Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОЛОН “ТОЛГОЙТОЙ” Ч НЭГ ЗОРИЛГОТОЙ ШВЕЙЦАРЬ УЛС

Арслангийн дүрд хувилсан хоёр орчим настай хүү “машин”-аа унаад явж байв. Өхөөрдөм хүүтэй хамт зургаа татуулж болох эсэхийг ээжээс нь асуулаа. Ээж нь цааш хүүгээсээ асуув. Тэгснээ “Уучлаарай, тэр хүсэхгүй байна” гэсэн хариу өгч байна. Түүнийг хоёрхон настай, учир мэдэхгүй хүүхэд гэж гололгүйгээр саналыг нь асууж байгаагаас л Швейцарийн холбооны улсад шууд ардчилал хэрхэн хэрэгждэгийг харж болохоор аж. Монголын Парламентын сэтгүүлчдийн холбоо, Швейцарийг гадаадад сурталчлах агентлагтай хамтран ШХУ-д шууд ардчилал хэрхэн хөгжсөн, яаж хэрэгжүүлдэг туршлагыг судлах боломжийг сэтгүүлчдэд олгосон юм. Үүний дагуу энэ сарын 17-23-нд тус улсад ажиллав. Цюрих хотод хөл хөдөлгөөн ихтэй, элдэв баг өмсөж, нүүрээ будсан, олон дүрийн дунд яваад орчихлоо. Улсдаа хамгийн олон буюу нэг сая хүн энэ хотод амьдардаг аж. Жил бүр Улаан өндөгний баярыг угтаж багт наадам зохион бай гуулдаг тухай хөтөч бидэнд тайлбарлав. Тэр өдөр Исүс Христ дахин амилдаг хэмээн Библи сударт бичсэн байдаг гэнэ. Энэ баяр нь ирэх сарын 31-нд болно. Шууд ардчиллыг энгийнээр ойлгуулсан өнөөх хүү ч бас ээжтэйгээ баяр тэмдэглээд явж байсан нь тэр юм билээ.

БЭЛЭН СУУРИН ДЭЭР БЭХЖҮҮЛСЭН ТОГТОЛЦОО

Швейцарийн холбооны улсад саатахдаа бид Ардчиллын судалгааны төв, Холбооны институт, нийслэл хот Бернийн болон Лангнау, Труббагийн захиргаагаар зочилсон. Мөн Швейцарийн томоохон медиа групп болох “Та медиа”, “NZZ”- ээр зочилж хэвлэл мэдээллийн салбарын чиг хандлагатай нь танилцав. NZZ сонины Бернд томилогдсон мэргэжил нэгт парламентын сурвалжлагч Маркус Хафлигертэй уулзах боломж ч бас гарлаа. Шууд ардчиллын талаарх гол лекцийг Аарау мужид байрлах Ардчиллын судалгааны төвийн доктор Корсин Бисаз, Берн хотод байрлах Холбооны институтийн доктор Николас Шмитт-ээс сонсов. Эхний доктор шууд ардчиллын үзэл санаа, арга хэрэгсэл, түүх, иргэний нийгмийн ач холбогдлын талаар бидэнд мэдээлэл өгсөн. Шууд ардчиллын үзэл санаа XVI зуунаас эхтэй. Улмаар Америкийн 1770 оны, Францын 1789 оны хувьсгал шууд ардчиллын үзэл санааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм билээ.

Олон шашинтан хоорондоо дайтаж, үүний дараа зөвшилцсөнөөр тус тусын бие даасан байдлаа хангахын тулд 1848 онд Швейцарийн Холбооны улсыг байгуулжээ. Хамгийн анх Үри, Швыц, Унтервальден гэсэн гурван муж нэгдэж байсан түүхтэй аж. Үүнээс хойш мужууд нэгдсээр эдүгээ 26 муж, 2500 орчим коммун буюу багаас бүрдэх болсон байна. 1890-ээд он хүртэл ямар асуудлаар бүх ний тийн санал асуулга явуулахыг төр шийддэг байсан бол үүнээс хойш иргэд санаачилга гаргах эрхтэй болжээ. Анхнаасаа бие даасан, тус тусдаа мужууд холбооны засаглал дор нэгдсэн учир шууд ардчилал хөгжүүлэх суурь бэлэн байсан гэсэн үг. Яг энэ онцлогоо тэд одоо болтол хадгалж буй юм билээ. Муж, баг бүр тус тусдаа Үндсэн хуультай, Парламент, Засгийн газартай. Үүнийг манайхаар ИТХ, ИНХ хэмээн ойлгож болно. Гэхдээ илүү бие даасан, бүх шийдвэрийг иргэдийн оролцоотойгоор гаргадаг, төсөв, санхүү, татварын бодлогоо өөрсдөө тодорхойлдог.

Орон нутагт эрх мэдэл өгөх тухай байнга ярьж, энэ оноос л дөнгөж эхлэлээ тавьж буй манай орны мөрөөдөл тэнд жинхнээрээ хэрэгжиж байгаа юм. Энэ бие даасан байдал нь автономит улсын хэмжээний статустай аж. Мэдээж Холбооны улсын хууль, дүрэмтэй тэр бүхэн нь зөрчилдөхгүй байх ёстой. Холбооны хэмжээнд 100 мянган хүний гарын үсэг цуглуулж чадвал иргэдийн аливаа санаачилгаар бүх нийтийн санал асуулга явуулах боломж бүрддэг аж. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах, олон улсын гэрээ, конвенцид нэгдэх гэх мэтийн том асуудлыг шийдэхдээ заавал иргэдээсээ асуудаг. Энэ мэт 190 санал асуулга явуулсны 143-т иргэд зөвшөөрсөн хариу өгсөн байна. Төр нь биш, ард түмэн эрх барьдаг хэмээн ойлгоход болох аж. Улс төрийн нам тэнд гол дүр биш. Шууд ардчиллын энэ систем төр, иргэний хооронд хүчтэй холбоо үүсгэж, төр ба бусад гэсэн хоёр тал л “байлддаг” болгож чаджээ. Гэхдээ цаг хугацаа их шаарддаг, зардал өндөр гэх мэт сул тал бий. Мөн дурын иргэн, хэсэг бүлэг хүн хувийн ашиг сонирхолдоо нийцсэн шийдвэр гаргахаар санаачилга гаргаж, 100 мянган хүний гарын үсэг цуглуулах боломжтой.

Мужийн түвшинд бол 50 мянган хүний гарын үсэгтэй байхад санал асуулга явуулах эрх нээгдэнэ. Иймэрхүү 183 санал асуулга явуулс ны 143 нь дэмжигдээгүй юм байна. Аль нь нийтэд хэрэгтэй, бас хэрэггүй асуудал болохыг иргэд ялгадаг учир энэ тал дээр санаа зовох зүйлгүй гэнэ. Ийм хэт бүрэн эрхээ давуулан эдэлж, “даврах” тохиолдол нэг бус удаа гарсан юм билээ. “Швейцарийн иргэн байх эсэхийг мужийн түвшинд шийдье” гэсэн санал асуулгыг нэгэн муж явуулаад шийдчихэж. Хүний эрхийг хэт зөрчсөн уг шийдвэрийг шүүх цуцалж байжээ. Энэ мэтээр хүний эрх зөрчсөн шийдвэр гарсан байвал зөвхөн шүүх л цуцлах эрхтэй. 50 мянган хүний гарын үсэг цуглуулаад л төрөө унагаад, гаргасан шийдвэрийг нь цуцлаад байвал тогтвортой байдал алдагдах учраас зөвхөн хүчтэй эвслийн Парламент, Засгийн газартай улсад л энэ тогтолцоо өгөөжөө өгнө гэдгийг доктор Николас Шмитт сануулсан юм. Автономит бүрэн эрхтэй “муж улс”-ын жишээтэй танилцахаар дараа нь бид Берн хотын захиргаагаар зочилсон. Татварын тогтолцоогоо муж тогтооно. Тиймээс муж бүрт татварын хэмжээ өөр. Банкаараа алдартай тус улс энэ салбарын орлогоосоо муж бүрт хуваарилдаг. Бас “баялгийн татвар” гэж байдаг аж. Ер нь бүх муж өөр өөрийн татвар, боловсролын гэх мэт системтэй учир нэгээс нөгөөд очиход өөр улсад очсон мэт л байдаг юм билээ.

ЭРЭЭН ПАРЛАМЕНТ

Нийт 7.8 сая хүн ам, 41.293 ам километр нутаг дэвсгэртэй. Манай улсын нэг жижиг аймаг шиг нутагтай тус улсын Парламент нь дээд, доод хоёр танхимтай. Дээд танхим 46, доод танхим 200 төлөөлөгчтэй. Тэднийг ард түмнээс дөрвөн жилийн хугацаатай сонгоно. 20 мужаас тус бүр хоёр, хүн ам цөөтэй зургаан мужаас тус бүр нэг төлөөлөгчийг доод танхимд сонгодог юм билээ.

Парламент нь жилд гурван удаа, нэг удаадаа гурван долоо хоногоор хуралд даг. Парламентын гишүүд нь энэ ажлаа “үндсэн ажлынхаа заваар” хийдэг гээд хэлчихэд буруудахааргүй санагдсан. Биднийг очиход Пар ламент нь завсарласан байж таарсан юм. 130 орчим мянган хүн амтай нийслэл хот Бернд Парламентын ордон нь байдаг. Засгийн газар нь харин ердөө долоон сайдтай. Парламент энэ долоогоос ээлжлэн жил бүр Ерөнхийлөгчийг сонгодог, сольдог аж. Парламентад ноёрхох нэг нам гэж байхгүй. Олон намын төлөөлөлтэй, энэ зарчмаа хангасан сайд нарыг сонгодог. Сайдыг гаднаас ч сонгох боломжтой гэнэ.

ШХУ герман, франц, итали гэсэн гурван албан ёсны хэлтэй. Франц улстай хиллэдэг мужууд голчлон францаар, Германтай хиллэдэг нь германаар, Италитай хиллэдэг нь италиар ярь даг учраас энэ гурван хэлийг албаных бол гожээ. Мөн цөөн тооны хүмүүс үндэсний ро манш хэлээр ярьдаг аж. Швейцарийн бүх му жийг төлөөлж сонгогдсон гишүүд чуулганы хуралдаан дээр өөр өөрийн хэлээр ярина. Албан ёсны хэл нь учир олонх нь гурван хэлээрээ ярьдаг. Гэхдээ “юмыг яаж мэдэх вэ” гээд чуулганы үеэр синхрон орчуулгыг бүх хэлээр давхар явуулдаг аж. Олон хэлээр “шулганалдсан” гишүүнтэй нэг улсын Парламент гэхээр сонин. Хүсэх юм бол дурын иргэн Парламентын ордноор зочилж, чуулганы хуралдааныг ажиглах эрхтэй. Муж тус бүр нь өөрөө өөртөө эзэн, асуудлаа шийддэг юм бол Холбооны Парламентад хийх ажил үлдэх үү. Мэдээж тийм. Тэд гадаад бодлого, батлан хамгаалах гэх мэт том асуудлаа эрхэлнэ. Парламентаас гарсан шийдвэр ард түмний эрх ашигт нийцэхгүй бол санал асуулга явуулаад л цуцалж орхино.

АРД ТҮМНИЙ БҮРЭН ЭРХ БА ТӨВ БАЙР СУУРЬ

Биднийг очсон үед Швейцарь орон нэгэн том санал асуулгад бэлтгэж байв. Гэр бүлийн асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санаачилгын хуулийг дэмжих эсэх, мөн гаднын хөрөнгө оруулалттай хувийн компаниудын захирлын цалинг хасах гэсэн гурван асуултад ард иргэд нь “Тийм”, “Үгүй” гэсэн хариултыг ирэх сарын 3-нд өгнө.

Саналын хуудсыг бүх айлын шуудангаар илгээдэг юм билээ. Энэ сарын 22-нд хэл аманд өртөөд буй гаднын хөрөнгө оруулалттай нэгэн компани зөвлөлийн хурлаа хийж, иргэдэд буулт хийхээр болсон байлаа. Яг энэ асуудлаар иргэд дөрвөн жилийн турш хэлэлцүүлэг өрнүүлж, одоо л бүх нийтийн санал асуулга явуулах болж буй гэхээр цаг хугацаа их шаарддагийг харж болно. Иргэдийн санаачилга бүрээр санал асуулга явуулахгүй, төр, засгаас наана нь байж болох өөр олон хувилбарыг ард түмэндээ санал болгодог аж. Бас санал асуулга явуулаад эсрэг шийдвэр гарсан ч төрөөс гаргасан бодлогод иргэдийн хүслийг тодорхой хэмжээгээр тусгадаг аж.

Швейцарийн төрийн тогтолцоо үнэндээ 1291 оноос үүдэлтэй. Энэ олон зуун жилийн хугацаанд шууд ардчиллын тогтолцоо бүрдэн, хөгжсөн гэсэн үг. Европын төвд байрлалтай, их гүрнүүдийн дунд оршдог учраас 1515 онд тус улс төвийг сахисан статусаа зарлажээ. Үүнээс өмнө батлан хамгаалах хүчиндээ найддаг байсан гэнэ. Гэвч Францад ялагдаж, хохирол амссаныхаа дараа төвийг сахисан статустай байхаар шийдсэн байна. Ингээд дай ны хөлөөс хол үлдэж чаджээ. Улмаар дайтаж байгаа улс орнуудад зэвсэг, хүнс, бараа, бүтээгдэхүүн нийлүүлж, тэр он жилүүдэд эдийн засаг нь хөгжсөн гэдэг. Холбооны улсын хууль дор нэгдэх энэ түмэн хэлээр ярьдаг, өөр өөр уламжлал, соёлтой олон жижиг хот-улс яаж ийм эв найртайгаар оршиж байгаа нь бас л сонин. Чухам үүний тулд л холбооны улсын системийг сонгосон байна. Олон “толгойтой” ч тэр бүгд нь нэг зүгт харж, бие даасан байдлаа хадгалах нэгэн зорилго дор нэгдэж чадсан нь л Швейцарийн холбооны улсын оршин тогтнолын нууц мэт санагдав.

 

Үргэлжлэл бий.

 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.