Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Найман хэргийг хуулийн байгууллагад шилжүүллээ

     Аймгийн мэргэжлийн хяналтын газрынхан энэ оны эхний гурван сард аж ахуйн 374 нэгж, байгууллага, 28 салбар, 231 цэг байгууламжид 3190 хүнийг хамруулан хяналт шалгалт хийжээ. 
Шалгалтаар 1187 зөрчил илрүүлэн 558-ыг  нь арилгуулсан байна. Мөн аж ахуйн 283 нэгж, байгууллага, дөрвөн салбар, 129 цэг байгууламжийн 2016 албан тушаалтан, ажиллагсад, иргэнд хяналт шалгалтын дүнгээ мэдээлэн сурталчилжээ. 

Аймгийн мэргэжлийн хяналтын газрын ажилтан Б.Батболдоос дараах зарим зүйлийг тодруулав.
-Та бүхэн шалгалтаараа нэлээд дутагдал зөрчил илрүүлжээ. Үүний зэрэгцээ өөр ямар нэг ажил зохион байгуулсан уу?

-Тийм ээ, бид зөвхөн үзэж шалгахаар ажлаа хязгаарллгүй л дээ. Тухайлбал, тухайн байгууллага, салбарын хамт олны үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх хууль тогтоомжийг сурталчлах ажил хийсэн. Энэ сурталчилгааны ажилд  369 байгууллага, аж ахуйн нэгж, таван салбар, 107 цэг байгууламжид 1556 албан тушаалтан, ажиллагсад, иргэнийг хамруулсан. Аж ахуйн 325 нэгж, байгууллага, 11 салбар, 182 цэг байгууламжийн 1322 хүнд мэргэжил арга зүйн  зөвлөгөөг 97 сэдвээр өгсөн.
-Өнгөрсөн улиралд нэгдсэн шалгалт хийсэн үү?
-Хийсэн.  Жишиээ нь, Баян-Агт, Сайхан суманд эм био бэлдмэл, халдвар судлал, эрүүл ахуй, худалдаа нийтийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээ, мал эмнэлэг, үржил, газар тариалан, ургамал хорио цээр, хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй гэсэн хяналтын чиглэлүүдээр нэгдсэн шалгалт явуулж холбогдох хууль тогтоомж стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг шалган, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа.  Шалгалтын хугацаанд Баян-Агт суманд 69 байгууллага аж ахуйн нэгж, 13 иргэн нийт 408 хүн, мөн Сайхан суманд 61 байгууллага, аж ахуйн нэгж, 313 хүн хяналт шалгалтад хамруулсан. Энэ үндсэн дээрээ мэргэжил арга зүйн зөвлөгөөг 422 хүнд өгч, 33 төрлийн зөвлөмжийг 165 хүнд тарааж, ажилтан албан хаагчдын хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчлах зорилгоор есөн тестээр 163 хүнээс шалгалт авч, хоёр төрлийн сургалт зохион байгууллаа.
-Танайхан салбар чиглэлүүдээр шалгалт хийдэг шүү дээ. Зарим шалгалтын  талаар тодруулан хэлж өгнө үү?

-Тэгье л дээ. Санхүү,  нийгмийн хамгааллын хяналт шалгалтаар нийт 13,5 сая төгрөгийн зөрчил илрүүлсэн. Шалгалтын дүнд 9,9 сая төгрөгийг төсөвт, 2,2 сая төгрөгийг тухайн байгууллагад, 690.2 мянган төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэхээр акт тогтоолоо.  Байгаль орчны хяналтаар Орхон аймгийн иргэн Т.Ганболд хоёр метрийн урттай 487 ширхэг нарсан гуалин зөвшөөрөлгүй бэлтгэн тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаагийн хэлтэст шилжүүллээ. Энэ бол их хэмжээний гэж үзэж болно. Хангал сумын байгаль орчны хяналтын байцаагч зөвшөөрөлгүй мөн 300 гаруй нарсыг ойд бэлтгэчихээд байсныг илрүүлсэн байна.
-Орон нутагт байгаль хамгаалагчид ажилладаг биз дээ?

-Ажилладаг. Гэхдээ байгаль хамгаалагчид ажлын байрандаа буюу зохих газраа тогтмол байхгүй, гарсан зөрчлийг дор бүр нь шуурхай илрүүлэн арилгах талаар олигтой санаачилгатай ажиллахгүй байна. Түүнээс шалтгаалан зүй бус үйлдэл үйлдэх боломж бүрдсэнийг зарим хүмүүс овжин ашиглаад байна. Мөн Хялганат тосгонд байгаль орчны хяналтын улсын байцаагчгүй байгаа нь зөрчил гарах нөхцөл бүрдүүлж байна.
-Зөрчил гаргагчдад ямар хариуцлага хүлгээлгэв?
-Хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхээр 15,4 сая  төгрөгийн хохиролтой 8 хэргийг  шилжүүлсэн.  Шалгалтаар илрүүлсэн зөрчилтэй холбогдуулан 860 мянган төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулсан. Тавьсан торгуулийг төлөхөд тухайн байгууллага, хүмүүс шуурхай хандсанаар 630 мянга буюу 73,2 хувийг  нь барагдуулаад байна. Мөн улсын байцаагчийн акт үйлдэн 394,1 мянга гаруй төгрөгийн 45 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, эм тариаг устгалаа. Яагаад устгав гэвэл, тэдгээр зүйлийн хадгалах хугацаа хэтэрсэн, чанар байдлаа алдаж муудсан, стандартын шаардлага хангахгүй болсон байжээ. Өөрөөр хэлбэл, хэрэглэсэн хүнд хоол хүнс, эм тан биш хор болох магадлалтай болчихсон байсан гэж үзсэн. Холбогдох хууль тогтоомж зөрчин, стандартын шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэг нэгжийн  ажлыг бүрмөсөн, мөн нэг салбар нэгж, долоон цэг байгууламжийн  ажлыг түр хугацаагаар зогсоосон
-Зогсоосон үйл ажиллагааг шалгалтаар сэргээдэг үү?
-Сэргээдэг  Энэ оны нэгдүгээр улиралд хийсэн шалгалтуудаар гэхэд дөрвөн цэг байгууламийн үйл ажиллагааг сэргээгээд байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.