Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Японы гайхамшиг”-ийн нууц нь далайн дээрэмчний хар сувд гэв үү

 “Японы гайхамшгийн нууц юунд байна вэ? Дайнд ялагдсаны үр дагаврыг хэрхэн богино хугацаанд арилгаж, дэлхийн өндөр хөгжилтэй орон болж орхив? Нийтээр хүлээн зөвшөөрдөг үзлээр бол дайны дараа Япон улс түргэн хурдацтай сэргэн мандсан нь ард түмнийх нь ажилсаг чанар, төрийн албаныхны нь нэр хүнд, Америкийн санхүүгийн өгөөмөр тусламжтай холбоотой гэж хэлдэг. Энэ гурван хүчин зүйлийн эхний хоёрт нь эргэлзэх юмгүй байж болох бол америкчууд Азид коммунизм дэлгэрэх замд Японоор саад хийлгэх гэж л тусалсан болохоос биш түүнийг эдийн засгийн нэг гол өрсөлдөгчөө болгохыг зориогүй нь ойлгомжтой. Тэгвэл дэлхийд тэргүүлэх үйлдвэр, шинжлэх ухааныг бий болгохдоо Япон улс хаанаас хөрөнгө олоо юм бол? Нууцыг тайлагчид усан цэрэг Имурио Исокавагийн гэр бүлийн түүхийг анхааралтай судлахыг санал болгож байна.

1904 онд Оросын “Аметист” хөлөг онгоц Данангаас холгүй Хятадын тэнгист Японы мина тээгч ¹125 хөлгийг живүүлснээс түүх эхэлжээ. Энэ онгоцны багнхныг бүгдээрээ амь үрэгдсэн гэж үзсэн байна. Гэтэл 1906 оны эхээр Францын “Круле” гэдэг байлдааны завь Умард Аннамын эргээс туйлдаж ядарсан усан цэрэг олсон аж. Тэрбээр мина зөөгч ¹125 онгоцны багийнхнаас амьд үлдсэн ганц хүн бөгөөд нэрийг нь Имурио Исокава гэдэг. Параселийн арлуудын нэгэн дээр гав ганцаараа жил хагасыг өнгөрөөж буйгаа ярьжээ. Исокава Япондоо буцаж ирээд сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн эмнэлэгт эмчлүүлж дараа нь гэр бүлтэй болж, Цэргийн яамны тэтгэврээр аж төрөх болсон байна. Амьдарч байсан арал дээр нь ихээхэн хэмжээний эрдэнэс байгааг эмч нартаа болон ойр дотнынхондоо ярьжээ. Яагаад ч юм бэ, хүмүүс түүнд итгэхгүй байв.

1945 онд нэгэнт өөд болчихоод байсан Исокавагийн гэрт Токиогоос хүмүүс ирж амьд сэрүүндээ түүний яриад байсан эрдэнэсийн тухай сонирхсон аж. Тэд ийм яриа болсныг хүмүүст хэлэхгүй байхыг хүссэн байна. 1945 оны зургадугаар сард Параселийн арлуудын нэгэнд Японы усан доогуур явагч I-409 завь дөхөж иржээ. Түүний баг хийгээд ахмад нь Японы цэргийн тагнуулынханд захирагддаг байлаа. Дайсны хөлөг онгоц гэнэт гарч ирсэн тохиолдолд завийг хамгаалах үүрэгтэй байсан онгоцны нисгэгч хожим нь ярихдаа, усан цэргүүд эрэг орчмын агуйгаас торхтой юм зөөж ачаад байсныг үзсэнээ хэлсэн байдаг. Торхонд чухам юу байсныг тэр хэлсэнгүй, мэдээгүй ч байж болох. Дараа нь тэдгээр ачааг усан доогуур явдаг хэд хэдэн завинд хувааж ачсан аж. 1955 онд нөгөө онгоцны нисгэгч маань Нагасаки хотноо завины ахмадтай тааралдахад “офицеруудаас далдуур торхнуудын заримыг нь тагнуулчид онгойлгож үзэхэд дүүрэн хар сувд байсан юм гэнэ лээ” хэмээн илэн далангүй ярьсан байна. Хорь орчим торх байж. Нэг нь л центнерээс багагүй жинтэй, тэгээд бодохоор тэдэн дотор байсан эрдэнэс тухайн үеийнхээ ханшаар 10-15 тэрбум доллараар үнэлэгдэх эд байв. Тэр арал дээр юун тийм их эрдэнэс байсан юм бол?

XVI зуунд Параселийн арал дээр өөрийн баазтай байсан Малайзын зард гарсан далайн дээрэмчин Бумбгвара Анамбасынх байж магадгүй гэсэн таамаглал бий. Тэгвэл I-409 завинд эрдэнэсийг ачиж явсны дараа түүнийг хааш нь хийчихсэн юм бол? Америкийн Техас муж улсын нефтийн үйлдвэрийн эзэн Жон Синкстоны хувийн цуглуулгад 10 сая орчим доллараар үнэлэгдэх хар сувд байсан нь дайны дараа тодорхой болсон байна. Юмны сэжүүр түүнээс улбаалсаар Америкийн “Радиотехникс” фирмийн ерөнхий нягтлан бодогч байсан Рональд Смит рүү хөтөлжээ. Түүний ярьснаар дампуурлын даваан дээр байсан тус фирмийн албан байранд дайны дараа хоёр япон хүн ирж нэгэн ашигтай арилжааг санал болгожээ. Тэр нь 1943 онд байгуулагдсанаасаа хойш боловсруулсан технологио нэг чемодан сувдаар солих гэсэн хэрэг байв. Сувдны нэлээд хэсэг нь хар өнгөтэй гэж байгаа. Америкчууд уг наймаанаас татгалзсангүй.

Ийнхүү цэргийн болон иргэний зориулалттай янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг чадал чансаатай фирм бий болох нь тэр. Европ, Америкт байгаа хамгийн үнэт, ховор хар сувдны түүхийг тодруулах гэж оролдвол эрэл хайгуул маань шинэ техник, технологи худалдаж авахаар чемодан чемодан хар сувд бариад дайны дараа дэлхий дахинаар бэдэрч явсан япончуудын мөрөөр оруулахыг үгүйсгэх аргагүй.

 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.