Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УКРАИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХОРДУУЛСАН БОДИСООР МОНГОЛЧУУД АМЬСГАЛЖ БАЙНА

УТААНЫ ХАРУУЛУУД ДИОКСИН, ФУРАНЫГ ХЭМЖДЭГГҮЙ

Агаар бохирдуулсны төлбөрийн хэмжээг Засгийн газар хоёр жилийн өмнө тогтоосон. I зэрэглэлийн буюу хамгийн хортой бенз (а) пирен, диоксин, фуран, полихлорт бифенилүүд, мөнгөн ус, түүний органик биш нэгдлүүдийг кг тутамд 10 төгрөгөөр, II зэрэглэлийн хортой азотын ислүүд, хүхэрт устөрөгчийг кг тутамд гурван төгрөгөөр, III зэрэглэлийн бодис болох хүхрийн давхар исэл буюу хүхэрлэг хий, нийт тоосыг кг тутамд хоёр төгрөгөөр, IV зэрэглэлд оруулсан нүүрстөрөгчийн давхар исэл буюу нүүрсхүчлийн хий, нүүрс устөрөгчийг кг тутамд нэг төгрөг байхаар тооцож төлбөр ногдуулна. Ингэснээр бага, дунд оврын уурын зуух 150 сая, цахилгаан станцууд гурван тэрбум гаруй төгрөгийг агаар бохирдуулсны төлбөрт төлөх урьдчилсан тооцоо гарсан ч төлбөрөөс тодорхой хэмжээгээр хөнгөлж, чөлөөлсөн.

Улаанбаатарт байдаг агаарын чанар шалгах суурин 15 харуулын багажууд диоксин, фураныг тогтоож чаддаггүй. Нүүрстөрөгчийн болон хүхрийн давхар исэл, озоны хий, угаар, азотын ислүүд зэрэг III, IV зэрэглэлийн хорт бодисыг хянаад хамгийн хортойг нь тодорхойлж, хэмжиж чаддаггүй юм. Гэтэл иргэд диоксин, фуран гэж хорт бодис байдгийг ч мэдэхгүй явсаар, хордсоор. Хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 2005 онд нэг шоо метр агаарт 13 мкг байсан бол 2010 онд 27 болж нэмэгджээ. Энэ нь “Агаарын чанар MNS 4585:2007” стандартад заасан хүлцэх хэмжээнээс 2.7 дахин их, хоногийн дундаж агууламж нь тав дахин их байгаа юм. Азотын давхар ислийн дундаж агууламж бас л нэмэгдсэн. ДЭМБ-ын зөвшөөрсөн хэмжээнээс Улаанбаатар хотын төвийн агаар 7-15, гэр хорооллынх 17-35 дахин бохир, хортой байна гэсэн үг. Ийм их бохир агаарын найрлагыг бид бүрэн хэмжиж чадахгүй, яг ямар ямар хороор амьсгалж байгаагаа ч тогтоож чадахгүй сууна.

Гэр хорооллын нэг өрх жилд дунджаар 5.2 тн нүүрс, 4.7 шоо метр түлээ хэрэглэдэг бол ДЦС-ууд жилдээ таван сая тн нүүрс шатааж, хотын агаарт жил бүр 260 мянган тн бохирдуулагч бодис цацаж байна. Үүн дээр жилээс жилд нэмэгдсээр буй машинуудаас ялгарч байгаа хорт хий нэрмээс болдог. Диоксин, фураныг үүсгэдэг хамгийн гол аюул нь дутуу шатах процесс юм билээ. Гэтэл монголчууд гэртээ ч, ДЦС-даа ч түүхий нүүрс түлдэг. Машинтай хэрнээ олонх нь гараашгүй болохоор хамаг эд анги нь царцсан машинууд өвөл түлшээ дутуу шатаан, уг хорыг их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа юм.

1956-1957 онд диоксины тухай анхны мэдээлэл дэлхийд гарч эхэлсэн ч асар хортой энэ бодисын талаарх үнэнийг хэлбэл иргэд цочирдоно хэмээн болгоомжлоод эрдэмтэд нэг хэсэгтээ ам нээж зүрхлээгүй аж. Түүн шиг л Монголын эрдэмтэд XXI зуунд ч амаа нээлгүй өдий хүрчээ. Дарга мяндагтангуудын дийлэнх нь маньтайгаа адил энэ тухай анх удаа сонсож байж ч мэднэ. МУИС, ЭМШУИС-ийн багш нартай уулзаж, диоксин, фураны талаар лавлахад “Оюутнууддаа тийм бодис байдаг гэдгийг мэдүүлж, хичээл заадаг. Өөрөөр судалсан зүйл алга” гэсэн хариулт өглөө.

“Аюултай хог хаягдал шатаах зуухны яндангаар агаар мандалд хаягдах утааны найрлага дахь агаар бохирдуулах зорим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” стандартыг өнгөрсөн 2012 онд Стандартчиллын үндэсний зөвлөлөөс баталсан. Үүний дагуу уг зуухны яндангаас гарах утааны найрлага дахь тоос, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл, азотын ислүүд, хлорт устөрөгч, фторт устөрөгч, хүчилтөрөгчийг тогтмол, диоксин, фуран, хүнд металл, хар тугалга, кадми, мөнгөн ус, тэдгээрийн нэгдлүүдийг тодорхой хугацаанд хэмжиж байх шаардлагатай болсон. Ийм зуухны яндангаар гарах нэг шоо нанометр утаанд 0.1 нанограмм диоксин, фуран ялгарч болохыг зөвшөөрсөн юм. Гэсэн ч үүнийг хэмжих багаж Монголд өдгөө алга.

ДАРГА НАРЫГ ДИОКСИН, ФУРАН ТОЙРДОГГҮЙ

БОАЖЯ-наас 2011 оны арванхоёрдугаар сард хийсэн полихлорт бифенил (ПХБ)-ын тооллогоор (УКОБ-ийн нэг) 50 мг/кг-аас дээш ПХБ агуулсан 50 гаруй тоног төхөөрөмж манай улсад байжээ. Ирэх 6-7 дугаар сард шинжилгээний хариуг гарсны дараа, 2006 онд Засгийн газрын 99 дүгээр тогтоолоор баталсан УЗОБ-ийн үндэсний хөтөлбөрийг шинэчлэхээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас төлөвлөж буй аж. УИХ Стокгольмын конвенцийг соёрхон батлаад арван жил болж байна. Түүгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улс хог хаягдлыг байгаль орчинд хор нөлөөгүйгээр боловсруулж, цуглуулах, тээвэрлэх, хадгалах нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх ёстой.

ПХБ-ын хэрэглээг 2025 он гэхэд зогсоож, 2028 он гэхэд байгаль орчинд ээлтэй аргаар устгах үүргийг бусад орны адил хүлээсэн. Уг нь Монгол Улсын Засгийн газар 2007-2010 онд УЗОБ-ийн хаягдлын хэмжээ, эх үүсвэр, бохирдсон газруудыг нарийвчлан тогтоож, устгах, хоргүйжүүлэхэд бэлэн болгохоор төлөвлөсөн байв. Гэсэн ч зорьсондоо хүрээгүй. Бодлого боловсруулах, төсөв захиран зарцуулах мэдэлтэй эрх баригчид утаа багасгах ажлыг зоосны нүхээр харсаар ирлээ. Иргэдээ диоксин, фурантай утаанд умбуулчихаад өөрсдөө Богд ууландаа амьдарч, цэнгэг агаараа цээж дүүрэн амьсгалсаар байх болно гэж эндүүрээд байх шиг. Агаар бол шороо шиг нэг газартаа байдаг зүйл биш билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.