Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Долдугаар сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмнэ

УИХ-ыг тарахыг шаардсан иргэний хөдөлгөөний төлөөлөл Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй учраас АН, МАХН улс төрийн амлалтаа хэрэгжүүлэх талаар “түргэн аваад” буй. МАХН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар энэхүү амлалтыг хэрхэн хэрэгжүүлэх тухай Засгийн газрын төлөвлөгөөтэй танилцаж, холбогдох сайд нараас тодруулга авчээ. Засгийн газар 1.5 сая төгрөгийн 500.000 төгрөгийг бэлнээр, үлдсэн мөнгийг орон сууцны төлбөр, боловсрол, эрүүл мэндийн даатгал зэрэгт зарцуулахаар ярьж буй. Амлалтаа бэлэн бусаар болон бэлнээр олгохдоо иргэдийн саналыг сонсож, сонголт хийх боломж үлдээх аж. Энэ талаар МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцангаас тодрууллаа.
-Тэтгэврийн даатгалд хамрагдаагүй 800 мянган хүнийг амьжиргааны баталгаатай болгож, эрүүл мэндийн даатгалгүй 400.000 хүний болон сургалтын төлбөрийн эрхийн асуудал, орон сууцны төлбөр хийх эрх зэргийг шийдэх хэрэгтэй байгаа. Байгалийн баялгийн хишиг болох бэлэн мөнгийг улирал бүр үе шаттайгаар өгье гэв. Мөн банкинд өртэй  малчдын зээл, эсвэл зээлийг хүүг төлөхөд зарцуулах, иргэд бэлэн мөнгөө нийлүүлээд үйлдвэр байгуулж хувьцаа эзэмших гэх мэт хувилбар байна.
-Цалин, тэтгэврийг нэмэх тухайд ямар төлөвлөгөө байна вэ?
-Долдугаар сарын нэгэн, аравдугаар сарын 1-нд үе шаттайгаар нэмэхээр төсвийн тодотголд тусган оруулж ирэхээр ярилаа.
-УИХ-ыг тараах эсэх асуудлаар ард түмний санал асуулга явуулахыг өлсгөлөн зарлагчид шаардсан. Үүнд ямар хариу өгөх бол?
– Ард түмэн сонгуулиар л санал асуулгаа явуулчихаж байгаа шүү дээ.Тавьж буй шаардлагад хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэвч өлсгөлөн бол хүний амь нас, эрүүл мэндэд халтай үйлдэл учир тэд эргэж байр сууриа харж үзээсэй гэж уриалах байна. УИХ-ын гишүүдээс тодорхой асуудлаар санал солилцож уулзахад бэлэн. Энэ ер нь нэлээд ярвигтай асуудал.

Т.Ганди: Цалин нэмэхтэй холбоотой үүсэх эрсдэлийг судалж байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Халамжийн  тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигаас лавлав.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас аймаг орон нутагт хуваарилагдаж байгаа мөнгөний хэмжээг сум, бригад дахь ажлын байрны эрэлттэй холбох, зээлийн хүүг  нэмэх гэх мэтээр төсөлд тусгасан. Мөн  хоршоолол, нөхөрлөл  хэлбэрээр ажиллаж буй ажлын байр бий болгогчдод олгох зээлийн хэмжээг нэмэхээр байгаа. Аж ахуйн нэгжид 20 сая, хувь хүнд таван сая хүртэлх төгрөг олгож байна. Мөн асрамжийн газраас гарч байгаа 18 хүрсэн болон гадаадад  ажиллаж байгаад ирсэн, хорих газраас  суллагдсан   залуус,  40-өөс дээш насныхныг ажлын байраар хангах талаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд тусгасан.
-Эрүүл мэнд, боловсролын салбарынхны  цалин нэмэх тухайд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Салбарын түвшинд хэчнээн төгрөгийн нэмэгдэл гаргах боломж байна, тэр нь инфляцтай яаж уялдах юм гэх мэтээр Засгийн газар судалгаа хийж байна. Хөдөлмөр нийгмийн зөвшилцөл хийх нөгөө хоёр талдаа саналаа тавина. Хэлэлцээрийг НХХ-ийн сайд удирддаг. Засгийн газраас ирэх лхагва гаригт /маргааш/ хоёр салбарын болон төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн талаарх танилцуулгыг хийхээр төлөвлөж байна. Зөвшилцөж, ойлголцох байх.
Монголд хөдөлмөрийн чадамжтай хоршоолол, нөхөрлөл байдлаар ажиллаж буй сая гаруй хүн байгаагийн 154.000 нь төрийн албан хаагч. Тэдний цалинг тодорхой хэмжээнд нэмлээ гэхэд хувийн хэвшлийнхэн нь цалингийн нэмэгдлийг дагаж хийх боломж, эх үүсвэр бий юү гэдгийг судалж, ярилцана. Цалин бол эдийн засгийн нэг талын хэмжээ. Үүнийг дагаад амьжиргаа, тэтгэврийн болон хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээ нэмэгдэнэ. Эдгээрээс болоод барааны тогтмол үнэ өсвөл Засгийн газар ямар арга хэмжээ авахыг ч төлөвлөж байна.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.