Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Кыргызийг хэн удирдах нь чухал биш

Кыргызэд үүссэн ээдрээтэй нөхцөл байдлын цаад шалтгааныг олон янзаар тайлбарлаж байна. Хөшигний ард Москва байгаа гэсэн таамаглал хамгийн түрүүнд гарсан. Ердөө дэргэд нь байгаа АНУын цэргийн баазыг тус улсаас хөөн гаргах гэж Москва Кыргызийн дотоод хагарлыг ашигласан байх магадлалтай. Урьд нь энэ асуудал хэд хэдэн удаа босч ирж, К.Бакиев цэргийн баазыг хаахыг завдаж байсан ч АНУ түрээсийн жилийн төлбөрөө 17 саяаас 63 сая доллар хүртэл нэмэгдүүлэхээр болсноор асуудал намжсан. Мэдээж оросууд үүнд сэтгэл хангалуун байгаагүй нь лавтай. Кыргызийн сөрөг хүчний удирдагчдын нэг Омербек Текебаев Бакиевийг түлхэн унагахад Москва үүргээ гүйцэтгэсэн гэдгийг илэн далангүй мэдэгдээд, “Америкийн цэргийн баазын энд (Кыргызэд) байрлах хугацаа наашлах магадлалтай ” гэж мэдэгдсэн. Үйл явдалд хөндлөнгөөс оролцож, далдаас удирдаж байна гэсэн яриаг Москва эрс няцаасан.

Хэдийгээр К.Бакиев өөрийгөө хууль ёсны Ерөнхийлөгч хэмээн мэдэгдсээр байгаа ч Москва Роза Отунбаеваг Киргизийн удирдагч хэмээн хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн. Р.Отунбаева Америкийн цэргийн баазтай холбоотой одоогийн гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээрээ байна гэж мэдэгдсэн. Тэгэхдээ “Бидэнд үүнтэй (цэргийн бааз) холбоотой зарим нэг асуудал байгаа. Талуудын саналыг сонсож бүх асуудлыг шийдэхэд хугацаа өгөх хэрэгтэй” гэсэн мэдэгдэл хийсэн. Бослого гарах болсон өөр нэг шалтгаан нь Кыргызийн дотоод асуудал гэж зарим ажиглагчид үзэж байгаа юм. Сүүлчийн хэ дэн жил Кыргызэд хүндхэн өвөл болж хүнсний барааны үнэ тэнгэрт хадсан төдийгүй халаалт, цахилгаан доголдож, хөлс нь дахиад задгай зоос ч нэмэх аргагүй болтол дээшилсэн аж.

Өнгөрсөн сард үүнийг эсэргүүцсэн жагсаал Бишкект болсон ч оготны хамраас ч цус гараагүй. Гэтэл ердөө сарын дараа Талас хотод эхлэсэн эсэргүүцлийн цуглаан эмх замбараагүй байдал болон хувирч орон даяар хаврын түймэр шиг дэгдсэн. К.Бакиевт асуудал байсан уу гэвэл байсан. Тэрбээр Парламентыг өөрийн дэмжигчдээр дүүргэж, тэрс үзэлтнүүдийг системтэйгээр зайлуулсан төдийгүй сүүлийн үед сонгууль луйвардсан, хүний эрх бүдүүлгээр зөрчиж байгаа тухай асуудал босч ирсэн. Олон улсын зүгээс ч шахалт ирэх болсон юм. Энэ бүхэн дээр бараа бүтээгдэхүүнийн үнэ нэмэгдэж байгаад дургүйцсэн олон нийтийн уур хилэн нэрмээс болсон нь гарцаагүй. “Нью-Йорк таймс” сонинд бичсэнээс үзэхэд К.Бакиев улс төрчийнхөө хувьд өмнөх Ерөнхийлөгч А.Акаевтай харьцуулах аргагүй чадварлаг, зальжин удирдагч аж.

Манас агаарын цэргийн бааз тойрсон Кремль, Цагаан ордны зөрчил дээр тун чадварлаг тоглож, сөрөг хүчний сул дорой байдлыг овжин ашиглаж байв. Сөрөг хүчний намууд 2009 оны сонгуульд эвсэл болон оролцож, Алмазбек Атамбаевийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн ч нөгөөх нь ердөө найман хувийн санал авч байв. Кыргызэд сая болсон үйл явдлын үеэр А.Атамбаев огт харагдсангүй, ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй. Туйлдаж доройтсон ард түмний амьдралыг нэн яаралтай өөд татаж, ав лигын сүлжээг устгахгүй л юм бол ямар ч засаг байлаа гэсэн Кыргызэд удаан оршин тогтнох боломжгүй болсон гэдэг нь харагдаж байна.

Түр Засгийн газарт гаднын тусламж, мөнгө зайлшгүй хэрэгтэй. Харин Кремлиэс авах уу, Вашингтоноос авах уу гэдгийг тэд өөрсдөө шийднэ. Хэт нэг талыг барих нь бас л аюултай болохыг “Алтанзулын хувьсгал” тодорхой харуулсан. Афганистанд байлдаж буй цэргийнхээ хангалтыг Манас цэргийн баазаар дамжуулан хийдэг АНУ-ын хувьд Кыргыз стратегийн түшиц газар учир орхих сонирхол байхгүй нь лавтай. Хажуу бөөрөнд нь АНУ-ын цэргийн бааз байх нь Москвад бас л таалагдахгүй. Эцсийн бүлэгт Вашингтон, Москвагийн тохиролцоогоор л Кыргызийн асуудал шийдэгдэнэ. Их гүрнүүдийн хувьд асуудал өөрсдөд нь ашигтайгаар шийдэгдсэн тохиолдолд хэн гэдэг “кыргыз” Кыргызийг удирдах нь чухал биш бололтой. Хэрэг гарвал солиод л байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.