Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ПИСТОРИУС “ДЭЭЛЭЭ НӨМӨРЛӨӨ”

Паралимпийн зургаан удаагийн аварга, хиймэл хөлт Оскар Писториус аймшигт гэмт хэрэгтэн болж хувирлаа. Өөрийгөө төдийгүй өрөөлийг ч хүнд цохилтод оруулсан түүний хэрэг өмнөд Африкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв болж байна.

Нутаг нэгтнүүдийнхээ дунд үндэсний баатрын хэмжээнд хүндлэл хүлээдэг энэ эр гэгээн Валентиний өдөр найз бүсгүй, 29 настай загвар өмсөгч Рива Стинкампыг толгой, гар болон цээжин тус газар нь буудан хөнөөжээ. Цагдаа нарын мэдээлснээр хохирогчийн цогцсыг пүрэв гаригийн үүрээр Йоханнесбург хотын Бошкоп дүүрэгт орших Силверлейкс гэх цогцолборт орших гэрээс нь олсон байна.

Хиймэл хөлт гүйгч найз бүсгүйгээ хөнөөсөн гэсэн эхний дүгнэлтийг мөрдөн байцаагчид гаргасан нь мэдээж үндэслэлгүй мэдээлэл байсангүй. Зарим эх сурвалжид Риваг хулгайч хэмээн эндүүрэн Оскар буудсан тухай ч дурджээ.

Сэжигтнийг цагдаа нар цаг алдалгүй баривчлах үеэр нэрт тамирчин шоконд орчихсон байсан гэнэ. “Писториус найз бүсгүйгээ хөнөөсөн нь эргэлзээгүй үнэн. Харин энэ үйлдлийг санаатайгаар хийгээгүй гэдгээ мэдэгдсэн” хэмээн ВВС мэдээлэв. Цагдаагийн машинд “ачигдах” үеэр толгойгоо хүрмээрээ бүтээж, сэтгүүлчдийн нүднээс бултаж байсан Писториусыг зураглаачид аль хэдийнэ дуран авайдаа буулгаж амжжээ. Мөрдөн байцаалтын үеэр 26-тай хэрэгтний ДНК-д шинжилгээ хийхэд сэтгэл зүйн хувьд гүн цочролд орсон гэсэн дүгнэлт гарсан гэнэ.

Энэ явдал зөвхөн Писториусыг төдийгүй дэлхийн олон сая хүнийг шоконд оруулаад байна. Өмнөд Африкийн сэтгүүлч Даниэль Силке “Хүн л юм хойно ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байгаа нь мэдээж. Спортын ертөнц түүнийг андахгүй мэддэг. Писториус паралимпт зургаан удаа аваргалсан төдийгүй Лондоны олимпод эрүүл тамирчидтай уралдсан анхны хөгжлийн бэрхшээлтэй тамирчин” хэмээн харуусангуй ярьсан байна. Өмнөд Африкт гэмт хэрэг их гардаг учраас галт зэвсэг хэрэглэх нь нийтлэг үзэгдэл. Гэвч яагаад нэрт тамирчин гэмт хэрэгтэн болоход хүрсэн нь оньсого хэвээр. Өмнөд Африкийн спортын удирдлагууд, Олон улсын паралимпийн хорооноос уг явдлын талаар ямар ч тайлбар хийгээгүй байна.

Харин Сиднейн олимпийн хүрэл медальт Кэтрин Мерри твиттертээ “Бурхан минь. Тэр жинхэнэ сайн залуу. Гэтэл яагаад ийм явдал болчихов доо” гэсэн үг үлдээжээ. Өчигдөр болсон шүүх хурал дээр аав, ээж болон төрөл төрөгсдөө хараад Писториус эхэр татан уйлсан гэнэ. Түүний авга ах Арнольд “Дүүгээ уг гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж огтхон ч бодохгүй байна. Оскар бол өгөөмөр нинжин сэтгэлтэй, даруухан залуу” хэмээн өгүүлжээ. Өмнөд Африкийн үзэсгэлэнт загвар өмсөгчдийн нэг ийнхүү зуурдаар хорвоог орхисонд ойр дотнынхон нь эмгэнэн гашуудаж буй бөгөөд ойрын үед талийгаач реалити шоунд оролцохоор бэлтгэж байжээ.

Хэвлэлийн төлөөлөгч Сарит Томлинсон нь түүнийг сахиусан тэнгэртэй зүйрлэн ярьсан юм. Писториус өнгөрсөн оны сүүлчээр Риватай хэрэг гарсан байрандаа амьдарч эхэлсэн аж. Хиймэл хөлтний спортын амжилтыг сонирхуулбал паралимпийн гурван наадмаас нийт зургаан алт, нэг мөнгө, хүрэл медаль хүртэж, “Дэгү-2011” ДАШТ-д эрүүл гүйгчидтэй хурд сорин, 4х100 м-ийн буухиад аман хүзүүдсэн бөгөөд Африкийн АШТ-ээс хошой мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Паралимпийн төрөлд дэлхийн дээд амжилтыг хоёронтаа шинэчилсэн билээ.

Ривагийн хувьд 14 наснаасаа загвар өмсөж эхэлсэн бөгөөд “Weekend Post Faces” уралдаанд 2004 онд финалдаж, улсынхаа миссээр тодорч байсан, загварын FHM сэтгүүлийг чимж, “Avon”-ы нүүр царай болж явжээ.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.