Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Урьд нь хэзээ ч энд ТӨРӨӨГҮЙ, БАЙГААГҮЙ юм шиг

Газар шүргэсэн урт цагаан даашинз тай охин шөнийн хотоор алхаж явааг хараад гайхаж байлаа. Нүд унахгүй байхын аргагүй сайхан д а а ш и н з т а й охи ныг би ингэж анх харсан юм. Түүнийг Мөөнөө гэдэг. “Дэлхийд алдартай Долче Габанна, Диорын загварын ордонд ажиллахаас илүү дуртай хамтлаг, д у у ч д ы н х а а хувцсыг урлах нь сайхан санагддаг” гэж ярихдаа жаахан охин шиг инээмсэглэсэн юм. Хэн ч түүнийг хараад 23 настай гэж хэлэхгүй л болов уу. Учир нь тэр инээмсэглэл шигээ жаахан охины дүртэй билээ. Мөөнөөгийн бодол санаа, уран бүтээлийнх нь хэв маяг бусад дизайнеруудаас нэг л онцгой. Зэрвэсхэн харахад ч нүдэнд өртөх цаанаа л чамин, этгээд загварууд түүнийх. “Өөрийн сонсдог хөгмөө загварууддаа шингээдэг гэхийг” нь сонссоны дараа түүний урласан хувцаснаас ямархан нэг хүчтэй хөгжим мэдрэгдэх шиг болсонсон. Тэр өөрөө ч бүтээлээсээ алгагдах зүйлгүй онцгой нэгэн гэдгийг энд онцолмоор байна. Этгээд хувцаслалт, содон дүр төрх нь түүний эрх чөлөөт амьдралыг улам л чимдэг юм. Мөөнөөг залуу уран бүтээлч гэхээсээ илүүгээр өсөх ирээдүйтэй дизайнер гэж тодорхойлбол онох болов уу…

-С1 телевизийн “Их завсарлага” нэвтрүүлэгч чамаар хувцасаа хийлгэдэг гэж ярьж байсан.
-Тийм ээ. Найз маань байгаа юм. Алтернатив дуучин Отгоо, “3 Охин” хамтлагтай хамтран ажиллаж байсан. Одоо бараг л хагас амралтын байдалтай байна.
-Дэлгүүр ажиллуулж байсан больчихсон юм уу?
-“Мaque 69” үү?
-Тийм.
-Аан. Гар урлал, шинэ загвар сонирхдог хүн цөөхөн байсан болохоор үргэлжлүүлж чадаагүй юм. Угаасаа ч олон хүн татах бодол байгаагүй.
-Уг нь их гоё дэлгүүр байсан ш дээ. Урлан шиг…
-Хана, тааз, өлгүүр зэргийг анхнаас нь амьтай юм шиг чимэглэсэн байсан юм. Тэгээд би дэлгүүртээ их хайртай байсан.
-Тэгээд одоо юу хийж байгаа юм бэ.
-“Гоодаль” сэтгүүлд ажиллаж байгаа. Энд тэнд гэрээний ажилтан л хийж байна даа. Урьдахаа бодвол бага ажиллах гэсэн минь энэ.
“Uptown”, “Kiss”, “Play me” гээд л олон сэтгүүлээс чиний загварыг харж байлаа.
-Сэтгүүлд ажиллах сонирхолтой. Сэтгүүлийн редакци ч надтай ажиллах дуртай.
-Чи тэгээд завгүй амьдралаасаа салчихсан юм уу?
-Салаагүй ээ. Амьдрал маань сонирхолтой хэвээрээ л байна. Бүх зүйл сонирхолгүй санагдаад эхлэхээр нь рестарт хийгээд л… Компьютерийн рестарт товч бүх юмыг эхлүүлдэг хэрнээ, яг хуучнаар нь үлдээдэг ш дээ. Яг түүн шиг…
-Юу гэсэн үг вэ?
-Амьдрал маань хуучнаараа үлддэг ч гэсэн ерөөсөө хуучирдаггүй байхгүй юу…
-Чиний хувцаслалт их өвөрмөц санагдаад байдаг юм.
-Би ч олон долоон гоёл чимэглэлгүй хэрнээ этгээд, өвөрмөц харагддаг загваруудад дуртай.

-Загвар бүтээхдээ юунаас санаа авдаг вэ?
-Дуу хөгжим, кино, барилга байшин гээд л явж өгнө. Бүх зүйлээс санаа авдаг. Бидний амьдарч байгаа орчин тэр чигтээ загварын шийдэл шүү дээ. Дээр үеийн Орос хүүхэлдэйн киноны өнгө их таалагддаг юм. Тийм өнгийн хувцас их гоё харагдах байх аа.
-Тийм өнгийн хувцас хийж байв уу?
-Яг тэр өнгийг гаргаж чаддаггүй юм. Харин зургийг нь аваад компьютерээр өнгийг нь сольж болно. Гэхдээ тэр өнгийг харахаас биш өмсөж болохгүй нь харамсалтай юм даа.
-Байгалийн өнгөөр даавуу хийдэггүй юм уу?
-Хийдэг л дээ. Гэхдээ Монголд биш.
-Монголд байдаг даавууны өнгө зохиомол гэж үү?
-Байгалийн өнгө даавуун дээр зохиомол гарах нь бий. Яг өнгөөрөө гарахгүй. Гэхдээ хувцас хийгээд амилуулж чадвал сэтгэл татам өнгөтэй болгож чадна. Бүр байгалийн үнэртэй хувцас гээд л бод…
-Тэгвэл материал сонголтын хувьд…
-Болдог бол материалаа өөрөө хийчихмээр л байдаг юм. Уг нь эргэн тойронд байгаа бүх зүйлсийг материал болгох боломжтой ш дээ. Хотоос гарахад байгаль хэдэн зуун мянган өнгөөр харагддаг. Өвлийн Улаанбаатар ямар ч будгаар дүрсэлж болохооргүй хачин саарал өнгийн материал байх байсан. Музей үзэхэд тааз хана, шал нь есөн жорын хээ угалзтай. Энэ бүгдийг материал болгоод хэвлэхийг хүсэж л байна шүү дээ.
-Тэгвэл чиний өрөө ямар дизайнтай вэ. Даавуу гээд бодвол…
-Маш чөлөөтэй. Яг тийм, ийм гээд тайлбарлах гэвэл олон юм ярих гээд байна. Ямар ч байсан миний сонсдог хөгжим өрөөний маань дизайнд их нөлөөлдөг. Би готик хөгжимд дуртай.
-Өрөө чинь чөлөөтэй байна гэхээр ямар байна гэсэн үг вэ. Хоосон орон зай л санаанд орж байна.
-Дандаа миний дуртай зүйлс байдаг болохоор л миний өрөө чө лөөтэй байж чаддаг. Миний сонсдог хөгжим өрөө ний дизайнд шууд нөлөөлдөг гэж хэлсэн шүү дээ. Дуртай хамтлагийн цомог, зураг гээд л…Сүүлийн үед фото арт сонирхол татаад байгаа. Удахгүй ханаараа дүүрэн хуучны пянз хадах гэж байгаа.
-Хайран юмыг хадаж яах нь вэ?
-Зүгээр дээ. Надад л гоё байвал боллоо. Гэхдээ хайртай пянзнуудаа хадахгүй ээ.
-Хайртай пянзнаасаа нэрлэвэл?
-Найзын маань өгсөн Жонн Леноны пянз.
-Дизайнер хүний өрөө гэхээр л даавуу, зүү утас хөглөрсөн, шалаар нь дүүрэн скиз, сэтгүүл тарсан байгаагаар төсөөлдөг шүү.
-Бас зүү хатгасан манекан гээч. Уран бүтээлийн цагаар л жинхэнэ чиний төсөөлж байгаа шиг болно ш дээ. Яг юм хийгээд эхэлчихээр миний өрөө хэдэн сараар ч хамаагүй тийм байдалтай болчихдог шүү. Ээжийг өрөө цэвэрлэхээр уур хүрээд байдаг юм. Хэн нэгэн миний юманд гар хүрчихээр нэг л баригдмал байдал үүсчихнэ гээч. Гараас ч олигтой бүтээл гарахгүй. Цэвэрхэн өрөө онгодыг маань хийсгэчих шиг санагддаг. Яг л шалаар дүүрэн хөглөрсөн хог новш миний сэтгэлтэй холбоотой юм шиг. -Би чиний загвараас хөгжим сонссон…
-Миний сонсдог хөгжим загварууд дээр минь тод илэрдэг. Харин тэглээ гээд баригдаад байдаггүй ээ. Хэн нэгэн хүсвэл шал өөр загварын хувцас хийж өгдөг. Мэдээж дизайнер хүн юм чинь нэгэн хэвийн байдлаас зайлсхийхийг барим тална. Мөн бусад төрлийн загвараас арай өөрөөр хийх гэж хичээдэг. Гэхдээ тодорхой нэг стиллтэй. Готик, панк. Ерөнхийдөө өөрийн хийж буй хувцасныхаа ямар нэгэн хэсгийг нь заавал өөрийнхөө стиллийг оруулдаг.

-Тэгвэл энэ өрөөнөөс ямар загварын хувцас төрдөг вэ. Ангилал чиглэл гэж бий юү?

-Байхгүй дээ бараг. Хамгийн гол нь өөрийнхөө сонирхол, бодлыг тусгаж өгдөгт загварын онцлог байгаа юм. Ямар ч гаднын нөлөө хэрэггүй. Зөвхөн минийх л гэж хэлж болох загвар бүтээхийн тулд хүссэн зүйлээ чөлөөтэй илэрхийлж гаргах нь чухал. Юунд ч баригдалгүй, чөлөөтэй байдал давамгайлна гэсэн үг шүү дээ.

-Дандаа л эмэгтэйчүүдэд зориулсан загвар зохиодог. Тэдний юуг нь гоё харагдаасай гэж хүсдэг вэ?
-Тухайн эмэгтэйг л сайхан харагдуулах үүднээс бэл хүүсийг анхаар даг. Тийм болохоор корсет хийх дуртай. Хөх, өгзөг бол яах вэ дээ, хүн бүрт л байгаа. Янз бүрийн юм шахуулж, хөхний даруулга энэ тэр зүүгээд л аятайхан харагдуулчихаж болно. Харин эмэгтэй хүний биеийг чимдэг хамгийн гол зүйл нь бэлхүүс. Тэгэхээр эмэгтэй идеалыг бэлхүүс гээд хэлчихэж болно.
-Тэгвэл чиний бэлхүүс ямар вэ?
-Нарийхан. Ямар ч байсан 60 см-ээс хэтрүүлж байгаагүй. Өнөөдөр өглөө үзэхэд 54см байсан.

-Ямар туранхай юм бэ?
-Туранхай биш ээ. Жижигхэн. (инээв) Нас яваад л байдаг. Царай, байгаа байдал нь хүүхэд хэвээрээ үлдчихсэн. Бие нь ч бас жижиг.
-Ер нь яаж энэ мэргэжилтэйгээ “учирсан” юм бэ?
– Ж а а х а н байхаасаа л загвар зохион бүтээгч болно гэж боддог байлаа. Бусад хүүхэд шиг эмч, сансарын нисгэгч энэ тэр биш. Яг л дизайнер. Хамгийн анх хүүхэлдэй гэдэг ү й л ч л ү ү л э г ч т э й байлаа. Харин есдүгээр ангиасаа эхлэн энэ мэргэжлээр сурч эхэлсэн дээ.
-Чи хувцас хийдэг, бид өмсдөг. Тэгэхээр х у в ц а с гэдгийг арай өөр ө н г ө ө р хүлээж авдаг уу?
-Хувцсаар олон зүйлийг амь оруулж болно. Хэрэглээ гэхээсээ илүү урлаг. Орчин үеийн залуус маань нэг үеэ бодвол шинэ загварын хувцсыг олноор туйлшран өмсөхөө больж, аль хэдийнээ өөрийн гэсэн байр суурь, стилл имижээ бүрдүүлсэн. Хувцаслалтаар далимдуулж тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь, зан төрхийг нь тодорхойлох бүрэн боломжтой. Тийм болохоор хувцасыг тэргүүний хэрэглээ болговол зохилтой.
-Хувцас л бол хувцас шүү дээ. Панк хувцас өмслөө гээд яах вэ. Эсвэл бүр эсрэгээрээ хувцас өмсөхгүй бол яах вэ?
-Панк стиллээр хувцаслалаа гээд дотор хүнтэйгээ зөрчилдөж болох гүй. Тэгсэн тохиолдолд тэр хүн зөвхөн хөнгөн хийсвэр буюу худлаа харагдана. Тэгэхээр аль болох дотор хүнээ мэдэрч хувцаслах нь чухал. Гэхдээ дотор хүнээ гаргаад ирэх ёстой гэж ойлгож болохгүй шүү. Үүнийг сайн ойлгож чадвал чи төгс имиж бүрдүүлж чадна.
-Чи төгс имиж бүрдүүлж чадсан уу?
-Тийм ээ. Би дотор хүнтэйгээ зөрчилддөггүй. Гэхдээ би төгс имиж бүрдүүлчихлээ гээд нэгэн хэвийн байна гэсэн үг биш. Моод загвар шинэчлэгдэх тусам аль болох өөрийнхөө гадаад байдлыг хөгжүүлсээр, тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөөр явдаг. Дотор хүнээ гаргаад ирчихсэн явж байж болохгүй шүү дээ.
-Чи дотор хүнээ харж байсан уу. Тэр яг ямар хүн байдаг бол?
-Миний тэр хүн бусдаас хэтэрхий тусгаарлагдмал байх дуртай байдаг юм аа. Тийм учраас хааяа ч гэсэн амьдрал дээр хүчээр баг зүүх хэрэг гарах юм. Яах ч аргагүй. Энэ нийгэм тийм.
-Тэгвэл тэр баг чинь их чухал байх нь ээ. Мэргэжилтэй чинь зөрчилдөх тал байдаг уу?
-Яалаа гэж дээ, байхгүй. Хэрэв зөрчилддөг байсан бол надаас огт бүтээл гарахгүй байх байсан биз.
-Баг чинь ямар хэлбэр дүрстэй вэ. Туулай, эсвэл чоно ч юм уу?
-Чөтгөрийнх. (инээв) Худлаа шүү. Чоно лав биш ээ. Туулай ч биш. Нэг тийм нийтэч хүн. Олны дунд байж л байдаг. Ямар ч байсан газар дээр байж байх ёстой юмны хэлбэр дүрс.

Юутай төстэй байна?
-Мод юм болов уу. Нэг их олон амьтан шавуулчихсан мод байдаг даа.
-Магадгүй. Бараг л юм байна. Мод байх.
-Чи тэгээд өөрийнхөө хэн болчихдгийг мэддэггүй гэж үү?
-Яг юуны дүрстэй гэдгийг нь мэдэхгүй. Мэдмээргүй байна аа. Мэдэх ч албагүй.
-Тэгвэл тэр баганадаа хайртай юу?
-Хайргүй ээ. Энэ талаар яриад яах юм бэ.
-Дотор хүн чинь л их сонирхол татаад байна даа. Тэгвэл өөрийнхөө талаар ярих л болж дээ.
-Би чинь их нууцлаг хүн ш дээ.
-Болж байна. Би нууц задлах дуртай. Чи их олон ажил хийдэг юм байна. Сарын оролго чинь?
-Зөндөө ажилтай ш дээ. Орлого уу? Янз бүр ш дээ. Ямар ч байсан гэрийнхнээсээ мөнгө авахааргүй хэмжээнд гээд л тооцчих.
-Ойрд хүмүүс надад их ганцаардмал санагдаад байх болсон. Чи ч бас.
-Нээрээ, нэг сайхан гав ганцаараа байх юм сан. Хааяа тийм байдалтай байх бөөн таашаал юм шиг санагддаг.
-Ганцаардлаас таашаал хүртдэг гэж ойлгож болох нь ээ?
-Би багаасаа л ганцаараа байхыг илүүд үздэг байсан. Ялангуяа уран бүтээлч хүмүүст элдэв янзын шинэ санаа орж ирдэг болохоор ганцаардмал байх нь таалагддаг байх. Эсвэл юу ч бодолгүй нэг газар тухлаад хөгжим сонсох гоё. Заримдаа би ганцаараа байхдаа хөгжмөө аваад хаа нэгтээ хүнгүй газар эрж олоод тэндээ суучихдаг. Станц дээр Виктор Цой сонсоод суух нь надад хамгийн их таашаал авчирдаг. Тэр үед би хамгийн жаргалтай хүн болно. Урьд нь хэзээ ч энд байгаагүй, төрөөгүй юм шиг санагддаг.
-Ямар станц вэ?

-120 мянгатад нэг хиймэл нууртай цахилгаан станц байдаг ш дээ.

-“Энд” байх тийм муухай гэж үү?
-Бухимдаад. Дандаа л энэ ертөнцийг орхиод явчихмаар санагдаад байдаг. Сүүлд хоёр ч удаа станц дээр гарч Виктор Цой сонсож суусан юм байна. Яг тэр үед очсон юм шиг санагддаг. Нэг л сонин гоё мэдрэмж төрдөг юм аа. Ингээд яриад байсан чинь ганцаараа баймаар санагдчихлаа.

Ийнхүү ярилцаад түүнийг ганцааранг нь орхилоо. Түүний зан араншин загвартай нь хэрхэн зохицдог тухай ярихад илүүц биз. Тиймээс л, Мөөнөөгийн “Made in Mono” гэж тодотгосон загварын цуглуулгаас сонирхуулая.

Т.Ням

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.