Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголчууд дууны эффект, цуурайнд дуртай

-Энэ жил Рагу их хатуу байх шиг санагдсан. Сүүлийн үед их ууртай харагдаад байгаа.
-Хатуу байх хэрэгтэй. Өнгөрс өн жил 300 оролцогч шалгуулсан бол энэ жил 700 болсон. Өдөр бүр 100 оролцогчийн дуулахыг сонсоно гээд бод доо. Төрөл бүрийн “Титаник”, Уитни Хьюстон, Жастин Тимбэрлэйк, Ма риан Кери сонсож байна. Их хэцүү. Тэгэхээр тэр олон дуучнаас үнэхээр сайныг нь шилж үлдээх чухал. Тэгэхээр эхний шалгаруулалт хатуу байх ёстой. Харин дараагийн үед зөөлөн байж, зөвлөгөө өгч, тусалж дэмжихийг бодно.
-Энэ жил урьдынхаасаа шалгуур өндөртэй гэж хэлж болох нь ээ?
 -Тийм ээ. Өрсөлдөгч олон байх тусам тэмцэл ширүүсдэг юм чинь. Энэ жил хэнэггүй нөхдүүд олон байгааг үзэгчид анзаарсан байх аа. “Чи тэнцсэнгүй” гэхээр инээгээд л гараад явчихаж байгаа юм. Зарим нь хэлээ гаргана. Өнгөрсөн жилийн оролцогчид сэтгэлээр их унасан харагддаг байсан. Ихэнх нь дахин шалгуулж байгаа.
 -Та хүмүүсийг хэт доош нь хийх, өөлөх хэрэггүй зүйлийг нь дахин дахин хэлдэг гээд хүмүүс дургүйлхэж байна лээ.
-Тийм гэж үү. Би өөрийгөө зөвлөгөө өгөөд байна гэж бодсон шүү дээ. Дутагдлаа хэлүүлэх дургүй хүмүүс бий. Гэхдээ дутагдал гэдэг зүйлийг хэлж байж л засна шүү дээ. Өмнө нь хасагдаж байсан хүүхдүүд хаана алдаж байгаагаа сонссон учраас хурдан сайжирсан байх гэж боддог.
 -Танд хэдэн төрлийн үнэлгээ байдаг вэ?
 -Маш сайн. Энэ жил чиний жил биш. Караоке дуучин. Маш муу. Найдваргүй… Ийм таван үнэлгээ байгаа.
-Сургуулилалт хийвэл дуулчихаар оролцогчийг та шууд хасчихсан. Яагаад?
 -Би авьяастай хүмүүсийг нүдээ аньж байгаад хасчихдаг юм биш шүү дээ. “Энэ жил чиний жил биш” гэж хэлдэг. Тэдэнд сургуулилалт хэрэгтэй.
-Манай залуусын дууны сонголтыг их шүүмжилж харагддаг…
-Нэгэн хэвийн дуу сонгодог. Жас тин Тимбэрлэйкийн дуу доогуур өнгөтэй байхад С.Жавхлан их өндөр өнгөөр дуулдаг. Энэ чинь монгол хэмнэл. Монгол хэв маяг. Дэлхийн хэмнэлтэй адилгүй.
 -Тэгэхээр улс үндэстний хэл дууны аялгуунд нөлөөлдөг гэсэн үг үү?
-Нөлөөлнө. Маш их нөлөөлнө. “Титаник” киноны дууг монгол хэлээр хэзээ ч дуулж болохгүй. Монголчууд өндөр өнгөөр дуулах дуртай. Хүмүүс нь ч тийм дуу сонсдог.
 -Манай зарим хамтлагийн дуучид энэ тэмцээнд ороод хасагддаг.
-Тэр дуучинд аав, ээж нь “Чи гоё дуулдаг” гэж хэлдэг. Найз нөхөд нь дуулахыг нь дэмждэг. Тэгэхээр өөрийгөө дуулж чаддаггүй гэдгийг яаж мэдэх билээ. Хэн нэгэн түүнд хэлэх хэрэгтэй. Харин ойр дотных нь хүмүүс яагаад ч юм хэлдэггүй. Нуудаг.
-Тэгэхээр бид муу дуучны дууг сонсоод байна гэсэн үг үү?
-Үгүй. Хэн сайн дуучин гэдгийг хүмүүс мэддэг. “Камертон” хамтлаг 24.000, Болд 18.000 үзэгч цуглуулж байсан удаатай. Тэд үнэхээр сайн учраас тийм олон үзэгч цугларсан. Харин караоке дуучид хэзээ ч том концерт хийж чаддаггүй шүү дээ. Зөвхөн найз нөхөд, гэр бүлийнхээ хүрээнд тоглолт хийчихээд өөрийгөө дуучин гэж нэрлэж болохгүй.
-Ер нь огт мэдрэмжгүй хүн гэж байдаг юм уу?
-Байхгүй ээ. Хүн бүр мэдрэмжтэй төрдөг.
-Тэгвэл та яагаад хүмүүсийг “мээд-рэмж” байхгүй гэдэг юм бэ?
-Хөгжмийн мэдрэмж байхгүй гэсэн юм. Хүн болгонд өөр өөрийн мэдрэмж, онцлог бий. Тэр нь хөгжмийнх, уран зургийнх гээд аль нь ч байж болно шүү дээ. Дууны мэдрэмж багатай хүн дуучин болно гэдэг хэцүү. Бараг боломжгүй.
-Мэдрэмжийг бий болгоно гэж байх уу?
 -Мэдрэмж төрөх нь бий. Байгалиас заяана гэсэн үг. Заримдаа жаахан хүүхдүүд хүмүү сийг алмайруулдаг шүү дээ. Энэ энгийн хэрэг биш. Төрөлхийн авьяас гэж байдаг юм билээ.
-Та өөрийнхөө хөгжмийн мэдрэмжийг хэр үнэлдэг вэ?
-Сайн гэж боддог. Үүнийг сонсогчид хэлэх байх.
-Та өөрөө үнэхээр тийм мэдрэмжтэй хүн юм бол үлгэр жишээ болохоор дуу дуулж, хийж болдоггүй юм уу?

-Би дуу дуулахаас илүү сонсохдоо сайн. Продюссер гэдэг чинь өөр мэргэжил. Би заавал дуулах албагүй. Сайн уран бүтээл бүтээхийн тулд продюссерийн ажил надад хангалттай. Тэрнээс биш би мэдрэмжтэй, би дуучин болно гээд байж болохгүй шүү дээ.
-Та монголд ирээд ямар уран бүтээл дээр ажилласан бэ?
-“Киви” хамтлагийн “Hot line”-аас эхлээд хэд хэдэн дуу бий. Дуучин Д.Болд, Э.Агиймаа, “3 охин” хамтлагтай хамтарч ажилласан. Монголчууд ерөнхийд өө нэгэн хэвийн дуу сонсдог. Харин би олон төрлийн дуунд дуртай. Үргэлж шинэ хэмнэл эрэлхийлдэг. Энэ миний амьдралыг сайхан болгодог. -Улс үндэстэн бүр өөр өөрийн гэсэн аялгуутай. Тэгвэл бүх үндэстэнд таалагдах дуу гэж байх уу?

-Хэцүү. Монголын цаг уур, газар нутгийн онцлогт зарим дуу тохирохгүй.
 -Монголчууд зүйр үг, яруу найраг сонсож өсдөг. Гэтэл одоо дэлхийн дуу хөгжмийн чиг хандлага яриа маягийн өгүүлэмжтэй болсон…
-Тийм шүү. Яриад л, яриад л байдаг. Би гэрээсээ гарлаа, тэгээд бүсгүйтэй танилцлаа, шууд дурлалаа гэх мэт… Хүүрнэн өгүүлэх маягтай. Монголчуудын хэлний онцлогоос хамаараад ч тэр үү эвгүй сонсогдох тохиолдол байдаг. Үүнд үг сонголт бас их нөлөөтэй гэж боддог юм.
-Та үнэхээр л мундаг юм бол өөр том оронд очиж ажиллахг үй яагаад заавал жижигхэн Монголыг сонгосон юм бэ?
-Миний найз нарын дунд нэртэй, мундаг продюссерүүд бий. Би тэдэн шиг “том” ажил хийж болох л байсан. Гэхдээ би одоо энд, Монголд байна. Энд надад эхнэр, хоол, хувцас, ажил, гэр байна. Хэд хэдэн найзтай болсон. Өөр юу хэрэгтэй юм бэ. Энэ бүхэн миний амьдрал. Надад таалагддаг амьдрал.
-Яагаад монгол хүнтэй гэр бүл болоо вэ?

-Би эхнэрээ сонгож, аль нэг үндэстэнтэй гэр бүл болно гэж тооцоолж, төлөвлөөгүй. Бид хэзээ, хаана, хэнтэй учрахаа мэддэггүй. Гэнэт нэг хүнтэй учирсан нь монгол хүн байж таарсан. Бид Лондонд танилцсан юм. Тэр их сайхан, мэдлэг боловсролтой эмэгтэй. Хайр сэтгэлд гарал угсааны зааг байдаггүй шүү дээ.
-Таны эхнэр тэмцээнийг шүүх арга барилын чинь талаар ярьдаг уу?
 -Үгүй ээ. Энэ бол миний ажил. Миний ажлыг яаж хийх юм бэ. Хүмүүс өөр өөрсдийнхөө ажлыг л хийдэг шүү дээ. Тэгээд ч эхнэр маань дуу хөгжмийн холбогдолтой ажил хийхгүй. Миний эхнэр найдваргүй дуучин. Тэр ингэж хэлээд инээсэн юм. Маш чангаар, их удаан инээсэн. Магадгүй тэр эхнэрээ төсөөлөөд, өхөөрдсөн байх аа. Надад яг тэгж харагдсан.
-Цаг орой болчихож. Ингэж ажиллаад, гэртээ харих гүй болохоор эхнэр чинь дуудахгүй байна уу?
 -Тэр Лондонд байгаа. Сургуульдаа явсан. Амралтаараа ирдэг юм. Энд байх хугацаанд нь би ажлаа дуусгаад, хамтдаа байдаг. -Энд ирэхээсээ өмнө ямар ажил хийж байв? -Их олон зүйл хийж байсан. Оюутан байхдаа хоёр, гурван ажил хийх хэрэгтэй байсан. Лондонд сурдаг байсан юм. Тэнд амьдрах өртөг өндөр. Доод тал нь хоёр ажил хийхгүй бол сургалтын төлбөр, байр хоолны асуудал жаахан хүнд. Алиалагч ч хийж явлаа. Сингапурт телевизийн компани, хөгжмийн студид ажиллаж байсан. Олон ч зүйл сурлаа. Тэнд олон орны хүмүүс ажилладаг. Монголоос Ариунаа, Чинбаа гээд олон хүн байсан.
 -Ингэхэд та яг ямар мэргэжилтэй хүн бэ?
-Архитектурын чиглэлээр сурч байлаа. Гэхдээ өөрийнхөө сонирхолд хөтлөгдөөд хөгжмийн холбогдолтой мэргэжилд суралцсан. Урьд нь Сингапурт хөгжмийн чиглэлээр сурч, төгссөн болохоор хүндрэлтэй зүйл байгаагүй. Гэхдээ аав, ээж маань их уурласан. Хөгжмийн продюссер мэргэжилтэй, ерөнхийдөө студийн дизайн, хөгжмийн найруулга, ажилчидтай хамтран ажиллах гээд ер нь техникийн бүхий л талын ажил хийчихнэ шүү.
-Тэгээд яагаад мэргэжлээрээ ажиллахгүй байгаа юм бэ?
 -Хэн намайг мэргэжлээрээ ажил лахгүй байгаа гэж хэлсэн юм бэ. Би Монголд ирээд хэд хэдэн интерьер гаргасан шүү дээ. “B production” болон Чукагийн “Up” студийн интерьерийг би хийсэн. Энэ өрөө, манай студийн засал чимэглэл ч бас миний дизайн. Түүний ажлын өрөөг ажиглах зуур тэр надад шинэхэн уран бүтээлээ сонир хуулсан юм. “Шуранхай” хамтлаг, дуучин Д.Болдтой хамтран дуулжээ. Уртын дуу мэддэг хэдий ч цоо шинэ санагдсан юм.
-Энэ их гоё дуу юм аа. Хит болох болов уу?
-Болно байх аа. Би энэ дууг чанартай болгох гэж хоёр сар хичээсэн. Одоо л яг болох гэж байна.
-Хүмүүс нэг дуугаа олон дахин сонссоор байгаад дасчихдаг. Тэгээд сайн мууг нь ялгахаа больдог юм шиг санагддаг. Гэтэл та удаан сонсох тусам сайн бүтээл хийнэ гээд байх юм.
-Сонсох тусам илүү сайжрах ёстой. Шинэ дууг сонсоод, зарим хэсэг нь уйтгартай санагддаг. Харин ингэж хийсэн бүтээлээс өө хайгаад олдохгүй л болов уу…
-Би Болдыг хэрхэн дуулдгийг мэднэ. “Шуранхай” хамтлагийн өнгө төрх ч бас тодхон. Уртын дуу, ятга зэргийг ч бас сайн мэднэ. Гэтэл та энэ бүхнийг нийлүүлээд, яаж цоо шинэ өнгө дуугаралт гаргаж чадав аа?
-Би шинэ төрлийн аялгууг ардын урлагтай хольсон. Монгол ардын дуу, хөгжим надад маш их таалагддаг. Гэхдээ бүгдэд таалагдуулахын тулд шинэ үеийн хөгжимтэй хослуулах хэрэгтэй байсан. Би бодсоноо хийж чадсан.
-Одоо хөгжмийн төрөл жанр бүгд зохиогдоод дуусаж байх шиг байна. Дахиад шинэ аялгуу гарна гэдэг хэцүү юу?

-Тийм. R&B урсгалын бүх аялгуу, төрөл хэлбэр нь дууссан. Харин одоо бусад нь дуусах дөхөж байгаа. Мэдээж тэр болтол шинэ уран бүтээл туурвих хэрэгтэй шүү дээ.
 -Монголчууд ямар аялгуунд дуртайг ажиглав уу?
-Тийм ээ. Би олж харсан. Янз бүрийн эффект, цуурайнд дуртай юм билээ. Тал нутгийн хүмүүс болохоор цаанаасаа энэ аялгуунд татагддаг. Хадан дунд хашхирахаар цуурайтдаг. Монголд олон хад байдаг юм билээ. Уртын дуу ч гэсэн цуурай, эффектүүдтэй их адилхан болохыг анзаарсан.
 -Та тэгвэл Монголын үндэсний хөгжим рүү довтлохоор шийджээ?
-Тийм ээ. Би Монголын үндэсний хөгжим ятга, хуучир, хөөмий, морин хуурын аялгуунд дуртай. Уртын дуу ч бас үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Би үүнийг шинээр нээхийг хүсэж байгаа юм.
-Харин орчин үеийн хөгжмийн тухай яривал ямар байна вэ?
 -Монголын хөгжмийн зохиолчид Азидаа хамгийн алдартай нь. Сайн дуучин цөөхөн байдаг ч, хамтлагууд нь тааруухан. Магадгүй Б.Бадар-Ууганы үед Монголын урлаг одоогийнхоос сайн байсан байж мэднэ. Учир нь монголчууд 1980-аад оны “Битлз” зэрэг хамтлагийг сайн мэддэг хэдий ч, түүнээс хойшхи үеийг мэдэхгүй юм шиг ээ. Сүүлийн үеийн хип хоп хамтлагууд хөгжмийнхөө түүхийн талаар сайн мэдэхгүй байна. Гадаад дууны клипэнд гардаг шиг ганган машин хөлөглөж, гаазтай ундаа сороод явахыг хип хоп гэдэггүй шүү дээ. Хөгжмийн талаар илүү мэдлэгтэй болъё гэвэл түүхийг нь судалж үзэх нь чухал. Түүх нь хаанаас үүсэлтэй, ямар алдартай хүмүүс байдаг гээд л. Хуучин юмнаас шинэ юм гарч ирдэг гэдэг утгаар түүхийг нь мэдэж байж л хөгжинө гэж боддог.
 -Та өөрөө манай үндэсний язгуур урлагийг судалсан уу?
-Судалсан. Хэрвээ судлаагүй бол аль хөгжмөөс ямар дуугаралт гарч, хэрхэн хөглөгдөхийг мэдэхг үй шүү дээ. Энд ирээд нэлээд хэдэн жил боллоо. Хэд хэдэн бүтээл туурвилаа. Харин одоо л дөнгөж үндэсний урлагаар орчин үеийн бүтээл туурвиж байна. Өнгөрсөн хугацаанд би судалгаа хийсэн. Би уран бүтээлд дуртай. Тийм болохоор өөрөө чанартай уран бүтээл хийхийг хүсдэг. Уран бүтээл үүрд үлддэг шүү дээ.
Рагугийн “Мээд-рэмж” гэдэг үг залуусын дунд хит болж, түүний ярианы өнгийг дуурайж ярих хүн олширсныг гайхах зүйлгүй боллоо. Энэ бол түүний оргиналь хэв маяг. Түүний тод, чанга инээд найрсаг занг тодотгож, буруу хэлсэн үгийг нь залруулж байлаа. Би түүнийг үнэлж эхлэв. Сингапураас ирсэн, “Universe Best Songs” тэмцээний шүүгч, хүмүүсийн урмыг хугалдаг хүн гэдгээс өөрөөр төсөөлж байсан гүй ээ. Харин түүнтэй уулзмагцаа хөгжимд үнэнчээр “дурласан” болохыг нь анзаарсан юм. “Харанга” хамтлагийн дуу эгшиглэхэд, түүний харцанд дурлалын оч харвах шиг гялалзсан юм шүү….

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.