Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ҮЗХ-ны 31-р хуралд дээр АН-ын дарга Н.Алтанхуягийн хэлсэн үг

ҮЗХ-ны эрхэм гишүүд ээ,  Журмын нөхөд өө,
        Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн босгон дээр ардчилсан Eрөнхийлөгчийн төлөө болон УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн Yндэсний зөвлөлдөх хорооны хурлаа хийж байснаас хойш багагүй цаг хугацаа өнгөрчээ.
        Би юуны өмнө, өнгөрсөн хугацаанд бид юу бүтээж, юу хийж амжуулав гэдэг асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. АН-ын мянга, мянган гишүүд, дэмжигчид, ҮЗХ, ГЗ-ийн гишүүдийн нөр их хөдөлмөр, УИХ-д Ардчилсан намаас сонгогдсон гишүүдийн  манлайлал дор АН–аас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, анхны ардчилсан Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь АН-ын төдийгүй Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэдэг ард түмний маань түүхэн ялалт байсан юм.  Энэ ялалтыг авчирсан, энэ үйл хэрэгт гар бие оролцсон ҮЗХ-ны нийт гишүүддээ АН-ын удирдлагын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн ялалт, түүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх үе нь АН-ын түүхэнд төдийгүй Монгол Улсын түүхнээ нэгэн тод хуудас болон орох нь дамжиггүй.
        Энэ жил бид Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоо орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.
        Ардчилсан хувьсгалын их баяраа бид зөвхөн Ардчиллын төлөөх намуудын, Ардчиллыг дэмжигч хүмүүсийн баяр мэт явцуу хүрээнд 19 жил даруухан тэмдэглэж ирсэн. Ардчилсан хувьсгалын энэхүү түүхэн үйл явдлыг 20 дахь өвлөөс нь эхлүүлэн Монгол төрийн, Монголын нийт ард түмний баяр болгон өргөн дэлгэр тэмдэглэж байх түүхэн шийдвэрийг бид төр засгийн түвшинд гаргаж чадлаа.  Ардчилсан хувьсгалын партизанууд, АН-ын харьяалалтай хүмүүст хориотой мэт байсан төрийн дээд одон шагналуудыг хүртэх ёстой жинхэнэ эзэд нь хүртэж эхэллээ. 
Ардчилсан хувьсгал нь Монголын ард түмэн гэсэн өөрийн баатартай, тэрхүү ард түмний төлөөлөл болсон Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, Ардчилсан намын үүсгэн байгуулагчдын нэг Эрдэнийн Бат-Үүлээрээ бид бахархаж байна.  Баатруудын баатар Э.Бат-Үүлдээ болон энд цугласан бүх хүмүүсийнхээ өмнөөс амьдрал, ажил үйлс, тэмцэлд нь хамгийн их амжилтыг хүсэн ерөөе.
           Бид 2008 онд ҮЗХ-ны хуралдаанаараа тал бүрээс нь тунгаан хэлэлцэж, хамтарсан Засгийн газарт орж ажиллах шийдвэрийг олонхоороо гаргасан. Энэ шийдвэрийн зөв буруу асуудлаар бидэнд маргах тал байдаг. Энэ маргааны эцсийн хариуг өнөөдөр хэн ч тодорхойлж чадахгүй. Зөвхөн 2012 оны УИХ-ын сонгууль энэ асуудалд эцсийн хариулт өгнөө. Харин бид хамтарсан Засгийн газарт орсноор сүүлийн 6 жил маргалдсан, мэтгэлцсэн, хэзээ шийдэгдэхийг нь хэн ч мэдэхгүй байсан “Оюу толгойн гэрээг байгуулах асуудлыг шийдвэрлэж чадсан гэдэгтэй харин хэн ч маргахгүй байх. УИХ-ын 2008 оны сонгуулийн АН-ын мөрийн хөтөлбөрийн амин чухал асуудлуудын нэг болох “Эрдэнийн хувь”-ийг бодитой болгон хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болсон гэдэгт эргэлзэх хүн байхгүй байхаа. Энэ амжилтын ард манай намын гишүүд, дэмжигч хүн бүрийн хүчин чармайлт, дэмжлэг байдаг гэдгийг цохон тэмдэглэхэд таатай байна.  Ингэснээр  стратегийн ач холбогдол бүхий 15 орд газар,  стратегийн  ач холбогдолтой гэж үзэж болохуйц дараагийн 34 ордыг ашиглаж эхлэх том цувааг хөдөлгөж чадсанд л гол ач холбогдол нь оршиж байгаа юмаа.  Хэрэв АН Засгийн газрыг хамтран бүрдүүлээгүй, цөөнхийн хатуу байр суурин дээр байсан бол энэ асуудал улс төржилтөө гээлгүй өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байх байсан гэдгийг бид бүгд мэднэ.
         Бид Оюу толгойн гэрээтэй зэрэгцүүлэн Хүний хөгжил сангийн тухай хуулийг шинээр батлуулж чадсан. Энэ хуулиар стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн ноогдол хувь, нөөцийн төлбөр ашигласны хувь, гэрээ байгуулахтай холбогдуулан Монгол Улсад төлөх урьдчилгаа төлбөрүүдийг Хүний хөгжил санд төвлөрүүлэх замаар нийт 2,7 сая иргэндээ эрүүл мэнд, нийгмийн даатгал, боловсролын сургалтын төлбөр, шинээр орон сууц авах, тодорхой хэсгийг нь  бэлнээр авч ашиглаж болохыг хуульчлан баталгаажуулсан. Энэ нь АН-ын мөрийн хөтөлбөрт орсон “Эх орны байгалийн баялгаас иргэн бүртээ Эрдэнийн хувь олгоно. Үнэлэгдэх хэмжээ нь нэг сая төгрөг байна. Эрдэнийн хувийн хэлбэр нөхцөл, эх үүсвэр, зориулалтыг хувь иргэн, айл өрх, улс орны хөгжил дэвшилд өгөөжтэй байхаар хуульчлан зохицуулна” гэсэн АН-ын мөрийн хөтөлбөрийн гол зорилтын нэгийг шууд биелүүлэх боломжтой болголоо. Эрдэнийн хувийн эхний жилийн ноогдол ашиг 12О мянган төгрөгийг нийт иргэддээ хуваарилах ажлыг  хамтарсан засгийн газар шийдлээ. Ингэснээр Ардчилсан Нам энэ сонгуулийн хугацаанд  багтаан иргэн болгондоо 1 сая төгрөгийн эрдэнийн хувь өгөх мөрийн хөтөлбөр маань бодитой ажил боллоо. 
        Аливаа асуудал дээр хамтарч шийдвэр гаргана гэдэг асар их тэвчээр, ур дүй, ухаан, цаг хугацаа шаардсан ажил байдаг. Хамтарч зөвшилцөж шийдвэр гаргалаа гэхээр зарим хүмүүс цөөнхийн байр суурь үгүй боллоо гэж шүүмжилдэг. Асуудлыг албан ёсоор дэвшүүлж тавьсны дараа цөөнх өөрийн байр сууриа илэрхийлснээр байр сууриа бусдад мэдрүүлдэг. Цөөнхийн байр суурийг сонсох нь байдаг ч, авч хэлэлцэхгүй байх ньтүгээмэл.  Хамтарч ажиллаж байгаа тохиолдолд цөөнхийн байр суурийг заавал тусган шийдвэрлэсний дараагаар л асуудлаа албан ёсоор тавих боломжтой болдог. Өөрөөр хэлбэл Хамтарсан засгийн шийдэл, шийдвэрүүдэд бидний байр суурь тусгагдсан, Хамтарсан засагт орох шиийдвэрийг манай ҮЗХ гаргаснаар АН-ын дуу хоолой үгүй болоогүй ээ. Харин цөөнхийн дуу хоолойг тухайн асуудлыг дэвшүүлэн тавихын өмнө үү эсвэл дэвшүүлэн тавьсны дараа сонсох уу гэдэгт л гол ялгаа нь оршиж байгаа юм. УИХ дахь АН-ын бүлэг 27 гишүүнтэй. Монгол улсын Ерөнхийлөгч УИХ-аар батлагдаж буй хуулин дахь учир дутагдалтай аливаа асуудлаар хориг тавих Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Эрх зүйн энэ орчинд УИХ-аар батлагдах аливаа асуудалд АН-аас нэр дэвшин сонгогдсон Ардчилсан Ерөнхийлөгчтэйн хувьд зарчмын асуудлаар АН-ын байр сууриа хамгаалах, тусгах өргөн боломж бололцоо байгаа гэсэн үг.
Эрх зүйн энэ орчин, Их хурал дахь хүчний энэ харьцаа, бид бүхний нэгдмэл үйл ажиллагаа нь сөрөг хүчний дуу хоолойг үгүйлэгч зарим хүмүүст хангалттай хариулт болж чадна гэж бодож байна.
         Би хамтарч ажиллах амаргүй ээ гэж дээр хэлсэн. Олонх цөөнхийн зөрөөтэй байр суурийг хангаж байж л аливаа асуудал шийдэгддэг учраас бидэнд цөөнхийн хүчтэй байр суурь нь байна. Харин энэ байдал нь нөгөө талдаа УИХ, Засгийн газрын түвшинд асуудлуудыг цаг алдалгүй хурдан шийдвэрлэхэд асар их хүндрэл учруулж байна. УИХ, Засгийн газар асуудал шийдэлгүй хугацаа их алдаж байна гэдэг шүүмжлэл ч үүнтэй салшгүй холбоотой. Энэхүү эрүүл шүүмжлэлийг намын удирдлагын хувьд хүлээн зөвшөөрч, алдаагаа засч, эрч хүчтэй, улам хурдтай ажиллах талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авахаа илэрхийлж байна.
          Ойрын үед бид юуг хийж бүтээх вэ гэдэг асуудалд одоо анхаарлаа хандуулцгаая. Юуны өмнө Монголчууд бид улс орондоо улс төрийн тогтвортой байдлыг хамгаалан хадгалах явдал нийтлэг эрх ашиг гэдгийг иш үндэс болгох нь чухал. Улс төрийн тогтвортой байдлыг хангаж чадсанаар л бид улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ ахуй амьдралыг өөд нь татах ажлыг хийх боломж олдоно.
  Эхнээсээ хамтрана, хийнэ бүтээнэ гэчихээд замын дундаас болохгүй, бүтэхгүй байна гэж ажлаас зугтан асуудал шийдвэрлэхээс зайлсхийж, хоосон шүүмжлэгчдийн эгнээнд шилжин, зарим хүмүүсийн хэлсэнчлэн хүчтэй цөөнхийг бүрдүүлэх үү. Эсвэл  хэлсэн ярьсандаа тууштай байж улс орныхоо хөгжлийн чухал шийдвэрүүдийг хамтран гаргаж, хөгжлийн шинэ шатанд аваачихад гар бие оролцох уу. Хэлсэн тохирсноосоо буцаж хувиа, намаа бодсон шийдвэр хүмүүсийн дургүйг хичнээн хүргэдгийг 2004 онд байгуулагдсан Хамтарсан засгийг дангаараа унагасан Хувьсгалт намынхны тоглолтоос бид харж болно.  Цагаан сарын битүүний шөнө, үүр цайлган Элбэгдоржийн тэргүүлсэн Хамтарсан засгийг огцруулсан МАХН-ын шийдвэр намынхаа рейтинг, нэр хүндийг тасралтгүй доройтуулсаар 2008 оны сонгуультай золгуулсан. Үүнийг тэр үеийн социологийн бүх судалгаа  харуулсан. Хэрвээ МАХН 1,5 сая төгрөгийн батламж тараагаагүй бол, сонгуулийн тэр их булхай луйвар хийгээгүй бол бид өнөөдөр 27 суудалтай байх ёсгүй байсан. Гэвч энэ нь тусдаа асуудал учир үүгээр орхие. Хэрвээ АН-ын зүгээс санаачилга гарган, хийж бүтээхээс зугтан хоосон шүүмжлэгчийн дүрд шилжиж Хамтарсан засгаас ид ажлын үед өнөөдөр гарнаа гэвэл хүмүүст хэр их шүүмжлэгдэж, 2012 оны сонгуульд очихыг таахын тулд заавал мэргэч төлөгч байх албагүй гэж бодож байна.  Харин Хамтарсан засгийн газрын хүрээнд олон түмний хүлээлтийг  биелүүлэхийн тулд үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд хөгжлийн 20 жилийг хангах их ажлуудыг шахуу хийх нь Монгол Улсын эрх ашигт төдийгүй АН-ын зорилгод илүү нийцнэ гэж үзэж байна.
        Бид Таван толгойн асуудлаа өнөө маргаашгүй шийднээ. Араас нь залгуулаад уран, газрын тосны асуудлаа бас шийднэ. Төмөр замын бодлогоо батална. Сайншандын үйлдвэр технологийн паркаа байгуулна.  Орон сууцны хөтөлбөрүүдээ өргөтгөн эрчимжүүлж улс орон даяар хурдны замаа тавина. Энэ том хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн Монголын Улсын 7,1 их наяд гаруй төгрөгийн үндэсний нийт бүтээгдэхүүн, түүн дотроо жил бүрийн 450 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын бодлогын хязгаарлагдмал цар хүрээнд хумигдалгүй, түүхэндээ анх удаа  санхүүжилтын цоо шинэ механизмыг ажилд оруулан 18 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний  бүтээн байгуулалтын их ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь нэг талаас их бүтээн байгуулалтын ажил гэж харагдаж болох юм.  Харин нөгөө талаас асар их шинэ ажлын байрны бололцоог бий болгоно. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд шинээр бий болно. Зөвхөн Оюу толгойн ордыг ашиглаж эхэлсний эхний үр дүн гарч Улаанбаатар хот, Өмнөговь аймагт тус бүр гурван мянган хүнийг хамруулах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд шинээр нээгдэх гэж байна. Зам, гүүр, төмөр зам, орон сууц барих, шинэ шинэ уурхайг олборлох бүх ажлуудыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд дадлага, мэргэшил эзэмшсэн монгол охид хөвгүүд хийх болно.  Ингэснээр АН-ын мөрийн хөтөлбөрийн амин сүнс болсон “Ажилтай, орлоготой, амгалан амьдралыг бүрдүүлэх” үндсэн нөхцөлийг хангах болноо.   
            АН-ын нэртэй салшгүй холбоотой нэг чухал асуудал бол “Хүүхдийн мөнгө”. Улс орон даяар хавтгайрсан халамжийн бодлогыг цэгцлэх, шинээр гэр бүл болсны болон шинээр төрсөн хүүхдийн мөнгө зэрэг улс төрийн намуудын амлагааны мөнгөнүүдийг зохицуулалтад оруулах зорилгоор дээрх мөнгөнүүдийг Хүний хөгжил санд төвлөрүүлснийг та бүхэн санаж байгаа.     Гэхдээ хүүхэд бүрт сар бүр, улирал бүр олгож байсан мөнгө нь тухайн гэр бүлд байнгын тогтмол орлогын эх үүсвэр болж байсныг анхааран эргэн харж  хүүхдийн мөнгийг сэргээж олгох нь зүйтэй. Энэ талаар  МУ-ын Ерөнхийлөгч УИХ-ын хаврын Чуулганы нээлт дээр саналаа тодорхой илэрхийлсэн. Хүүхдийн мөнгөний асуудлаар 2 намын төлөөлөл орсон хамтарсан ажлын хэсэг УИХ дээр байгуулагдаад ажиллаж эхлээд байна.
         УИХ-ын сүүлийн таван удаагийн сонгууль сонгуулийн мажоритар тогтолцоогоор явагдсан. Улс орны үндсэн эрх ашгаас жижиг тойргийн эрх ашгийг илүүд үздэг, сонгуулиас сонгуульд эрх баригчдыг савлан сонгодог, сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан ч парламентад хэдхэн суудал оногддог, нам хоорондоос гадна нам доторхи талцал, тэмцлийг бий болгодог сонгуулийн одоогийн тогтолцоог өөрчилж улс орны хөгжлийн нэгдсэн бодлогыг хангадаг, сонгогчдын саналыг илүү шударга тусгадаг, иргэний нийгэм дэх намын үүрэг роль, хариуцлагыг  дээшлүүлдэг, сонгуулийн хувь тэнцүүлсэн болон холимог тогтолцоонд шилжиж орох бодит шаардлага бид бүхний өмнө тулгарч байна. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэн гаргасан бөгөөд хувь тэнцүүлсэн болон холимог хувилбарт суурилсан сонгуулийн тогтолцоог дэмжихээр санал нэгдсэн.  УИХ-ын сонгуулийн хуулийг даган орон нутгийн Иргэдийн хурлыг сонгох тухай хууль, улс төрийн намуудын тухай хуульд зохих өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байна. АН төвлөрлийг сааруулж орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх зарчмын байр сууриа хадгалан төсвийн удирдлага санхүүжилтийн хууль, төсвийн нэгдсэн хуулиудын зохих өөрчлөлтүүдийг хийж, орон нутгийн Иргэдийн хурал төсвөө өөрөө захиран зарцуулдаг болох, хөрөнгө оруулалттаа бие даан шийддэг болох эрх зүйн үндсийг бүрдүүлж өгөх чиглэлээр ажиллана. Шаардлагатай гэж үзвэл сум дүүрэг, хотын засаг дарга нарыг бүх нийтийн сонгуулиар сонгодог тогтолцоонд шилжих, улмаар энэ асуудлаар Үндсэн хуулийн хүрээнд бүх нийтийн санал асуулга явуулж ч болох юм. Мах, сүү, ноосон дээр суурилсан орон нутгийн үйлдвэрлэлийн бодлого, устай, утаагүй, түгжрэлгүй Улаанбаатарыг бий болгох төр, засгийн бодлого эдгээрийг хэрэгжүүлэх төр- хүн-мөнгөний шинэ бодлого нь АН-ын мөрийн хөтөлбөрийн шинэ хөдөө, шинэ Улаанбаатар зорилтыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл нь болох учиртай юм.
Манай нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа авилга, хээл хахуультай тэмцэх, Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох асуудал нь Ардчилсан намын гол зарчмуудын нэг цаашид ч байна гэдгийг нотлон хэлэх нь зүйтэй.
          Одоо намын дотоод үйл ажиллагааны талаар хэдэн үг хэлье. ҮЗХ-ны хоёр хурлын хоорондох хугацаанд АН, намын Хэрэг эрхлэх газраа хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх тайланг намын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдээлэл хэлбэрээр ҮЗХ-ны гишүүдэд тараасан учраас энэ талаар давхардуулж ярилгүй зарчмын чанартай ганц хоёр асуудалд анхаарлаа хандуулахыг хүслээ. Олон ургалч үзэл, ардчиллын мөн чанар дээр суурилсан гэдэг утгаараа АН бусад намуудаас тод ялгардаг. Ялангуяа  МАХН-аас ялгарах нэг онцлог нь бид фракц бүлэглэлүүд оршин байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Зуун мянга хол давсан манай намын гишүүдийн хувьд байтугай зуух, голомтоо тойроод сууж байгаа эхнэр нөхөр хоёр ч бие биетэйгээ санал зөрөх зүйл ч амьдралд байдаг л зүйл. АН нь үйл ажиллагааныхаа хүрээнд баталсан дүрэм журмынхаа зарчимд нийцүүлэн бид олонхоороо аливаа шийдвэрийг гаргадаг. АН-ын өнгөрсөн 20 жилийн түүхэнд бидэнд байсан нийтлэг нэг дутагдал бол бид аль нэг фракц бүлэглэлийг бусдаас томруулах, намаас гаргаж байгаа шийдвэрийг хэт нэг талд үйлчлүүлж гаргадаг  байсан. Дөрвөн замын уулзвар дээр хөдөлгөөн зохицуулж байгаа цагдаа зөвхөн нэг талын урсгалыг нэвтрүүлээд байвал тэр уулзвар дээр өчнөөн бухимдал гарах нь ойлгомжтой. Миний бие намын дарга болсноос хойш нэг зарчмыг удирдлага болгон ажиллаж ирлээ. Дөрвөн замын уулзвараар бүх урсгал нэвтрэх бололцоог би хангаж ажиллахыг зорьсон. Тийм ч учраас АН-ын хувьд Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахад, байнгын хороодын дарга нарыг сонгоход, дэд сайдуудыг томилоход энэ зарчим биеллээ олсон. Энэ зарчим хэрэгжиж чадсан учраас УИХ дахь АН бүлэг, Засгийн газар дахь АН-ын сайд нар зарчмын чухал асуудалд нэгдсэн байр сууриа өнөөдрийг хүртэл хадгалж чадсаар ирлээ. Бид талцаагүй үедээ хамгийн хүчтэй байдгаа улс төрийн 20 жилийн туршлагаасаа хангалттай сайн мэднэ. Бид талцсан үедээ УИХ-д ганцхан суудал авч байснаа ч мэднэ. Цуглаад хэлэлцээд суухаараа хамгийн зөв шийдвэрээ харилцан ойлголцож гаргадаг гэдгээ ч бас мэднэ. Цаашид намын Гүйцэтгэх зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, ҮЗХ-ны гишүүдийн улс орны амьдралтай холбоотой чухал мэдээллийг түргэн шуурхай олж авах, тухайн шийдвэрт ҮЗХ-ны гишүүдийн саналыг тусгуулах ажлыг илүү үр дүнтэй хэлбэрт оруулан ажиллах болно гэдгээ намын даргын хувьд илэрхийлж байна.
Эрхэм Журмын нөхөд өө,
Монголын ард түмэн төдийгүй тив дэлхий манай намын түүхэн замнал, хөгжил дэвшлийг анхааралтай харж байдгийг мартах учиргүй. Энэ нь бид түүхэн боломжуудыг алдалгүй ухаанаа уралдуулан эв нэгдлээ хангаж чадвал Монголын иргэн бүр эрх чөлөөтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, элбэг хангалуун амьдрах зорилтыг биелүүлж чадах юм. Бид үүнийг хийж чадах Ардчилсан Намынхан билээ. Түүх биднээр бахархах цаг ирнэ гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.
Ардчилсан Монгол Улс маань үүрд мандан бадрах болтугай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 thoughts on “ҮЗХ-ны 31-р хуралд дээр АН-ын дарга Н.Алтанхуягийн хэлсэн үг