Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАХН-ЫН ЗАЛУУ ҮЕИЙНХЭН ЮУНААС БЭРГЭВ

Муйхар сөрөг дүргүй энэ Парламент уг нь азтай. Гурван суудалтай сөрөг хүчин, гудамжны жагсагчид, албан тушаалыг бялуутай эндүүрдэг улстөрчдөд элдвээр хэлүүлдэг ч хамтын хүчин чармайлтад найдвараа тээсэн эрх баригчид Оюутолгойн гэрээг үзэглэж, Тавантолгойн ордыг одоо өөд татахаар хэлэлцэж сууна. Улс төрийн өнгө будгаар гоёдог байсан төсвийн бодлогоо цэгцлэх гэж тогтвортой байдлыг хадгалах хууль дээр ажиллаж эхэллээ. Үе үеийн Парламентын босго давалгүй уначихдаг байсан нийгэм, эдийн засаг, улс төрийн суурь харилцааг зохицуулсан олон асуудал энэ төрийн үед шил шилээ даран хүлээгдэж байна.

Түүний нэг нь сонгуулийн тогтолцооны тухай хууль юм. УИХ-д суудалтай болон Парламентын гаднах намууд зөвшилцсөний үр дүнд УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив. Монгол Улс нэг тойрог байх, мөнгөний амлалтыг хуулиар хориглох, Парламентын төлөөллийн чанар, тэгш байдал, улс төрийн намуудын ерөнхий зарчим, улстөрчдийн холын хараа, хүсэл эрмэлзлийг төлөвшүүлэх, санал хураалтын явцын дүнг нээлттэй, ил тод болгох, хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчдөөс дурын сонголтоо хийх дэвшилттэй санаа олныг агуулсан Сонгуулийн хуулийн төсөлтэй танилцсан эрдэмтэн, судлаачид хууль санаачилсан явдалд талархалтай хандаж байна. Өргөн бариад буй төсөл нь нийгэм, төрд оруулсан хувь нэмэр, байр суурь, улстөрчийн зангаргаараа ард түмэндээ танигдсан хувь хүнийг сонгох хувилбар.

Санал авсан байх босгыг долоон хувиар тогтоохоор байгаа нь улс төрийн зөвшилцөл рүү намуудыг шахаж, улс төрийн тохиролцоог эрхэмлэсэн орон зайд монголчуудыг “хашиж” эхлэв. 400 шахам сумын сургууль, дээврийг засахад зарцуулдаг төсвийн харалган бодлогыг сонгуулийн шинэ тогтолцоогоор хумьж өгнө. Зөвхөн санал авахад зориулагдсан төсвийн олон мянган үр ашиггүй урсгал (гишүүдийн тэрбум төгрөг гэх мэтийг)-ыг хааж боох гээд УИХ-д суудалтай болон суудалгүй намууд улс төрийн зөвшилцөлд хүрээд байтал чимэггүй мэдээ дуулдах болов. Мөнгө зарж эрх мэдэлд хүрдэг, тэр мэдлээрээ эдийн засгийн хүч нөлөөгөө бий болгодог хэсгийнхэн сонгуулийн тогтолцооны шинэчлэлийн эсрэг хүчээ нэгтгэж байна гэлцэнэ.

Тэр тусмаа сонгуулийн төгөлдөршлийн санаачилгыг гартаа авсан УИХ дахь МАХН-ын бүлгийн цөөнгүй гишүүн сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн эсрэг зохион байгуулалтад оржээ. Улс төрд хэтэрхий яаран орж ирсэн, элдэв бизнестэй хутгалдаж нэр алдраа шаварт хутгасан бүлэг хүн, тэр тусмаа МАХН-ын залуу үеийнхэн сонгуулийн ардчилал, шударга ёсны эсрэг нэгдэж, “архаг” улстөрчидтэй дайн өдөөгөөд байгааг эх сурвалжууд нуухгүй байгаа юм. Тэд юунаас болж бэргэв.

Төсөлд зааснаар “УИХын гишүүн байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай эсэх, эх орон, ард түмнийхээ тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэлтэй эсэх, шударга ёс, хууль дээдлэх ёс, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадвартай байх” гэсэн лут шалгуур нэр дэвшигчдэд тавих юм. Монгол Улс нэг тойрог болсноор мөнгөний хүч нөлөө байхгүй болж, өөрийгөө ард түмэнд таниулж чадаагүй хүн “шаанс”-гүй гэсэн үг.

Шинэ хувилбараар сонгууль явуулбал нам дамжин бүлэглэл үүсгэсэн этгээд, түүгээрээ муу нэр олсон горилогч бол улс төр болоод ард түмэнд гологдох нь. Энэ нь шударга ёсны зарчим билээ. Гэтэл үүний эсрэг МАХН дахь мөнгөний улстөрчид хүчтэй ажиллаж эхэллээ. Тэд жижиг мажоритар тогтолцоог авч үлдэхийн төлөө улайрах болов. Сонгогчдын өнөө маргаашаа аргацаасан амьдралын хэрэгцээн дээр мөнгөтэй хүн тоглоход л мажоритар тогтолцоо зориулагдсан гэж болно.

Ердөө ийм л өчүүхэн бодолтнууд том эрх ашгийн эсрэг хамаг хүчээрээ босоод байгаа нь ил болов. Улс нэг тойрог болвол гишүүн-сонгогчдын эргэх холбоо тасарна, орон нутгийн хөгжил хаягдана гэсэн арга ядсан тайлбар сэлтийг тэд хийгээд эхэлчихсэн байна. Төслийг хэлэлцэх үеэр ийм маягийн тайлбарыг мөнгөтэй улс улиг болтол сурталдах юм гэсэн. Том эрх ашгаараа нэгдсэн Парламент үүнд сөхөрч унахгүй хэмээн найдна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.