингээд юу хэлэлцсэн талаар хэвлэлийн мэдээгээ бэлтгээд Хэвлэл, мэдээллийн төв рүү илгээдэг байна. Хуулийн дагуу нууцаас бусад бүх мэдээлэл, шийдвэрийг олон нийтэд танилцуулах үүрэгтэй. Гагцхүү илүү чөлөөтэй байдлаар хэлэлцэж, мэтгэж шийдэхийн тулд хэлэлцүүлэг нь хөшигний ард явдаг гэлээ. Иймэрхүү байдлаараа бол эрх чөлөөт орны сэтгүүлчид эх сурвалжтай шууд харилцах боломжоор манай улсаас дутмаг.

Манайд Ерөнхийлөгч, УИХын дарга, Ерөнхий сайдаас бусад сул гишүүдтэй шууд харилцаж, өрөөнд нь орж уулзаад л мэдээллээ авчихдаг нь тэнд бол “сонин үзэгдэл” бололтой. Бас бараг л бүх байгууллага хэвлэлийн ажилтантай тул сэтгүүлч мэдээлэл авахыг хүсэхэд тэр хүн л уулзана. Манайх шиг сайд, агентлагийн дарга нартайгаа шууд уулзах эрх чөлөө байдаггүй. Хэвлэлийн албан мэдээнд сэтгүүлч ханахгүй нь мэдээж тул хөшигний ард юу өрнөснийг мэдэхийг хичээх нь зүй. Гэтэл “нууц” гээд нийтэд танилцуулаагүй асуудлыг олоод мэдээлчихэд түүнийг өгсөн хүн, хэвлэсэн сэтгүүлч адилхан бурууддаг сонин тогтолцоотой юм байна. Манай гол дүрийн баатар ч шүүхэд дуудагдаж байжээ. Гэхдээ нуугаад байсан асуудал нь олон нийтийн эрх ашгийг хөндсөн зүйл байсан тул шүүх сэтгүүлчийн талд шийдвэр гаргасан юм билээ. Түүнээс зарим зүйл тодрууллаа.

-Сэтгүүлчдэд эх сурвалжаа нууцлах эрх бий юү?

-Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй. Энэ үед хуулийн байгууллага мэдээлэл алдагдсан талаас эх сурвалжийг хайдаг.

-Нууц материал нийтэлснийхээ төлөө сэтгүүлч хариуцлага хүлээдэг гэлээ. Манайд сэтгүүлчдийг эрүүгийн хариуцлагад татаж, шоронд хорих нь их. Танайд ийм тогтолцоо байна уу?

-Хэрэв сэтгүүлч нийтэлсэн мэдээллээ баримтаар нотолж чадахгүй бол хариуцлагаа хүлээнэ гэсэн зарчимтай. Ямар нэг улстөрч, байгууллагыг шүүмжилж бичих гэж буй бол баримт хангалттай цуглуулж, сайн нягталдаг. Тэгэхгүйгээр цацахгүй.

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль, Хэвлэлийн консултай юу?

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг Үндсэн хуулиараа зохицуулсан. Тусдаа хууль ч бий. Хэвлэмэл мэдээллийн хэрэгслүүдийн Консултай. Сэтгүүлч хэн нэгнийг гүтгэсэн тухай гомдол гарвал залруулга гаргахаар талууд ярилцах, Иргэний, эсвэл Эрүүгийн хуулиар шийдэх, эсвэл Консулд хандах гурван зам байдаг. Хэвлэлийн консулд хандах нь хоёр талаас бага зардал шаарддаг. Жил ирэх бүр манайд өмгөөллийн зардал нэмэгдэж байна.

СОНИНЫ ЗАХ ЗЭЭЛ ХУМИГДАЖ ЭХЭЛЖЭЭ

Цахим ертөнц хүчээ авахын хэрээр хэвлэмэл сонины зах зээл тэнд ч адилхан хумигдаж эхэлжээ. Байгууллагууд зар сурталчилгаагаа сайтад байршуулахыг илүүд үзэж, уншигчид ч тийш хошуурах болсон тул сонин оршин тогтнох аргаа хайж буй аж. Хэдийгээр зар сурталчилгаагаа алдаж байгаа ч бүгд “урваагүй”. Тиймээс дан зар сурталчилгаагаар санхүүждэг, эсвэл анализ хийсэн шилдэг нийтлэлээрээ ялгарах хоёр сонголт байгаа гэнэ. Сонины уншигчдыг татах бас нэг арга нь “20 минут” зэрэг товч мэдээллээ багтаасан үнэгүй сонин тараах явдал бололтой. Бидний зочилсон “NZZ” сонин хоёр дахь замыг сонгожээ. Харин “Тайгес Анзайгер” сониныг эрхэлдэг “Тамедиа” групп Newsnet цахим хувилбартаа илүү ач холбогдол өгч буй мэт санагдав. Швейцарийн хэвлэл мэдээллийн байгууллагууд голдуу гэр бүлийн бизнес, өв дамжиж ирсэн эзэдтэй байдаг гэнэ. Тийм учраас эздийг олох гэж манайх шиг зүдрэх шаардлагагүй. Мөн хэдийгээр хувийн хэрэгсэл хэдий ч сэтгүүлчийн эрх чөлөө, бие даасан байдлыг хангаж чаддаг гэлээ. “NZZ “сониныг эрхлэн гаргадаг “NZZ” ХК мөн л гэр бүлийн бизнес ч сүүлийн үед хувьцаагаа арилждаг, нэг хүн таван хувиас илүүг эзэмшихгүй гэсэн зарчим барих болсон байна. Тиймээс бага хувийн хувьцаа эзэмшигчид нийтлэлийн бодлогод нөлөөлөх боломжгүй.

“NZZ” сонин. Герман хэлээр хэвлэгддэг тус сонин Швейцарийн том хэвлэлийн тоонд ордог байна. 250 жилийн түүхтэй, анх либерал намын харьяаны сонин байгаад одоо бие даасан. Гэхдээ либерал үзэл баримтлалаа хадгалдаг, асуудлыг олон талаас нь мэдээлдэг. 250 мянга орчим захиалагчтай. 1980-аад он хүртэл өдөрт гурван удаа хэвлэгддэг байжээ. Биднийг тэдний редакцид зочилсон өдөр удахгүй тус улсад болох олон нийтийн санал асуулгын гурван асуултын нэг болох “Гаднын хөрөнгө оруулалттай томоохон компаниудын цалинг хасах” асуудалтай холбоотой нэгэн хурал болж байсан юм. Нэгэн томоохон компани уг асуудлаар зөвлөлийн хурлаа хийж, тэр нь хэвлэлүүдийн анхаарлын төвд байв. Яг энэ асуудлаар гурван ч сэтгүүлчээ “NZZ” томилжээ. Нэг нь гэрэл зураг авч, дүрс бичлэг хийх үүрэгтэй. Нөгөөх нь сурвалжлагаа хийж, холбогдох мэдээллийг редакц руу дамжуулна. Редакцид нэг сэтгүүлч цахим хувилбар, телевизээр гарч буй мэдээллийг хянаж, хэрэгтэйг нь шүүн тэмдэглэж, анализ хийсэн нийтлэл бичихэд бэлтгэнэ. Иймэрхүү байдлаар ажилладаг аж.

“Тамедиа” групп. Өдөр тутмын “Тагес Анзайгер” сониныг эрхлэн гаргадаг. Уг сонин 1893 онд байгуулагдсан, 500.000 уншигч, 200.000 захиалагчтай аж. Швейцарийн хамгийн том гурван медиа группийн нэг нь “Тамедиа” юм байна. Тус сонины дэд редактор бидэнд цахим хувилбараа голчлон танилцуулав. Newsnet хэмээх цахим хувилбарыг нь дөрвөн ч сонин хамтарч эзэмшдэг. Сэтгэгдэл бичих хүн овог, нэр, хотын байршил, зип код зэргээ оруулах ч үүнийг хуурамчаар хийчих боломжтой. Гэхдээ хоёр ээлжээр сэтгэгдлийг хянах ажилтан байдаг аж. Бусдыг гүтгэн доромжилсон, зохисгүй үгтэй сэтгэгдлийг оруулалгүй хасах ажлыг энэ ажилтан хийдэг. Бүх сонин дэргэдээ цахим хувилбартай. Товч мэдээлэл сайтад байршиж, дэлгэрүүлж, гүнзгийрүүлж уншихыг хүссэн хүн сонин захиална. Цахим хаягт шинэ мэдээ орох бүрт захиалагч, уншигчдын IPAD болон гар утсанд дохиолол илгээдэг нь шинэлэг санагдсан. Сонины электрон хувилбарын эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд эхний 10 нийтлэл үнэгүй, түүнээс илүү унших бол мөнгөө төл гэсэн зарчим баримталдаг гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.