Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөх нь зөв үү

 АСУУДЛЫГ ШИЙДЭХДЭЭ МАНАЙ ГУРВАН ГИШҮҮНИЙ НЭГИЙНХ НЬ САНАЛЫГ АВСАН БАЙХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-“Оюутолгой”-н асуудлаар би олон удаа ярьсан мөртлөө ТУЗ-д байгаа гурван гишүүн муу гэж амнаасаа огт унагаж байгаагүй. ТУЗ-ийн гишүүдийг би өмгөөлөхгүй. Хамгийн гол нь тэдний оронд хэн ч очсон ажиллахаас өөр аргагүй байдалд оруулдаг Засгийн газрын дүрэм журам, механизм, гэрээ өнөөдөр хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ ч ТУЗ-ийн гурван гишүүний ажиллах боломжийг хангасан байхыг би хүсдэг. Уг гэрээнүүдэд тэдний эрх хэмжээ, үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгөөгүйгээс тэр гуравт үнэхээр хэцүү байдаг байх.

 

ТУЗ-ийн есөн гишүүний зургаа нь үндсэндээ хөрөнгө оруулагч талынх. Саяхан Камерон МакРей “ТУЗ-ийн дарга нь монгол хүн шүү дээ” гэж худал мэдээлэл хийсэн. Юм ойлгохгүй, мэдээлэл муутай хүнд бол тэгж ойлгогдох байх. Үнэхээр ТУЗ-д байгаа дөрвөн монгол хүний нэгийг “Рио Тинто” сонгож авчран, цалинжуулж байгаа. Хэн мөнгөө төлнө, тэр хөгжмөө захиалдаг. Тэр хүн эх оронч байж болох ч “Рио Тинто”-гийн гэрээгээр л ажиллана. Тэд хоорондоо хөдөлмөрийн чухам ямар гэрээ байгуулсныг бид мэдэхгүй. Тиймээс манай гурван гишүүн эсрэг байр суурьтай байсан ч нөгөө зургаагийн тав нь нэг талд байхад тэгээд л болоо. Тэгэхээр гарах арга замыг ярья.

Монголын гурван гишүүний ядаж нэгийнх нь саналыг авсан байх ёстой, шийдвэрлэвэл зохих асуудлын жагсаалт гаргаж, гэрээнд тусгая. Аливаа асуудлыг шийдэхдээ манай гурван гишүүний нэгийнх нь саналыг авсан байх ёстой гэдэг заалт оруулахад л болоо. Тухайлбал, “Оюутолгой”-н бүтээн байгуулалт, баяжуулах үйлдвэр барихад ашигласан тэр их хэмжээний цементийг хаанаас, хэчнээн төгрөгөөр авахаар гэрээ байгуулсан нь бидэнд тодорхойгүй. Өмнөд хөрштэй хийсэн цахилгааны гэрээ бас л тодорхойгүй. Гаднаас авч байгаа бүтээгдэхүүний үнээ хоёр дахин өндөр хэлж, зарж байгаа баяжмалаа зах зээлийн үнээс хоёр дахин хямд гаргахаар гэрээ хийсэн байхад бидний 34 хувийн ногдол ашиг гэдэг хэзээ ч гүйцэлдэхгүй зүйл болно. Тиймээс энэ бүх гэрээнд манай ТУЗ-ийн гишүүд оролцох ёстой.

ГУРВАН ГИШҮҮНИЙГ СОЛИОД ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААС ДЭЭРДЭХ ҮҮ, ДОРДОХ УУ ГЭДЭГ ЭРГЭЛЗЭЭТЭЙ

МУИС-ийн багш, доктор С.Авирмэд:

-“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөх нь ерөнхийдөө зөв. Гэхдээ эхлээд Төлөөлөн удирдах зөвлөл гэж юу юм бэ гэдгээ ойлгох хэрэгтэй. “Оюутолгой” бол хувийн компани. Тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулалттай компани. Гэтэл төрийн зүтгэлтнүүд хувийн компанид ажиллахыг ойлгохгүй байгаа юм. Монголын төр 34 хувийг эзэмшиж байгаа болохоор төрийн төлөөлөл байх ёстой гэж үзээд байх шиг байгаа юм. Гэтэл Компанийн тухай хуульд хувь нийлүүлсэн компанийн эрх ашгийг урьтал болгоно гэж заасан байдаг. Тэгэхээр төрийн эрх ашгийг яаж хамгаалах вэ? гэдэг асуулт гарч байна. Тиймээс хууль, эрх зүйн асуудлыг эхлээд ойлгомжтой болгохгүй бол ямар хүн ТУЗ-д байх нь ойлгомжгүй болоод байгаа юм.

Нөгөө талдаа одоогийн гурван гишүүнийг хурдхан зайлуулчихаад өндөр цалинтай албан тушаалд очих гэсэн бодолтой хүмүүс л хүлээж байгаа. Ер нь “Оюутолгой”-н гэрээ бол Ашиг сонирхлын тухай хуулиас эхлээд олон хууль зөрчсөн байдаг. Тиймээс их маргаантай. Гадаадын хөрөнгө оруулалттай, хувийн компанийн ТУЗ-д төрийн хүн байх эсэх нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн үүднээс авч үзвэл бас л маргаантай. Тэгэхээр ТУЗ-ийн гурван гишүүнийг солиод одоогийн нөхцөл байдлаас дээрдэх үү, дордох уу гэдэг эргэлзээтэй асуудал.

ТУЗ-ИЙН ГУРВАН ГИШҮҮНИЙГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ

Эдийн засагч Н.Дашзэвэг:

-“Оюутолгой” компанийн ТУЗ-д Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл ажиллах ёстой. Гэтэл тус компанийн Монголын талын ТУЗ-д Засгийн газрыг төлөөлж нэг ч хүн алга. ТУЗ-ийн гурван гишүүнээс Засгийн газрын гишүүд нь очиж мэдээлэл авдаг бол ТУЗ-д ажилладаг Монголын талын төлөөллүүд төрийн бодлогоо мэдэхгүй. Тиймээс “Оюутолгой”-н ТУЗ-д байгаа Монголын гурван гишүүнийг өөрчлөх хэрэгтэй. Юуны өмнө тус компанийн ТУЗ-д Уул уурхайн яамнаас заавал нэг хүн байх ёстой. Үгүй гэвэл “Эрдэнэс Оюутолгой” компанийн төлөөлөл байх ёстой. Оюутолгой төсөл маш том бүтээн байгуулалт тул ажиллах хүч, ханган нийлүүлэлт, цахилгаан станц, бүс нутгийн хөгжилтэй холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн яамнаас нэг төлөөлөл байх нь зүйтэй. Төрийг төлөөлөөд дээрх хоёр төлөөлөл ТУЗ-д орчихвол гурав дахь нь хараат бус гишүүн байж болно. Тодруулбал, Засгийн газраас хараат бус, эдийн засагч, инженер, эрдэмтэн судлаач ч юм уу.

Ийм гурван хүнээр одоогийн Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг солихгүй бол “Оюутолгой”-н үйл ажиллагааны процесст төрөөс, ард түмнээс нөлөөлөх ямар ч боломжгүй болчихоод байна. Төслийн хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар байснаа 7.1 болчихлоо гээд асуудал тавиад байсан чинь “Rio Tinto”-гоос ТУЗ-д танилцуулаад 7.1 болгосон. Бид нар ТУЗ-дөө энэ талаар хангалттай мэдээлэл өгсөн гээд байдаг. Гэтэл Монголын талын ТУЗ-ийн гишүүд дамжуулж хэлээгүй болж таарах нь. Тиймээс “Оюутолгой”-н ТУЗ-ийн гурван гишүүнийг зайлшгүй солих шаардлагатайг өнгөрсөн хоёр жилд болсон үйл явдал харууллаа. Ирэх лхагва гариг буюу энэ сарын 27-нд “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчдын хурал үргэлжилнэ. Уг хурлаас өмнө хоёр тал мэдээлэл хийхгүй байхаар тохиролцсон гэсэн шалтгаанаар Засгийн газар ТУЗийн гишүүдийг өөрчлөх асуудлаар байр сууриа илэрхийлсэнгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.